​Иран дахь онгоцны ослын эргэн тойронд

Ираны эрх баригчид Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу агаараас цохилт өгсөн. Уг довтолгооны дараа Иранд зорчигч тээврийн онгоц осолдсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Учир нь зорчигч тээврийн онгоц АНУ болон Ираны хооронд өрнөөд буй сөргөлдөөний бай болов уу гэсэн хардалтыг төрүүлжээ.

Ослын үеэр 176 хүн амиа алдав

Ираны нийслэл Тегеран дахь Оман Хомеини нисэх буудлаас лхагва гаригийн өглөө 06 цагт Киев хотыг чиглэн хөөрсөн онгоц төд удалгүй осолджээ. Онгоцонд хөлгийн багийн есөн гишүүнээс гадна 167 зорчигч байсан бөгөөд бүгд амиа алдсан юм. Анхан шатны дүгнэлтээр онгоцны хөдөлгүүрт асуудал үүсч, гал гарсны улмаас онгоц жолоодлогоо алдаж унасан гэж байгаа. Амь үрэгдэгсдийн 82 нь Ираны иргэн байсан бол 63 нь Канад, 11 нь Украин, 10 нь Швед, Афганистаны дөрөв, Германы гурав, Их Британийн гурван иргэн байсан аж.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд онгоцны хар хайрцгуудыг олсон ч Ираны тал хар хайрцгуудыг онгоцыг үйлдвэрлэгч “Boe­ing” болон АНУ-ын талд өгөхөөс эрс татгалзаж буйгаа мэдэгдсэн юм. Тэдний үзэж буйгаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-аас ямар ч оролцоо байх ёсгүй гэснээс үүдэлтэй.

Агаарын тээврийн олон улсын дүрэм журмын дагуу Ираны тал ослын шалтгааныг тогтоох ажлыг удирдах эрхтэй. Мөн онгоцны ослын шалтгааныг тогтоох ажилд тухайн онгоцыг үйлдвэрлэгч компани оролцох эрхтэй байдаг аж. Түүнчлэн онгоцны хар хайрцгийг шинжлэх ажлыг цөөн тооны орнууд хийдэг гэж байгаа.

Ираны тал Ирак дахь Америкийн цэргийн баазуудыг бөмбөгдсөнөөс хойш хэдхэн цагийн дараа Украины зорчигч тээврийн онгоц сүйрсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татах нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч энэ хоёр үйл явдал хоорондоо ямар нэг байдлаар холбоотой гэх баримт байхгүй байгаа аж. Нөгөө талаас Америкт үйлдвэрлэгдсэн онгоцны ослын шалтгааныг тодорхойлох ажилд АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл оролцдог ч тус байгууллага осол гарсан тухайн улс орны хуулийг дагаж, тусгай зөвшөөрөл авах ёстой юм байна. Гэвч Ираны зүгээс АНУ-г мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Ираны “Меhr” агентлагийн мэдээлснээр, Ираны Иргэний нисэх хүчний газрын тэргүүн Али Абедзадех “Бид хар хайрцгийг үйлдвэрлэгч Боинг компани болон америкчуудад өгөхгүй. Ослын шалтгааныг Ираны агаарын тээврийн газар шалгах болно. Украины тал уг ажилд оролцож болно” хэмээн мэдэгджээ. Харин хар хайрцгийг ямар улс шинжлэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж. Боинг компани ослын шалтааныг тодорхойлох ажилд туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн бол Канадын ерөнхий сайд Ж.Трюдо Канадын талыг ослын шалтгааныг тодорхойлох ажилд оролцуулна гэж найдаж буйгаа илэрхийлэн, техникийн тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Дашрамд хэлэхэд, ослын талаар Тегеран дахь Украины Элчин сайдын яам эхэндээ “Энэ нь террорист халдлага байж болзошгүй” гэж мэдэгдэж байв. Гэвч уг мэдэгдлээ өөрчилж, техникийн саатлаас болсон байх талтай гэжээ. Гэхдээ Украины тал онгоцны ослыг зүгээр нэг техникийн асуудлаас болсон осол гэж харахгүй байна. “Онгоц хөөрөхийнхөө өмнө бүх төлөвлөгөөт шалгалтаа амжилттай даваад хэвийн хөөрсөн. Хөөрөөд бүх зүйл хэвийн ниссээр 2500 орчим метрийн өндөрт гараад гэнэт хөдөлгүүр нь шатаж, удирдлагаа алдан, радараас алга болсон” гэж мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, осолдсон Боинг онгоцны нисгэгчид нь 7000-11000 цаг ниссэн туршлагатай нисгэгчид байж.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолсноор хэрэв онгоцны хөдөлгүүрт ямар нэгэн зүйл болохгүй байсан бол нислэгийн багийн зүгээс нислэгийн удирдлагын төв рүү холбогдох хугацаа хангалттай байсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Иран улс онгоцны хоёр хар хайрцгийг олсон ч үйлдвэрлэгчид өгөхгүй байгаа нь бас хардлага төрүүлээд буй. Энэ талаар Их Британийн тал мэдэгджээ. Мөн Боинг компанийн зүгээс осол техникийн асуудлаас болсон гэх магадлал тун бага гэсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський болсон хэрэг явдлын талаар сонсмогцоо Оманд хийх байсан айлчлалаа цуцалжээ. Тэрээр амиа алдагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, Украин улсын зүгээс Батлан хамгаалахын сайдаа болон бусад холбогдох хүмүүсийг ослын газар руу илгээж, мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллахыг үүрэгдсэн байна.Мөн дээрх ослоор иргэдээ алдсан Британи, Канад, Герман гэх мэт улсын эрх баригчид ослын шалтгаан, үнэн мөнийг тодруулахад хамтран ажиллахаа илэрхийлжээ. Харин Боинг компанийн зүгээс хохирогчдын ар гэрийнхэнд хандан ийм үйл явдал болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, шаардлагатай бүхий л зүйлээр тусалж дэмжих болно. Мөн мөрдөн шалгах ажиллагаан дээр ч бүхий л талаар хамтран ажиллахаа амлав. Ийн мэдэгдэхдээ Украины агаарын тээврийн эзэмшлийн дээрх онгоц нь 2016 онд үйлдвэрлэгдсэн. Тус улсын үндэсний агаарын тээврийн компани үйлдвэрээс гарсан даруйд нь худалдаж авсан байсан тул харьцангуй шинэ онгоцуудын нэг байсныг мөн онцолжээ.

 

 

 

 

 

 

 

Боинг компанийн хувьцааны үнэ буурав

Дээрх ослын дараагаар “Боинг” компанийн хувьцааны үнэ бараг хоёр хувиар унасан тухай мэдээ хөвөрч байна. Тус компанийн хувьд энэ нь хоёр жилийн хугацаанд гарсан гурав дахь осол болжээ. Эдгээр ослуудын улмаас нийт 500 гаруй хүн амь үрэгджээ. Тухайлбал, 2018 онд Индонезид, 2019 онд Этиопт “Boeing 737 Max” загварын онгоцууд дээрхтэй төстэй шалтгаанаар осолдож, нийт 345 хүн амиа алджээ. Үүнээс үүдэн дээрх загварын онгоцны нислэгийг дэлхий даяар цуцлах арга хэмжээг авч эхэлсэн юм. Мөн Боинг компани ч хамгийн их борлуулалттай загварынхаа үйлдвэрлэлийг зогсоож, санхүүгийн хувьд ихээхэн алдагдалд орсон талаар цаг тухайд нь мэдээлж байсан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (223.11.147.224)

    2020-01-11

    eh delhii buh hun ard olon amgalan taivan bgaasai