О.Сэнгээмаа: Иод бол хүүхдийг эрүүл саруул өсч, бойжих үндсэн эрдэс бодисын нэг

Иодын дутагдал нь хүний бие махбодь, оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлж, оюуны чадамжийг 10-15 хувь хүртэл бууруулдаг болохыг Олон улсын түвшинд хийгдсэн судалгаанаас харж болно. Тиймээс ч иодын дутагдлаас сэргийлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Бид энэ удаад БЗД-ийн ЭМТ-ийн Эмнэл зүйн хоол зүйч О.Сэнгээмаатай иодын хэрэглээний талаар ярилцлаа.

Иод гэж ямар бодис вэ. Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?

Иод бол хүүхдийг эрүүл саруул өсч бойжих үндсэн шим бодис гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хүнийг оюуны  чадамж өндөр байх, бамбайн булчирхайн үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг ач холбогдол бүхий бодис юм.

Хүний биед иод дутагдах нь ямар сөрөг нөлөөллийг үзүүлдэг вэ?

Монголчуудын дунд иодын дутагдалд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, насанд хүрэгчид  ихээр өртөж байна. Иод дутагдлын эмгэг ураг эхийн хэвлийд байх үед буюу ургийн үед дутагдсанаар амьдрах чадвар муудах, тархи, мэдрэлийн эрхтэний хөгжил саатах, ураг зулбах, дутуу эсвэл амьгүй төрөх, жин багатай хүүхэд төрөх зэрэг эрсдэлтэй байдаг. Түүнчлэн хүүхдэд бамбай булчирхай томрох шинж тэмдэг илэрч болно. Үүнээс гадна оюун ухааны хомсдол үүсэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл сэтгэхүйн хөгжил хоцрох, сонсгол хэл ярианы согог илрэх, хөдөлгөөний эрхтэн саажих, өсөлт хөгжил хоцрох зэрэг эрхтэн тогтолцолцоонд сөрөг өөрчлөлтүүд гарч болзошгүй. Харин насанд хүрсэн хүнд бамбай булчирхай томрох, зангилаат бахлуур үүсэх магадлалтай байдаг. Мөн бамбайн дааврын үйлчлэл хүртдэг эрхтэнүүд болох зүрх, тархи, элэг, бөөр, булчингийн үйл ажиллагааны хямралд өртөх эрсдэлтэй

Иод дутлаас сэргийлэхийн тулд иоджуулсан давс хэрэглэх хэрэгтэй гэж сонссон. Иоджуулсан давсыг хэрэглэх нь үр дүнтэй юу?

Иоджуулсан давс хэрэглэж иод дутлаас сэргийлэх бүрэн боломжтой. Иоджуулсан давс хэрэглэх нь бие махбодийн иодын хэрэгцээг хангах хамгийн тохиромжтой аргын нэг юм. Иоджуулсан давс хэрэглэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй. Монгол хүн хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэдэг гэж үзвэл хоногт авах 100-150мкг иодоо хангалттай хэмжээгээр авч чадна. Харин иоджуулсан давсыг хэрэглэхдээ хадгалах, тээвэрлэх нөхцлийг анхаарах хэрэгтэй. Тодруулбал тагтай саванд гэрлийн нөлөөнөөс хамгаалж хадгалах, хэт халуун, чийгтэй газар хадгалахгүй байх нь зүйтэй. Иоджуулсан давсыг хоол хүнсэндээ хэрэглэхдээ ердийн давстай адил хоол боловсруулах аль ч үед хэрэглэж болно. Иоджууулсан давсыг зохистой хэмжээгээр байнга хэрэглэснээр тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжил  нэмэгддэг учраас хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд түлхүү хэрэглэх нь зохимжтой байдаг. 

Иод дутагдах нь олон эрсдэл дагуулдаг юм байна. Тэгвэл иодын дутагдлаас сэргийлэхийн тулд ямар хоол хүнс хэрэглэх нь зүйтэй вэ?  

Иод нь далайн  гаралтай бүтээгдэхүүнд их хэмжээгээр агууллагддаг. Сүүлийн үед хүмүүсийн байнга хэрэглэх болсон далайн замаг, бүх төрлийн загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэснээр иодыг нөхөх боломжтой.

Мөн ус, хөрс болон зарим хүнсний бүтээгдэхүүнд иод агуулагддаг боловч хүн болон амьтны бие махбодийн хэрэгцээг хангахуйц хангалттай байдаггүй. Тиймээс иод дутлаас сэргийлэхийн тулд иодоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг өдөр бүр тогтмол хэрэглэх хэрэгтэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)