Эквадор элчин сайдаа татав

   Эквадорын эрх баригчид Перугаас Элчин сайдаа татлаа. Перугийн эрх баригчид нийслэл Лима хот дахь Эквадорын Элчин сайд Родриго Риофриог нийслэл хотын нэгэн дэлгүүрт өөрийнх нь хоёр иргэн рүү дайрч шуугиан үүсгэсний дараа Эквадорын Засгийн газрыг Элчин сайдаа нэн даруй татахыг шаардсан юм. Харин Эквадорын тал хариу өгөхгүй удсан учир тус улсын нийслэл Китогоос өөрийн Элчин сайдаа татаж, Родриго Риофриог албан тушаалаасаа огцорч, нутаг буцахаас нааш Элчин сайдаа илгээхгүй гэж мэдэгджээ. Үүний дараа Эквадорын Засгийн газар Элчин сайдаа татаж, хоёр орны харилцаа буцаад хэвэнд оров. Эквадорын Элчин сайдаа Родриго Риофрио найрсаг харилцаатай хөрш хоёр орны дунд маргаан үүсгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол дуулиан болж байсан юм.

    Бүр хоёр орон нэг нэгэндээ Элчин сайдгүй болох нөхцөл байдал үүсээд байв. Перугийн эрх баригчид Эквадорын талыг хэвлэлээр дамжуулан шүүмжилсээр байсан бөгөөд Родриго Риофриог эсэргүүцэгчдийн тоо эрс нэмэгдэж байв. Дээрх явдалтай холбогдуулан Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа “Супермаркетад болсон явдал хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй” гэж мэдэгджээ. Эквадорын Элчин сайд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нд нийслэл Лима хотын нэгэн дэлгүүр буюу “Магдалена дел Мар” хэмээх супермаркетаар үйлчлүүлэх үедээ Перугийн иргэн Кристина Кастро болон түүний охин Синтиа Нунезийг хэл амаар доромжилж, хүч хэрэглэжээ. Кристина Кастрогийн хэлснээр, худалдагч тэдэнд эхэлж үйлчилсэнд Родриго Риофрио дургүйцэж ээж, охин хоёр уруу дайрчээ. Мөн “Эквадорын Элчин сайд охиныг нь цохисны хариуд охин нь түүний нүүр лүү гартаа барьж байсан сэтгүүлээр цохисон. Эквадорын Элчин сайд намайг галзуу хөгшин авгай” гэж хэлсэн гэжээ. Энэ хэргийн дараа супермаркетын нууц камерт бичигдсэн дүрс бичлэг олны хүртээл болж, эмх замбараагүй байдал үүсгэсэн эрэгтэй Эквадорын Элчин сайд болох нь тогтоогджээ. Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон перучууд эрх баригчдаасаа иргэдээ хамгаалахыг шаарджээ. Үүгээр зогсохгүй Перугийн олон улстөрч Эквадорын Элчин сайдыг шүүмжилж, Перугийн тэргүүн хатагтай Надин Эредиа “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хэзээ ч хүлцэхгүй” гэжээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан Эквадорын Гадаад харилцааны яам болон Элчин сайд Родриго Риофрио перучуудаас албан ёсоор уучлалт гуйсан байна. Ямартаа ч энэ хоёр улсын харилцаанд 1993 оны таван долоо хоногийн дайнаас хойшхи анхны таагүй байдал үүсээд өнгөрлөө.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)