Эрхийн бичигт заасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн мод бэлтгэх явдал тасрахгүй байна

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан алба хаагчид иргэнээс өгсөн “Хууль бусаар их хэмжээний мод бэлтгэж байна...” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн “Х” нь тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бэлчээр” гэх газраас зохих зөвшөөрлийн дагуу түлээний зориулалттай бургас мод бэлтгэх явцдаа эрхийн бичигт заасан хэмжээнээс 3 дахин их буюу хэтрүүлэн бэлтгэсэн болохыг тогтоон шалгаж байна.

Сүүлийн үед иргэд ойгоос зөвшөөрлийн дагуу мод бэлтгэхдээ эрхийн бичигт заасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн мод бэлтгэх явдал тасрахгүй байна. Эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлэн мод бэлтгэх нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.6 дугаар зүйлд заасан /Хууль бусаар мод бэлтгэх/ гэмт хэрэгт тооцогддог.

Бургас нь чийг голохгүй, хүйтэнд тэсвэртэй, нуур голын намгархаг чийглэг хөрсөнд сайн ургадаг, далайн түвшнээс дээш 600-2000 метр хүртэл өндөрт ургадаг ба дэлхий дээр нийт 300-400 гаруй төрлийн бургас ургадгаас Монгол оронд 40 гаруй зүйл бий. Бургас нь хамгийн найдвартай “Байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн манай улсад хамгийн хэрэгтэй модлог ургамал юм.

Цөөхөн хэдэн гол усыг маань нар салхинаас халхалж, хүн малын хөлөөс жаахан ч гэсэн дайжуулж, эрэг ирмэгийнх нь хөрс газрыг элэгдэл эвдрэлээс хамгаалж, ус чийгийг нь барьж байдаг цорын ганц хүчин зүйл нь бургас мод. Манай орны маань өргөн хээр талыг сүлжин, мэлмэрэн урсах голуудаа харахаар хөмсөг сормуусыг нь хусаад хаячихсан бүсгүйн нүд шиг өрөвдмөөр харагддаг юм. Бургас модыг хөрс усыг элдэв бохирдлоос цэвэршүүлэн ариутгах шидтэй болох талаар судлаачид сүүлийн үед нилээд бичих болсон.

Нэгэн зүйл. Сүүлийн хорь гаруйхан жилийн дотор Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 80.0 хувьд хүрч, цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутаг 2 дахин нэмэгдэж, говь цөлийн бүс нутаг жилээс жилд хүрээгээ хойшоо улам улам тэлсээр байна. Говь, цөлийн болон цөлөрхөг хээр нутгаар элсжилт, элсний нүүлт, хөдөлгөөн өдрөөс өдөрт эрчимжиж байгааг хүн бүр мэднэ. Өвөр Ар Монголд элсжсэн газрын талбай хагас сая шахам га болсон талаарх судалгааг сансрын зураг ашиглан гаргажээ. Хамгийн гайхалтай нь Монгол орны хойд бүс Хангай, Орхон Сэлэнгийн сав нутгаар 50 мянга шахам га-д элсжилт үүсчээ.

Их нууруудын хотгорын муж, Алтайн Өвөр говийн Булган, Бодонч голуудын сав газар, Гурван Тэсийн орчим нутаг, Цоохондойн Гурван Бүгтэйн тарамцагууд, Зүүн говийн мужийн Өөш-Улааны говь, Үнэгт харгантын тарамцаг зэрэг газрууд шинээр элсжиж байгаа нь судалгаагаар нотлогдсон байна.

Харин иргэд бургас модыг түлээний зориулалтаар ашиглахаас гадна гэрийн мод хийх зорилгоор их хэмжээгээр бэлтгэж байгаа нь устах, цөөрөх гол шалтгаан болдог байна.

Мод бүхэн амьтай, цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна.

Хамтран ажилласан иргэдэд талархал илэрхийлье.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)