Улаанбаатарын утаагүй гудамж

АГААРЫН БОХИРДОЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО

 

Дуу чимээгүй, нам гүм бас утаагүй, төсөөлснөөс ч цэвэрхэн орчин биднийг угтлаа. Сумын төвийн гудамж л иймэрхүү  байдаг даа. Улаанбаатар хотын гэр хорооллын гудамжийг үнс, элдэв хог хаягдал хөглөрсөн, бохир ус асгаж, халтиргаа гулгаа үүссэн харанхуй орчноор төсөөлдөг хүн цөөнгүй. Ийм гудамж байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ сүүлийн үед гэр хорооллынхон үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, орчны бохирдлын эсрэг нэгдэж чаддаг болсон. Тодотговол, цэвэр агаар, ногоон хөрстэй хотод амьдрахын төлөө санаачилга гаргаж, бусдад үлгэрлэдэг болов. Аливаа зүйлийг ярьж уриалахаас илүүтэй бодитоор хийж, харуулах нь бусдыг илүү их идэвхжүүлдэг. Үүний нэгэн жишээ нь Сонгинохайрхан дүүргийн XI хорооны “Мандал”-ын IV гудамжныхан юм.

Хананаасаа ус авч, хажуу өрөөндөө шүршүүрт ордог айл

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тухайн гудамжны 30-110 ам метр талбай бүхий байшинтай найм, монгол гэртэй хоёр, нийт арван айлын дулааныг хий буюу газаар шийдэж, жишиг, утаагүй гудамжийг бий болгожээ. Эдгээр айлын найм нь дулаанаас гадна ахуйн хэрэглээндээ нэвтрүүлжээ. 

Утаагүй гудамжны нэг өрх, ахмад настан А.Сумъяасүрэнгийнх 80 ам метр талбайтай гурван өрөө байшингаа үүнээс өмнө нам даралтын зуухаар халаадаг байсан гэнэ. Иймд газ дуусах, халаалт хүссэн хэмжээнд хүрэхгүй байх зэрэг эрсдэлийг тооцож, хоёулангаар нь байшингаа халаах боломжтой хувилбарыг сонгосон ч тэднийх өнгөрсөн хугацаанд огт гал түлээгүй тухай гэрийн эзэн ярив. Гал түлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр  зарцуулдаг, үнсийг нь гаргахаас өгсүүлээд ажиллагаа ихтэй учраас ийн татгалзжээ.

Эдийн засгийн хувьд сайжруулсан шахмал түлш хэрэглэхээс зарим тохиолдолд зардал ихтэй ч галлагаанд зарцуулж буй цаг хугацаа, хүч хөдөлмөр хэмнэсэн, дээр нь ханиад томуу хүрч, эмнэлгийн хаалга хэдэнтээ татаж, эм тан авч уухаа больсон зэргийг тооцвол эдийн засгийн үр өгөөж илүү гэдгийг гэрийн эзэн онцолж байлаа. Тэднийх сайжруулсан шахмал түлшинд сард 120,  модонд 50-60, нийтдээ 170-180 мянган төгрөг зарцуулдаг байж. Харин гэрээ газаар халааж эхэлснээр хэрэглээгээ хязгаарлаж, тоолуураа хянах учраас үүнээс ч бага зардал гаргах боломжтойд тэд олзуурхаж байлаа. Халаагуур нь хугацаа тохируулаагүй үед гэрийн халуун, хүйтнийг мэдэрч, автоматаар асаж унтардаг аж. Хэрэв дулааны алдагдал бага байвал нэлээд удаан хугацаанд амардаг байна. А.Сумъяа­сүрэнгийнх хоёр жилийн өмнө бай­шингаа ду­лаал­сан нь үр дүнгээ үзүүлж эхэлжээ.  

Гэрийн эзэгтэй Н.Хандаа бидэнд цай аягалах зуураа маш их цаг завтай, даарахгүй, цэвэрхэн, хүүхэд галд түлэгдэх вий гэсэн айдас хүйдэсгүй болсноо хэлж, өмнө нь хэрхэн галладаг байсан тухайгаа ярилаа. Өглөө галлахад дунджаар 20-30 минут зарцуулдаг бол гэр 1.30 цагийн дараа дулаацдаг байж. Харин одоо  бол 3-4 минутад л дулаахан болж буйд сэтгэл хангалуун буйгаа хэллээ. Түүнчлэн гэрийнх нь агаар ямар ч угаарын үнэргүй болсныг онцгойлон дурдаж байлаа. Түүхий нүүрс, сайжруулсан шахмал түлш түлж байхад гэрийн агаар үнэртэй, бохир байсныг сүүлд мэджээ. Гадаад, до­тоод орчны агаарыг сайжруулсан шахмал түлш түүхий нүүрс­нээс арай бага бохир­дуулдаг бол үүнд цэг та­вих ший­дэл нь хийн халаалт бо­ло­хыг онц­ло­хын зэрэгцээ төр, засгаас ца­хил­гаа­ны шөнийн та­рифт хөнгөлөлт үзүүл­дэгтэй адил га­зын үнийг бодлогоор бууруулах нь зүй­­тэй гэсэн саналыг хэлж  байлаа. 

Санаачилгатай, хийж, бүтээх чин хүсэл, эрмэлзэлтэй, хөдөлмөрлөж чадвал хашаа, байшинд ч орон сууцаас дутахааргүй, тав тухтай амьдарч болдгийг А.Сумъяа­сүрэнгийнх залууст үлгэрлэв. Тэднийх долоон жилийн өмнө хашаандаа  гүний худаг гаргаснаар хананаасаа ус авч, хажуу өрөөндөө шүршүүрт ордог болжээ. Мөн 2-3 жилд нэг удаа соруулдаг ариун цэврийн эко байгууламж суурилуулж, бохирынхоо асуудлыг шийдсэн байна. Түүнчлэн хашаандаа үхрийн нүд, чацаргана, мойл, нохойн хошуу, бөөрөлзгөнө зэрэг жимсний мод тарьж, ургац хураан авчээ. Ийн моджуулснаас гадна бусад сул талбайгаа цементэлсэн байв. А.Сумъяасүрэн бид­нийг үдэх зуураа “Манай урд талын энэ байшин харагддаггүй, тийм л их утаатай байлаа. Харин энэ жил надад харагдаад байгаа шүү. Миний хараа сайжирсан уу, утаа багассан уу” хэмээн инээсээр үлдэв.

Дэлхийн банк, Эрүүл мэндийн хэмжил зүйн үнэлгээний институт хамтран боловсруулсан тайланд 2013 онд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөр Монгол Улсад 2424 хүн амь насаа алдаж, нийгэмд 4.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 6.9 хувьтай тэнцэх хэмжээний хохирол учруулсан гэж дурджээ.

Ханан пийшингийнхээ оронд хувцасны шүүгээ тавьжээ

Хөрш А.Сумъяасүрэнгийнхээс үлгэр дуурайл авч, хашаандаа үхрийн нүд, мойл, чацарганы мод тарьж, цаашид ариун цэврийн байгууламжаа эко байдлаар шийдвэрлэхээр төлөвлөж буй айл бол Б.Халиуных. Тэднийх газаар дулаанаа шийдүүлсэн арван айлын нэг.  Биднийг очиход гэрийн эзэгтэй З.Эрдэнэчимэг, гурван хүүхдийн хамт байлаа. Байшиндаа зуух, яндангүй байгаа нь хамгийн түрүүнд нүдэнд тусав. Тэдний байшин зай талбай багатай тул ханан пийшингээ буулгаж, оронд нь хувцасны шүүгээ тавьжээ. Хашаа, байшингаа 2011 онд худалдан авч, цонхыг нь сольж, шилэн хөвөн, хөөс давхарлаж, тоосгодож дулаалахад сая гаруй төгрөг зарцуулжээ. Энэ нь нэг удаад гаргахад тийм ч бага мөнгө биш боловч байшингаа дулаалснаар түлшинд зарцуулах зардлаа хэд дахин хэмнэж чадсан байна. Тэднийх өнгөрсөн оны зургаадугаар сараас газ ашиглаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш таван сарын дараа буюу аравдугаар сард 130 мянган төгрөгийн төлбөр төлжээ. Харин арваннэгдүгээр сард 138 мянга,  арванхоёрдугаар сард нэлээд хүйтэн байсан тул 190 мянган төгрөг гарсан байна. Нэгдүгээр сарынхаа төлбөрийг мөн ийм хэмжээнд гарах байх гэж таамаглаж байгаа бол харин энэ сард дулаарах учраас үүнээс ч багыг төлнө гэж тооцжээ. Тэднийх сайжруулсан шахмал түлш түлж үзээгүй учраас ойролцоо хэмжээтэй байшинд амьдардаг ахынхтайгаа зардлаа харьцуулахад эдийн засгийн хувьд ямар ч ялгаагүй байсан тухай гэрийн эзэгтэй сэтгэл хангалуун өгүүлсэн юм.

Тэднийх ам бүл тавуулаа. Хамгийн бага нь хоёр настай. Балчир бага хүүхдүүд зууханд гар хөлөө хүргэж түлэгдэхээс хамгаалах, дулаанаа нэгэн хэмд барихын тулд байнга галтайгаа “ноцолддог” бэрхшээлийг ийн даван туулжээ. Төхөөрөмж автоматаар асаж, унтардаг тул гэрээсээ гарахдаа цагийг нь тохируулчихдаг байна. Ингэж л тэднийх гэр хорооллын айл өрхөд тулгардаг бэрхшээлийг даван туулжээ.

“Аливаа зүйлийг зөв талаас нь харж, хамтарч хийвэл бүтэхгүй зүйл байхгүй”

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2018 оны хоёрдугаар сард Монгол Улсын агаарын бохирдлын эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийг гаргасан тайланд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээг ойрын жилүүдэд эрс бууруулахгүй бол үүнээс үүдэлтэй хүүхдийн өвчлөлийн зардал 2025 онд 33 хувиар өсөхийг онцолжээ. Түүнчлэн таван жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн ураг амьгүй болох, дутуу төрөлт, багтраа, хатгалгаа, бронхитоор өвчлөх болон нас баралт ихсэж, Монгол Улсын эрүүүл мэндийн салбарт жил бүр 4.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зардал гарна гэдгийг тодотгосон байна.  Ийм эгзэгтэй, эрсдэлтэй үед агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахын зэрэгцээ залуустаа хандан “Аливаа зүйлийг зөв талаас нь харж, хамтарч хийвэл болохгүй, бүтэхгүй зүйл байхгүйг сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж буй байдал харуулж байна. Түүхий нүүрс хулгайгаар түлэхгүй байх нь л өөрийн болон бусдын эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт”  хэмээн уриалсан хүн бол утаагүй гудамжны нэг өрх Б.Гэндэнсүрэнгийн эхнэр Б.Бүжинлхам юм. Тэд бага насны гурван хүүхэдтэйгээ монгол гэрт амьдардаг бөгөөд бага нь найман сар хүрч, хөдөлгөөн орсон тул дулаанаа ийн газаар шийдсэн байна. Тэднийх цаашид цахилгаан зуух авч тавихаар төлөвлөжээ. Ингэснээр бүх хэрэглээ нь газын болох юм.

Сонгинохайрхан дүүргийн XI хорооны 2170 өрхийн 1861 нь гал түлдэг бол 300 гаруй нь утаа гаргахгүй эко технологиор дулаанаа шийджээ. Үүний арав нь утаагүй гудамжны айл өрх.  Айл бүрийн гадна A, Б баллон газыг тусгайлан бэлтгэсэн газарт байрлуулсан байх бөгөөд үүнийг хэрэглээнээсээ хамаарч хоёр, гурав түүнээс ч олон сар хэрэглэдэг аж. Ийм байдлаар дулаанаа шийдэхэд ойролцоогоор 7-9 сая төгрөг шаардлагатай ч тэднээс нэг ч төгрөг аваагүйг утаагүй гудамжныхан хэлж байлаа.

Г.Нармандах: Гэр хорооллынхны дулааныг шийдэхэд хамгийн тохиромжтой нь  газ

Утаагүй Улаанбаатар хотыг бүтээхийн төлөө хэрхэн ажиллаж буй талаар Сонгинохайрхан дүүргийн XI хорооны Засаг дарга Г.Нармандахаас тодрууллаа.

-Утаагүй Улаанбаатар хотыг бүтээхэд танай хорооны айл өрхүүд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ? 

-Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь “Газком” компанитай хамтран арван айлын дулааныг хий буюу газаар шийдсэн явдал. Ингэснээр  манай хорооны “Мандалын IV”  утаагүй, жишиг гудамж болсон.  Тиймээс ойролцоо байрлах хороод болон бусад дүүргийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийнхэн ирж, танилцан туршлага судалдаг. 

-Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангасан бэ?

-Хэрэглээгээ хугацаагаар тохируулах боломжтой смарт буюу ухаалаг тоног төхөөрөмжийг Япон улсаас оруулж ирсэн. Хий алдсан тохиолдолд мэдрэгч нь дуугарахаас гадна аюулгүй ажиллагааны горимд өөрөө автоматаар шилждэг. Бусад улс орны туршлага, арга барилаас харахад ийм байдлаар халаалтаа шийддэг тохиолдол цөөнгүй бий.

-Сайжруулсан шахмал түлш түлэхээс өөр байдлаар дулаанаа шийдсэн  айл өрх бий юү?

-300 гаруй айл өрх бий. Дэлхийн банкны санхүүжилтээр өнгөрсөн жил  62 айлд халаагуур /тень/ тавьсан. Айлууд ихэвчлэн цахилгаан, газ болон нарны энергээр халдаг тоног төхөөрөмж тавьж, дулаанаа шийддэг. 

-Танай хорооны айл өрхүүдэд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээс аль шийдэл нь гэр хороололд илүү тохиромжтой гэж харж байна вэ?

-Хороонд хэрэгжүүлж буй гурван төрлийн төсөл хөтөлбөрт харьцуулалт хийж үзэхэд хамгийн бага зардалтай, гэр хороололд илүү тохиромжтой нь газаар дулаанаа шийдэх юм билээ. Бүх хэрэглээ нь багтаад өвлийн ид хүйтэн сард ойролцоогоор 180-200 мянган төгрөг гарч байна. 

-Утаа гаргахгүй эко технологиор дулаанаа шийдэх хүсэлтэй айлуудад “Ногоон зээл”-ийг санал болгож байгаа. Энэ боломжийг танай хорооныхон ашиглаж чадаж байна уу?

-Шаардлага өндөртэй, орлогын босго тогтоосон байдаг учраас хүссэн айл бүр зээлд хамрагдаж чаддаггүй. Тиймээс “Ногоон зээл”-д хамрагдах хүсэлт гаргасан арван айлын талаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт уламжилж, улмаар Хас банктай хамтарч шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, дүүргийн ЗДТГ-аас баталгаа гаргаж өгснөөр тухайн айл өрх дулаанаа шалны халаалтаар шийдсэн. 

С.Юмсүрэн

“Монголын Үнэн” сонин

2020.02.05

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)