Зүрхний шигдээс

Монгол улсад зүрх судасны эмгэг нь халдварын бус өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж, жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Сүүлийн үед зүрхний ишеми өвчин зүрхний шигдээсээр хүндрэх тохиолдлууд нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдралын хэв маягийн өөрчлөлт, хот суурин газрын төвлөрөл, нягтаршил, стресс, агаарын бохирдол  зэргийн хор хөнөөл их байгаатай холбоотой.

Зүрхний шигдээс гэж юу вэ?

Зүрхний шигдээс гэдэг нь зүрхний булчингийн цусан хангамж хомсдосноос зүрхний булчин үхжихийг хэлдэг.

 Шалтгаан

Зүрхийг тэжээгч судас (титэм судас хэмээн нэрийддэг) цусны бүлэнгээр бөглөрснөөс ихэвчлэн үүднэ. Өөх тосны (холестерин) бөөгнөрөл судасны хананд шигдэн товруу үүсгэнэ. Товруу задарч, шархалсанаас цусны бүлэн үүсэж, улмаар судас бөглөрдөг. Цөөн тохиолдолд титэм судас агшсанаас зүрхний шигдээс үүсэж болно.

Өнгөрч буй минут бүрт зүрхний булчингийн үхжлийн талбай нэмэгддэг. Хэрвээ цусны эргэлтийг хугацаанд нь эргэн сэргээж чадвал зүрхийг аврах боломжтой.

Зовиур шинж тэмдэгүүд

Зүрхний шигдээсийн шинж тэмдэгүүд нь янз бүр байна.     Зүрхний шигдээс болж буй бүх хүнд нийтлэг шинж тэмдэг илрэх ба зарим тохиолдолд адил байдлаар илрэхгүй. Ихэвчлэн цээжний өвдөлтөөр илэрдэг.

Зүрхний шигдээс ямар ч үед тохиолдож болно – ажлаа хийж байхад, тоглож байхад, амарч байхад, хөдөлж явж байхад.

  • Өвчүүний араар дарах, бачуурах эсвэл базах мэт өвдөлт хэдэн минутын турш илрэх
  • Өвдөлт мөр, гар, нуруу эсвэл шүд эрүү рүү дамжих
  • Өвдөлтийн хүч нэмэгдэх
  • Хэвлийн дээд хэсгээр удаан үргэлжлэн өвдөх
  • Амьсгал давчдах
  • Хүйтэн хөлс гарах
  • Үхлийн айдас төрөх
  • Ухаан балартах
  • Дотор муухайрах, бөөлжих (ходоодны хурц үрэвсэлтэй төстэй)

Хэдийд эмчид хандах вэ?

Дээрхи зовиур шинж тэмдгүүд илэрсэн үед яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Зүрхний шигдээсийн үед түргэн шийдвэр гаргах, арга хэмжээ авах нь чухал байдаг. Ихэнх хүмүүс чухал шинж тэмдгүүдийг мэддэггүйгээс хугацаа алддаг. Доорхи алхамуудийг мөрдөх хэрэгтэй:  

  • Яаралтай тусламж дуудах.
  • Хэрэв зөвлөсөн бол нитроглицерин уух.
  • Хэрэв зөвлөсөн бол аспирин уух.

Арван (10) минут таны амь насыг аварна!

Эрсдэл хүчин зүйлүүд

  • Нас: эрэгтэй>35, эмэгтэй>45 нас
  • Тамхи. Тамхи татах болон удаан хугацаагаар дам тамхиталтанд өртөх
  • Чихрийн шижин өвчин (ЧШӨ). ЧШӨ нь зүрхний шигдээсийн эрсдлийг ихээр нэмэгдүүлдэг
  • Артерийн гипертензи; (цусны даралт ихдэх). Цусны даралт өндөр байх нь судсыг гэмтээж, судас хатуурлыг түргэсгэдэг.  
  • Цусны холестерол эсвэл триглицеридийн түвшин өндөр байх.
  • Зүрхний шигдээс болж байсан гэр бүлийн түүхтэй. Хэрэв таны ах, дүүс, эцэг эх, өвөө, эмээ зүрхний шигдээс тусч байсан бол та өндөр эрсдэлтэй байх боломжтой.
  • Хөдөлгөөний дутагдал. Амьдралын идэвхигүй хэв маяг нь цусны холестеролын ихэсгэж, таргалалт үүсгэнэ.  
  • Таргалалт (биеийн жингийн индекс 30 эсвэл түүнээс дээш).
  • Стресс.
  • Хууль бус эмийн хэрэглээ. Кокайн, амфетамин зэрэг сэргээх эм титэм судасны агчил өгсөнөөр зүрхний шигдээс үүсгэж болно.                   

Оношилгоо

  • Зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ): Энэ нь зүрхний шигдээсийг оношлоход хэрэглэгддэг анхан шатны шинжилгээ юм. 
  • Цусны шинжилгээ: Зүрхний шигдээсийн үед зүрхний булчин гэмтсэнээс зүрхний тодорхой ферментүүд цусанд аажим ялгардаг.    

Нэмэлт шинжилгээ

  • Цээжний Рентген зураг: Рентген зургаар зүрх болон том судсуудын хэмжээ, уушгинд шингэн хуримтлагдсан эсэхийг шалгана.
  • Зүрхний ЭХО: Зүрхний эхо оношлогоогоор зүрхний булчингийн гэмтлийн байрлал, зүрхний агших үйл ажиллагаанд үнэлгээ хийх боломжтой.
  • Титэм судасны зураг авах (aнгиограмм): Энэ шинжилгээгээр нарийссан артерийг тодорхойлдог (байрлал, нарийслын зэрэг).
  • Ачаалалтай зүрхний бичлэг: Энэ шинжилгээгээр зүрх болон судсуудын ачаалал даах чадварыг тодорхойлдог.
  • Зүрхний компьютер томографи (КT) эсвэл соронзон хэлбэлзэлт дүрслэл (MRI). Эдгээр шинжилгээнүүд зүрхний гэмтлийн байдлыг тодорхойлдог.

Эмчилгээ

Зүрхний шигдээсийн эмчилгээ шигдээсийн нөхцөл байдлаас шалтгаална. Эмийн эмчилгээ, эсвэл хатгалттай ажилбарууд хийх нь биеийн байдлаас болон зүрхний гэмтлийн хэмжээнээс хамааран шийдэгдэнэ.

Зүрхний шигдээсийн үед хэрэглэгддэг эмүүд

  • Аспирин. Цусны бүлэн үүсэхээс сэргийлдэг.
  • Бүлэн уусгагч. Цусны урсгалыг саатуулж судсыг бөглөсөн бүлэнг уусгах үйлчилгээтэй. 
  • Бусад цус шингэлэх эмүүд - гепарин нь цусны зуурамтгай байдлыг бууруулж, бүлэн үүсэх эрсдлийг багасгана.
  • Өвдөлт намдаагч. Хэрэв өвдөлт ихтэй бол өвдөлт намдаах эм хэрэглэнэ
  • Нитроглицерин. Цээжний өвдөлтийг (зүрхний бах) намдаан, артерийн судсыг түр зуур тэлж, цусны урсгалыг сэргээнэ.
  • Бета хориглогч. Зүрхний булчинг сулруулж, зүрхний цохилтын тоог цөөрүүлж  артерийн даралтыг бууруулснаар зүрхний ачааллыг багасгана.
  • Холестерол бууруулах эмүүд. Статинууд, никотины хүчил, фибратууд  

 

Мэс засал болон бусад ажилбарууд

  • Титэм судсан дотуурхи эмчилгээ болон тэлэгч тавих. Судсан дотуурхи эмчилгээг яаралтай хийх нь бөглөрсөн артерийг нээж цусны эргэлтийг сэргээнэ. 
  • Титэм судасны мэс засал. Зарим тохиолдолд титэм судасны яаралтай мэс засал хийж, артер эсвэл венийн судас залган нарийсал эсвэл бөглөрөлийн дараах хэсэгтэй холбодог.

Хүндрэлүүд:

Зүрхний шигдээсийн хүндрэл нь ихэвчлэн шигдээсийн үед үүссэн зүрхний булчингийн гэмтэлтэй холбоотой илэрдэг:

    • Зүрхний хэмнэл алдагдах (аритми).
    • Зүрхний дутагдал. Зүрхний гэмтсэн эд их байх тусам зүрхний цусаа шахах үйл ажиллагаа хангалтгүй болно.
    • Зүрхний урагдал. Зүрхний шигдээсийн улмаас суларсан зүрхний булчин урагдаж болно. Энэ нь ихэвчлэн амь насанд аюултай байдаг.
    • Зүрхний хавхлагын гэмтэл. Зүрхний шигдээсийн улмаас зүрхний хавхлаг гэмтэх нь амь насанд халтай дутуу хаагдал үүсгэх боломжтой.  

 

Амьдралын хэв маяг, гэрийн эмчилгээ

  • Тамхи татахгүй байх. Зүрхний байдлыг сайжруулах хамгийн чухал алхам нь тамхи хаях юм. Дам тамхидалтаас зайлсхийх.
  • Цусан дахь холестрин хянах. Зүрхний шигдээсийн дараа 3-6 сар тутам холестерины түвшинг хянуулж байх.  
  • Эмнэлгийн тогтмол үзлэгт орж байх  
  • Цусны даралтаа хянаж, тэмдэглэл хөтлөх
  • Тогтмол хөдөлгөөн. Зүрхний шигдээс болсноос 14 хоногийн дараа тусгай хөтөлбөрийн дагуу сэргээн засах  эмчийн хяналтанд хөдөлгөөн засал эмчилгээ эхлэнэ. Энэ нь зүрхний шигдээсийн дараа зүрхний булчингийн сайжралд эерэг нөлөөтэй.  
  • Эрүүл жингээ барих. Биеийн илүүдэл жин нь зүрхэнд ачаалал өгөхөөс гадна холестерол ихсэх, цусны даралт өсөх болон чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг.  
  • Зүрхэнд халгүй хооллолт – ханасан өөх тос болон холестерол өндөртэй хоол хүнс зүрхний артерийн нарийсал үүсгэнэ.  
  • Бухимдлаас ангижрах.
  • Хэрэв архи согтууруулах ундаа хэрэглэдэг бол тэвчих.  

  

Эх сурвалж: “Тархины цэнэг төсөл”

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)