Амттай, хурдан, цатгах гэсэн дүрэм нь хамгийн буруу

  Бурхны зурсан зурлага гэх хүн төрөлхтөнд ойлгомжгүй байгалийн хуулиар хэн нэгэнд 70, нөгөө хүнд 90 наслах тавилан бий. Энэ хоёр хүний амьдрал хэрхэн үргэлжлэхэд тэдний хэрэглээнээс хамаарсан хорт зуршлуудаас гадна амьдралын нөхцөл байдал, хоол хүнсний хэрэглээ болон бусад хүчин зүйл чухал нөлөөтэй. Эрүүл,зөв хооллолт гэдэг сэдэв өнөө үед манай гаригийн хүн бүрийн анхаарах ёстой зүйл болжээ. Хүний ажиллах чадвар, аз жаргалтай удаан амьдрал, сэтгэл санааны байдал гэх мэт бүх зүйл зөвхөн хоол, тэжээлээс шалтгаалдаг болохоор тэр. Хүний эрүүл мэндэд хоол тэжээлээс өөр ямар ч хүчин зүйл хүчтэй нөлөөлж чадахгүй. Архи, тамхи зэрэг хорт зуршлуудын хөнөөлт үр дагаврыг хүмүүс мэдсээр байж, хэрэглэж хэвшсэн нь эрүүл мэндээ хохироож, амьдрах хугацаагаа цөөрүүлж буй бодит баримт. Гэхдээ амьдралын үргэлжлэх хугацаа гэдэг харьцангуй ойлголт билээ. Тамхи татсанаас болж шууд хордон нас барсан тохиолдол ховор ч зохисгүй хоол хүнснээс болж хордон амиа алдсан жишээ олон байдаг. Юугаар ч үнэлшгүй эрүүл мэнд, амьдралын эрч хүчээ олон жилийн турш найдвартай хадгалахын тулд эрүүл, зохистой хоолны хэрэглээ зайлшгүй чухал. Хэдий 50 нас гарсан ч дур татам, залуухан харагдахын гол нууц мөн л зөв хооллолтод оршдог. Эрүүл, зөв хооллолтын үндэс ногоо, жимс, эмийн ургамал болон бусад амин дэмээр баялаг хүнс юм. Амьдралаар баталгаажсан энэхүү хэрэглээг хүмүүс мэдсээр байж, хэт орой, элдэв өвчинд нэрвэгдсэн үедээ л гүн ухамсарлаж, зөв хооллолтдоо анхаарахыг чухалчилдаг. Ургамлын гаралтай хоол хүнс нь бие махбодийг хорт бодисуудаас цэвэрлэж, эрүүл, хэвийн амьдрахад шаардлагатай шим тэжээлээр хангаж байдаг. Байгалийн гаралтай цэвэр ургамлын бүтээгдэхүүнүүдээс л хүн А, С, Р болон бусад аминдэмүүдийг авч чадна. Танд байгаа хамгийн үнэт зүйл бол эрүүл мэнд гэдгийг үргэлж санах нь зүйтэй. Эрүүл мэндийн зөв зам зөвхөн эрүүл, зөв хооллолтоос эхэлнэ.

“БИО”, “ЭКО” ХҮНСИЙГ ЭРХЭМЛЭХ БОЛЛОО

Нэн тэргүүнд идэш, уушныхаа хувь хэмжээ, найрлагад анхаар. Зөв хооллолт гэдэг сүүлийн үед чамин хэрэглээ болсон зүйл шүү дээ. Тиймдээ ч жинхэнэ чамин, тансагийг эрхэмлэгч хүн бүр “био”, “эко” хүнсийг мэддэг болсон. Эдгээр нь шим тэжээлээр бүрэн хангасан тараг, шинэхэн ногоо, жимсний төрлийн бүтээгдэхүүнүүд юм. Зуун жил амьдарсан ч эрүүл, аз жаргалтай байхын нууц юу бол. Урт наслалтын нууц зөвхөн эрүүл, зохистой хоолонд оршдог болохыг дэлхийн хүнс судлаач болон эмч нар санал нэгтэйгээр баталсан. Зөв хооллолт гэдэг нь эцэс төгсгөлгүйгээр хоолны дэглэм сахих, байнга хяналт тавьж зайлсхийх явдал биш. Эдгээр нь чухал үүрэгтэй ч хамгийн гол нь мах, гурил, будаа, сүүн бүтээгдэхүүн, жимс, ногоо зэргийг бүхэлд нь агуулсан хүний бие махбодид зайлшгүй чухал шим тэжээлт хүнсний зохистой хэрэглээ юм. Харин түргэн хоолны чанартай элдэв хавчуурга бүхий талханцар, шоколад, амтат болон хийжүүлсэн ундаа, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэргээс ямар ч үед зайлсхийх ёстой. Хүнс, тэжээл судлаачид бие махбодийг эрүүлжүүлж, бэхжүүлээд зогсохгүй турахад тусалдаг “хамгийн зөв” хүнсний бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргасан. Шаардлагатай шим тэжээлээ тогтмол авч чадахгүй байгаа бие махбодь аажимдаа хорчийн, мөхөж эхэлдэг. Ийм асуудалтай тулгарахгүйн тулд хоолны хувь, хэмжээндээ анхаарч өдөр бүр зөв сонголт хийх ёстой аж. Бид ерөнхийдөө өөрт ойр, гарын дор орших зүйлсээ нэн тэргүүнд хэрэглэж хэвшсэнээс гадна зам зууртаа түргэн хоолны чанартай элдэв бүтээгдэхүүн худалдан авч, богино долгионы шарах шүүгээнд халаан хэрэглэх нь түгээмэл. Хоол тэжээл нэхсэн бие махбодийн хэрэгцээгээ түр зуур иймэрхүү зүйлээр аргацааснаар өөрийгөө хооллох бус хордуулсаар байдаг. Хооллох үед хүмүүсийн чухалчилдаг амттай, хурдан, цатгах гэсэн дүрэм нь хамгийн буруу зүйл.

ЭРҮҮЛ ХООЛНЫ “МОДА” ХААНААС ҮҮСЭЛТЭЙ БОЛ
Эрүүл, зөв хооллох загвар 1960- аад оны сүүлээр барууны орнуудад анх дэлгэрчээ. Тухайн үед “healthy & wellness”/эрүүл, зөв бүтээгдэхүүнийг ийн тодотгодог/ ангиллын хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглээнд нэвтэрч өөртөө анхаардаг, соёлч боловсон хүн бүрийн сонголт болж чадсан байна. Дээрх ангилалд хамааралтай “healthy & wellness”гэсэн тэмдэгтэй бүтээгдэхүүнүүд давс, сахар, тосны агууламж багатай гэсэн утга илэрхийлдэг. Тус брэндийн хүнсний ногоо болон жимс нь химийн ямар ч төрлийн бодисгүйгээр тарьж ургуулсан, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай байв.

“ӨДӨРТ НЭГ АЛИМ ИДСЭНЭЭР ЭМЧ РҮҮ ХҮРЭХ ЗАМЫГ МАРТАНА”
Эрүүл амьдралын хэв маяг гэдэг нь тэнцвэртэй зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, хорт зуршлаас татгалзах чадвар, ертөнцийг эерэг, эрч хүч дүүрэн сэтгэлээр харах цогц дэглэм юм. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүн бүхэн заавал эмч болон хүнс тэжээл судлаачид хандан зөвлөгөө авч, зөв хооллолтын талаар төрөл бүрийн ном цуглуулан толгойгоо “гашилган”, олон салаа замын алийг сонгохоо мэдэхгүй төөрөлдөх шаардлагагүй. Харин түүний оронд орчин үеийн шилдэг мэргэжилтнүүдийн гаргасан хэдхэн дүрмийн дагуух эрүүл, зөв хүнсээр хооллож, мөн ойр дотны хүмүүсээ ийн хэвшүүлэх нь зүйтэй. “Өдөр бүр алим ид” гэсэн англи зүйр үг нь “Өдөрт багаар бодоход нэг алим идсэнээр эмч рүү хүрэх замыг мартана” гэсэнтэй агаар нэг. Зөв хооллолтын хамгийн энгийн, үндсэн зарчим бол идэж буй хүнсний бүтээгдэхүүнээ аль болох амин дэмээр баяжуулах. Улирлын чанартай гардаг хүнсний ногоо, жимсийг тухай бүрт нь шинээр хэрэглэж хэвшээрэй. Ингэснээр хаврын улиралд бараг хүн бүрт илэрдэг аминдэмийн дутагдал, архаг ядаргаанаас ангижирч чадна. Мөн амьтны гаралтай тосны хэрэглээгээ багасгаж, ургамлын тосыг түлхүү хэрэглэвэл зохистой. Давс,сахарын хэрэглээг ч аажмаар багасгах нь зүйтэй. Чихрийн төрлийн амттанг зөгийн бал, хатаасан жимсээр, харин давсыг хоол амтлагчуудаар орлуулахыг хичээгээрэй.

Эрүүл, зөв хооллолтын хамгийн гол дүрмүүд
1. Амьтны гаралтай тосны хэрэглээг багасгаж, халах
2. Омега
3 /улаан загас, ургамлын тос, самар зэрэгт ихээр агуулагддаг/ мэтийн тосны хүчлээр баялаг хүнсийг түлхүү хэрэглэх 3. Уураг агуулсан бүтээгдэхүүн /амуу тариа, ногоо, жимс, хатаасан жимс/ хэрэглэж байх
4. Ямар ч хоол хүнсийг зөвхөн шинээр бэлтгэсэн үед нь л зооглох
5. Цөцгийн тосонд ямар нэг зүйл шарж, хэрэглэхгүй байх, маргариныг хэрэглээнээс бүрмөсөн хасах
6. Хэт их давстай хоолноос татгалзах
7. Дан сүүний оронд сүүн хүчлийн тараг, йогурт, аарц зэргийг хэрэглэх
8. Мах болон загас, шувууг шинээр нь төрөл бүрийн ногоотой хольж хэрэглэж хэвших
9. Шинэ ногоо юмуу жимсний салатыг өдөр бүр хоолны цэсэндээ оруулах шаардлагатай аж. Эдгээр дүрмийг баримталж хэвшихийн сацуу хуурч шарсан хоол, шорвог зүйлс, сахар, лаазалж, савласан бэлэн бүтээгдэхүүнээс алхам алхмаар татгалзаж хэвших нь зүйтэй ажээ. Мэдээжийн хэрэг, “хорт” гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдээс бүрмөсөн татгалзахад сэтгэл зүйн болон цаг хугацааны бэлтгэл шаардагдах нь тодорхой. Гэхдээ сэтгэл санаа унасан үед зүсэм бялуу, багахан шоколад идэж “настр” нэмдэг бол санаа зовох зүйлгүй. Стресс нь бяцхан амттанаас харьцангуй аюултай тул зайлсхийж болох бүх аргаа ашиглан стрессдэхгүй байх нь чухал. Стрессгүй амьдрал эрүүл амьдралыг үүсгэгч чухал дүрэм гэдгийг мартаж болохгүй. Мөн бидний нэрлэж заншсан кааш буюу хүүхдийн будаа, төрөл бүрийн агшаамлыг өдөр бүр хэрэглэхийг хичээгээрэй. Амуу тарианд уураг ихээр агуулагддаг бөгөөд энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, эрдэс бодис, мэдрэлийн системийг дэмжигч В төрлийн аминдэмүүдээр хангадаг. Байнгын стресстэй байдаг нөхцөлд каша нь хамгийн сайн тайвшруулагч хүнс болдог.

Ц.МӨНХ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Odgerel. (203.194.114.131)

    2013-05-12

    Bi bol goe baikhiin tuld urgelg ulsgulun baidag tsag minut tutam khool bodoj baidag za tegeed barag kheregui l yum shig baina lee

  • зочин (202.179.20.129)

    2013-05-10

    ану-аас ирсэн трансферфактор кардио хямд зарна 95265660

  • (122.201.18.23)

    2013-05-09

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ