Олимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр

Хүн төрөлхтний баяр цэнгэл олимпийн их наадамд монголчууд анх удаагаа багийн спортын төрлөөр оролцох болзол биелүүлснийг олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ сарын 1-нд зарласан. Бид 3х3-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн нэг өдрийн бэлтгэлийн үйл явцаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.

Шигшээ багийнхан бэлтгэлээ бидний нэрлэж заншсанаар 64-т байрлах “Орчлон” сургуулийн ойролцоох зааланд хийдэг юм байна. Жил хүрэхгүй хугацааны дараа эхлэх олимпийн наадамд оролцохоор болоод буй эмэгтэйчүүдийн шигшээ баг эрчимжүүлсэн бэлтгэлдээ оржээ. Бэлтгэл 19:00 цагт эхлэхэд баг тамирчид бүрэн жагсжээ. Сагсан бөмбөгийн спортын мастер Д.Ганзул, спортын мастер Э.Чимэддолгор, спортын мастер Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, П.Цэрэнлхам, Б.Нандинцэцэг, Г.Минжин шигшээ багт дуудагдаад байгаа юм байна.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Тулга “3х3-ын сагсан бөмбөг 2017 онд олимпийн хөтөлбөрт багтсан. Энэ цагаас хойш л сагст дур сонирхолтой хүүхдүүдийг цуглуулаад л багийн спортоор олимпод оролцох том зорилго өмнөө тавиад хамтдаа зүтгэсэн. 160 гаруй багаас шилдэг найман багт шалгарч олимпод оролцох болно гэдэг биелэгдэхэд хэцүү л санагдаж байсан. Гарч болох эрсдэлүүдийг зөв тооцоолж бодлогоо зөв тодорхойлж байж энд ирлээ. Одоо олимпод амжилт гаргах зорилго өмнөө тавиад явж байна” гэв.

Тэд дэлхийд сагсан бөмбөгийн хөгжлөөр тэргүүлдэг ОХУ, АНУ, Серби зэрэг хүчирхэг багуудын эсрэг хэрхэн тоглох, бид тэднээс ямар чанараар давуу болохоо зөвлөлдөж сууна. Багийн ахлагчаар спортын мастер Д.Ганзул ажиллаж байгаа юм байна. Тэрбээр “Энэ жил тамирчны замналд нөлөөлөх олон чухал тэмцээнтэй байсан. Тэр ч утгаараа багийнхан маань бүгд ажлаасаа гарч зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарсан. Давхар ажил хийдэг байхад амжилт ахихгүй байсан. Ажлын ачааллаа больж бэлтгэлээ хийснээр амжилт эрс ахисан. Бие сэтгэл зүйд ч өөрчлөлт ордог юм билээ. Багийн тоглогчид ч бие биенээ илүү сайн ойлгож, гар нийлдэг болсон” гэв. Сагсан бөмбөгийн спортоор 10 орчим жил хичээллэж буй тэрбээр Хөгжлийн банкинд мэргэжилтнээр ажиллаж байжээ. “Гэр бүлийн хүн маань БНСУ-д ажиллаж байгаа. Харин охиныг минь Дарханд аав, ээж маань хардаг юм. Манай гэр бүл гурван талд л амьдарч байна. Спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн маань үргэлж дэмждэг” гэж Д.Ганзул ярилаа.

Сүүлд 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг наймд шалгарсан багийн гишүүд зааланд цуглажээ. Эдгээр охид бүгд оюутан аж. Хэдий хичээлтэй ч бэлтгэлээс минут ч хожигдолгүй ирцгээжээ. Тэд нэг баг, нэг гэр болсон нь харилцаанаас нь ажиглагдана. Бөмбөг чадварлаг эзэмшиж, багийнхаа довтолгооныг найруулах намхан охин бол Ганбатын Минжин. Шигшээ багийн хамгийн залуу тамирчин тэрбээр МУИС-ийн оюутан юм байна. Мэргэжлийн сагсан бөмбөгч болохоор сэтгэл шулуудсан түүнийг гэр бүлийнхэн нь ч дэмждэг юм билээ. Түүний хувьд энэ оны 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Германы эсрэг хожлын шидэлт амжилттай болгож монголчуудыг огшоож байсан гавьяатай охин.

Таяг тулж, зүүн хөлөө зузаанаар боосон охин багийнхаа бэлтгэлийг анхааралтай үзэж суусан нь 23 хүртэлх насны шигшээ багийн гишүүн П.Цэрэнлхам ажээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлний зөөлөн эдээ бэртээсэн нь илааршиж байгаа гэнэ. Гэмтэлтэй байгаа ч хэрэгжүүлж буй хувилбар комбинацыг нь харж, суралцах нь залуу тамирчны цаашдын хөгжилд нь хэрэгтэй талаар багийн эгч нар нь хэлж байв. П.Цэрэнлхамын тухайд Тайваньд сагсан бөмбөгийн боловсрол эзэмшжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд шалгарсан хөвгүүдийн 18 хүртэлх насны шигшээ багийнхан эмэгтэй шигшээ багийн бэлтгэлийг хангаж өгч байгаа юм байна. Олон улсад өрсөлдөх хэмжээнд хүрчихсэн залуусын эсрэг эмэгтэй шигшээ багийнхан ч бэлтгэл дээр ширүүн өрсөлдөөн үзүүлж байна лээ. Энэ нь эмэгтэй шигшээ багийн тамирчдын тэвчээр болоод эрэгтэйчүүдийн шигшээ багийн залгамж халааг бэлтгэхэд ач тустай талаар дасгалжуулагч С.Тулга ярьж байна. 18 хүртэлх насны шигшээ багт газар газрын залуус байдаг юм байна. Жил гаруйн өмнө нь Завханд хонио хариулаад явж байсан Авирмэд гэж хүү 3х3-ын өсвөрийн шигшээ багийн гол тамирчин, салшгүй хэсэг нь болжээ.

ШИГШЭЭ БАГ СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Манайд спортын сэтгэл зүйчийн үүргийг лам бөө нар гүйцэтгэдэг гэх яриа тамирчдын дунд байдаг. Тамирчдын сэтгэл зүй тааруу байдаг нь ч олон улсын тэмцээний үеэр анзаарагддаг. Эцсийн шүгэл дуугараагүй байхад баярлаж медалийн үзүүрээс атгаад алдсан жишээ манайханд хэд хэд бий.

Харин 3х3-ын шигшээ багийн тамирчид спортын сэтгэл зүйч Б.Золзаяатай хамтарч ажиллаж байгаа юм байна. Түүний хувьд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяатай хамтарч ажиллаж олимпийн мөнгөн медальд хөтөлж байсан туршлагатай нэгэн юм.

Тэрбээр “Спортын тэмцээн уралдаанд оролцож буй тамирчид нэг түвшинд ирсэн өнөө үед сэтгэл зүйн асуудал чухал. Нэг техник, нэг тактик бэлтгэхдээ сэтгэл зүйг хамтад нь суулгаж өгснөөр богино хугацаанд илүү сайн үр дүн гардаг. Өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож байгаа тамирчдад айдас байх ёсгүй. Ийм байж өрсөлдөгчөө, сэтгэл зүйн дайн тулааныг давж гарна. Миний хувьд энэ талаар зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

Багийн сэтгэл зүйч тамирчдад хандаж өдрийн тэмдэглэл тогтмол хөтлөх, гар утасны хэрэглээгээ хязгаарлах, сайн нойртой байх, гадуур хоол идэхгүй байх, хүнсээ өөрсдөө бэлтгэж байх зэрэг зөвлөмж өгч байсан юм. Үүнээс гадна чөлөөт цагаараа хүнтэй улзаж явахыг хориглож байв. Шигшээ багийн тамирчдыг хамт амьдруулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн Леброн Жеймс, Коби Брайнт гэх мэт алдартай тамирчид ямар замаар явж өндөрлөгт хүрсэн талаар шигшээ багийнханд лекц уншдаг юм билээ.

Шигшээ багт монгол арга барил хэрэгжүүлж энэ амжилтад хүргэсэн талаар дасгалжуулагч С.Тулга хэлж байна.

Тэрбээр “Шигшээ багтаа хувь тамирчдын онцлогт тохирсон хувилбарыг хэрэгжүүлж энэ амжилтад хүрсэн. Гадны тамирчид өндөр нуруу, булчингийн массаар илүү байдаг ч манайхан хурдаараа үүнийгээ нөхөж чаддаг. Мөн тэнцвэрээ хадгалахдаа манайхан илүү. Энэ чадварт тулгуурласан хувилбаруудыг хэрэгжүүлдэг. Бэлтгэл дээр хэдэн мянга давтана. Манайхан ч талбайд гараад харцаараа л ойлголцдог болсон. Магадгүй эмэгтэй шигшээ баг олимпод орсон шилдэг найман багийн хамгийн доогуур чансаатай нь байх. Гэхдээ жилийн дараа юу болох нь уу харъя. Бид хичээж байгаа” гэж хэллээ.

Монгол арга барилыг 5х5-ын шигшээ багт ч хэрэгжүүлж Азийн хэмжээнд өрсөлдөх боломж байгаа талаар ярьж байна. Тэрбээр 2013 онд ОХУ-д зохион байгуулагдсан оюутны олимпийн наадамд залуучуудын шигшээ багийг дасгалжуулж амжилттай оролцож байсан юм. Сагсан бөмбөгийн холбоодын хэл амнаас шалтгаалж дасгалжуулахгүй байгаа талаар хэлж байлаа. Одоогоор олимпийн эрх аваад буй шигшээ багт гол анхаарлаа хандуулаад байгаа гэнэ.

3х3-ын сагсан бөмбөгийн холбооноос тус спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Сум бүрт хэд хэдэн удаагийн давтамжтай тэмцээн зохион байгуулж, дотоод өрсөлдөөнийг бий болгосноор нэг шат ахина гэж харж байгаа юм байна. Мөн үндэсний хэмжээний томоохон пүүс компаниуд сагсан бөмбөгийг дэмжээд эхэлжээ. “МСS” групп болон “Энержи ресурс” компаниуд тамирчдын тэмцээн уралдаанд оролцоход бүх талаар дэмжиж ажилладаг гэнэ. Шигшээ багийн тамирчид “Гадагшаа тэмцээнд явахаар болоход байгууллагуудын үүд сахиж мөнгө гуйгаад явж байсан удаа олон байгаа. Тэр цаг өнөөдөр ард хоцорсон. Монголд зөвхөн сагс тоглоод аж амьдралаа залгуулаад явах боломж бүрдээд байгаа” гэж байлаа.

“МСS” группийн захирал Л.Мягмаржавын тухайд 3х3-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна. 3х3-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн тухайд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт мөнгөн медаль, дэлхийн цуврал тэмцээнүүдээс алт мөнгө хүрэл медаль хүртэж байсан. Гэсэн ч төр засгаас, дорвитойхон дэмждэггүйд нь тамирчид сэтгэл дундуур явдаг юм билээ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Улаанбаатар Энержи ресурс баг олимпийн эрх авсан ч зохион байгуулагч Японы баг давуу талаа ашиглаж шууд оролцохоор болжээ. Ингэснээр эрх олгох тэмцээнүүдэд оролцож байж олимпийн эрх авах юм байна. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар нарын бүрэлдэхүүнтэй Улаанбаатар Энержи ресурс багийн залуус ч бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Хагас жил орчим талбайд гараад Г.Цэнгүүнбаярын бэртэл илааршиж багтайгаа нэгджээ.

Бид олимпийн дэвжээнд бөхчүүдийн тулаан, барилдааныг харж баясдаг. Тэгвэл ирэх онд Японд зохион байгуулагдах олимпийн наадамд чадварлаг сагсчдынхаа уран гоё тоглолтыг харж баясах нь ээ.

О.Дашням

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • (211.36.144.248)

    2019-11-18

    Amjilt husie ! Olimpod undur anjilt gargaarai ! Dahin amjilt husie !