Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний бизнест нөлөөлж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Covid-19 вирусийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгсөн билээ.

Энэ үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ

"Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,100 аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан.

Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна.

Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57,7 хувь буурсан, 40,1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14,5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулжээ.

Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа. МҮХАҮТ-ийн зүгээс эдийн засгийн эрсдэлийг удирдах 5 чиглэлийн 20 саналаа албан ёсоор УИХ-ын даргад өгчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)