“Хоёулаа бурхны сорилтод бүдрэхгүй шүү”

-Чадваргүй эмч олгойг нь авснаас болж таван жил хэвтэрт оржээ-
   Сүүлийн үед “Эмчийн буруугаас болж амиа алдлаа, хэвтэрт орлоо” гэж айдас төрүүлсэн, эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэхээс халшруулсан мэдээ мэдээлэл энд тэндгүй тархах болсоор удаж байна. Уг нь эмнэлэгт иргэд эрүүл аюулгүй байдлаа бүрэн даатгасан, өвчин зовлон туссан ч бурхан мэт шүтэж, аврал эрэн зорин очиж байх ёстой байгууллага. Гэвч тийм биш аж. “Эмнэлэг” гэх үг сүүлийн үед “Эрлэгт явуулна” гэх шиг сонсогддог болсныг нуух хэрэггүй биз ээ. Хаа нэг алтан гартай, ач буянтай эмч байлгүй л яахав. Харамсалтай нь тэр хүнийг олж, онож очно гэдэг ёстой оньсого таахаас ч хэцүү болжээ. Тиймээс өдөр ирэх тусам эмч нараас болж хохирогчдын тоо өссөөр байна. Энэ удаад хацар давах нулимсаа арчиж барахгүй О.Даваасүрэн гэдэг бүсгүйн зовлонг уншигч тантай хуваалцъя. Тэрбээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас саяхан нийслэлд ирсэн бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан бодит амьдралаа олон түмэнд хүргэхийг зорьсон байна. Түүний охиныг М.Ариунтунгалаг гэдэг бөгөөд 14 настай. Мэдээж эх хүн болсон хойно бяцхан охин нь өвчиндөө шаналж тарчлахыг хараад сууж чадаагүйдээ ийн элэг нэгт монголчуудаасаа тус эрэхээр их хотыг зорьжээ. Энэ эмэгтэй наашаа харсан бүхэнд зовлонгоо учирлаж явсаар буян санасан өглөгийн эзэд тийм ч цөөхөн биш юм хэмээн итгэж, цагаан нөмрөгтэй эмч гэсэн эрлэгийн элчийн гарт хайран сайхан охиныхоо гэдэс дотрыг хүүлүүлчихсэндээ амьдралын өмнө гомдож явна. Гэсэн ч тэрбээр сөхөрч бүдэрсэнгүй “Олны хүч оломгүй далай” гэсэн үгээр өөртөө дэм өгч тэмүүлсээр байгаа аж. Тодруулбал, М.Ариунтунгалаг 2008 оны тавдугаар сард аймагтаа олгойн хагалгаанд оржээ. Угаас баяр наадмыг шинэ хүн хорвоод мэндлэхээс ч хөл хөөр дүүрэн хийж заншсан монголчуудын харгайгаар тэр өдөр нь “Сувилагчдын баяр” тохиосон байна. Харин энэ өдөр Отгонбаяр гэх хагалгааны эмч охины мэс заслыг удирджээ. Тэр цагаас хойш хэрэг бишдэж, байсгээд охин гэдсээ дарж уйлах нь ихэсч ингэсээр шөнөдөө унтаж чадахгүй, өдөртөө эвхрэн цагаригласаар таван хагалгаанд удаа дараа орсон гэнэ. Есхөн настай балчирхан охины тариурын зүүнд ч хатгуулж үзээгүй зөөлөн арьс ийн өвдөлт мэдэрч эхлэх нь тэр. Гэтэл таван удаа гэдсээ яруулж дотор эрхтнээ уудлуулсан М.Ариунтунгалагийг таван жил сахиурын орон дээр хатаачихсан эмч өнөөдөр ажлаа хийгээд, амар амгалан яваа ажээ.

ЭМЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ, ИРГЭДИЙН АМЬ НАСЫГ ХЭН АВРАХ ВЭ
Тангараг өргөсөн эмч гэх тэр цагаан нөмрөгтөн 30 гаруйхан насных гэнэ. Хоёр хүүхэдтэй, амьдрал толгойлж яваа өрхийн тэргүүн аав гэж байгаа. Тухайн үед баярын сэтгэл хөдлөлд автав уу, мэдлэг мэргэжил нь багадав уу юутай ч алдаа гаргаж амьдралд өөрийн зам мөрөөрөө ургаж, инээн баясч, дэгдэн гүйж явсан бяцхан охины амийг дээсэн дөрөөн дээр түлхчихээд “Уучлаарай” ч гэж хэлээгүй байх юм. Охины ээж О.Даваасүрэн эмчид гомдолтой байгаагаа хэлж “Тэр хүнийг заавал шорон оронд суулгахдаа гол нь биш. Би эх хүн. Тэр ч гэсэн хүүхэдтэй. Миний буруу, намайг уучлаарай, та хоёрт яаж туслах вэ гээд хүрээд ирвэл л болно. Хүн гэгч сэтгэлийн амьтан шүү дээ” гэсэн юм. Энэ бол манай эрүүл мэндийн салбар уналтад орсныг батлах бас л нэг том жишээ. Охины өвчнийг ЭХО-д хараад өнөөг хүртэл оношилж мэдэхгүй байгаа аж. Хоёр дахь хагалгааг нь зориулалтын бус боолт хийдэг өрөөнд унтуулдаг тариа хийж байгаад аньсан шархыг нь нээсэн гэнэ. Энэ мэтчилэн буруу хагалгаа хийсээр охины хэвлийг нийт таван удаа ярсан юм байна. Өнөөдрийн хөгжингүй нийгэмд амьдарч, сурч боловсорч буй эмч нар хүний эрүүл мэндэд адгуустай харьцаж буй мэт хандаж болно гэж үү. Таван жилийн туршид ийнхүү хэвтэрт тарчилж орон дээрээ хадагдчихсан М.Ариунтунгалагийн урт биш ч мөр давсан хар үс нь бууралтаж, багц багцаараа унасаар өдгөө халзан болсон байна. Энэ бол ямар ч химийн хүчтэй тариа хийгээгүй байхад л болж байгаа зүйл бөгөөд хятад эмч нар “Өндгөвч нь асуудалтай байна” гэсэн хариу хэлжээ. Харин манай эмч нар “Охины дотор эрхтэн эрүүл байна” гэж хэлсээр өнөөдрийг хүртэл ядарсан ээжийнх нь амыг тагласаар яваа аж. Аргаа барсан ээж охиныхоо төлөө шүүх, цагдаа гэх мэт өөрийн хандаж чадах газар бүхэндээ өргөдөл гомдол хаягласан ч хариуцлагагүй, мэргэжлийн ёс зүйгүй өнөөх том толгойтой эмчийг шүүх байгууллага хоёр сая 190 мянган төгрөгөөр торгосон гэнэ. Энэ бол түүнийг нэг алгадаад л өнгөрсний дайтай шийтгэл. Өнөө үед хүний нүүрэн тус газар нэг цохьсон хүн ийм хэмжээний мөнгө өгөөд салж буйг хэн ч гэрчилнэ. Гэтэл хүнийг амьдаар нь алчихсан байхад ингэж шийтгэж байгаа нь хуулийнхаа зүйл заалтыг эргэж харах цаг болсныг баталж байна. Отгонбаяр гэх Дорноговь аймгийн мэс заслын эмчийг аймгийнхан нь андахгүй бөгөөд хүйтэн мэснийхээ үзүүрээр нэг биш хүний халуун аминд хүрснийг гэрчилдэг аж. Тэгэвч өнөөдрийг хүртэл тангараг өргөсөн цагаан нөмрөгтөн гэх бурхны элчүүд л зүүмээр нэрнээс зүүгдээд тансаг харшид амьдарсаар яваа нь дэндүү шударга бус байгааг О.Даваасүрэн бүсгүй гомдонгуй хэлнэ билээ. “Зовлон бүхний цаана жаргал нуугддаг юм. Миний охин ээж болно. Сайхан сэтгэлтэй, алтан гартай хүмүүс олон бий. Хоёулаа бурхны сорилтод бүдрэхгүй шүү” хэмээн охиноо зоригжуулдаг тухайгаа ярьж уйлахад нь өөрийн эрхгүй хоолой зангирсныг нуух юун. Ийнхүү охиныхоо нүднээс далд уйлж “Миний охин чинь ээж болно шүү дээ. Гэвч хүүхэд тээж, төрүүлж чадах болов уу. Гэдэснийх нь олон оёдол ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлөх бол” гэж өөрөө өөрөөсөө, эсвэл надаас асуух шиг чимээгүйхэн мэгших ажээ.

БҮСГҮЙ ХҮНИЙ ЗОВЛОН, ЭХ ХҮНИЙ ШАНАЛАЛ ЮУТАЙ БАРАГДАШГҮЙ ХОРВОО ВЭ
О.Даваасүрэнгийнх хашаа байшинд амьдардаг жирийн л нэгэн айл байжээ. Гэвч охиноо эмчлүүлэх 40 сая вонн олохын тулд хашаа байшингаа зарж одоогийн байдлаар айлын хаяа бараадаж яваа аж. Өвчинд шаналсан охиноо тэвэрч айл айлын тогоо харж явна гэдэг амаргүй байж таарна. Гэсэн ч энэ бүхнийг үл анзаарч “Охин минь л зовлонгоосоо ангижирч байвал болох нь тэр” хэмээн нулимс нь мэлтэлзсэн ч эрс шийдэмгий ярих түүнд туслах гэсэн сайхан сэтгэлтэн олон байгааг дуулгасан юм. Тухайлбал, Дорноговь аймгийн Xатанбулаг сумын Улаанбаатар xот даxь нутгийн зөвлөлийн дарга, Монгол- Бельгийн соёлын xарилцааны нийгэмлэгийн тэргүүн С.Билигсайхан, Олон улсын тээвэр зуучлалын “Гранд ложистик” компанийн захирал Байгалмаа, “Ачит амирлан” сан, Монгол Европийн нийгэмлэг, “Гүнгэрваа”, “Үзэмж төгс урлан” хэвлэлийн компани болон “Шинэ Монгол” радиогийн хамт олон бусад өглөгийн эзэд харамгүй тусалж байгаа ажээ. Тиймээс манай энэхүү нийтлэлийг уншаад Мөнхбаатарын Ариунтунгалагт туслах аянд нэгдэхийг хүсвэл “ХААН” банк дахь 5360289175, “ХАС” банкны 5000845173 тоот дансанд сэтгэлийн өргөл өргөхийг хүссэн юм. Мөн 86111000, 99261059 дугаарын утсаар холбогдох ба 155889 тусгай дугаарт охины сэтгэлийг өргөх сайхан үгстэй мессэж илгээж болох ажээ. Түүнчлэн охины эмчилгээний зардалд зориулагдсан “Гэгээн мөрөөдөл” ододын xандивын тоглолтыг ирэх зургадугаар сарын 3-ны 17.00 цагаас “PROSOUNDS” студийн дэмжлэгтэйгээр зоxион байгуулах гэж байгаа юм байна.


М.НАРАНБОЛД







  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (202.126.91.177)

    2014-03-10

    энэ эмч нар дандаа гар харна ажилаа хииж чадахгуи баиж

  • баяраа (103.10.22.185)

    2013-06-01

    энэ хүүхэд бол миний дүү. энэ хүүхдийг хагалгаанд анх орсоноос нь эхлээд өнөөдөрийг хүртэл яаж зовж байгааг би өөрийн нүдээр харж байна. zochin(202.55.183.131) та хүний зовлонгоор бүү тохуурх. өөрт зовлон ирээгүй болохоор хүн мэддэггүй юм. эсвэл та тэр отгонбаяр эмчийн хамаатан юмуу. үгүй бол зовж байгаа энэ охиноос уучилалт гуйгаарай

  • zochin (202.55.183.131)

    2013-05-31

    ene setguulch nar hunii muud durlaj eldviig bochihee bolimoor ym .Ene emch bas tiim ch yahaa aldsan hun bish shuu dee .alivaa ovchin helj irdeggui hiisch irdeg ch boloh ym bolohgui ym gej bh bh l daa.

  • seegii (124.158.111.154)

    2013-05-31

    Ger buleeree edgene bolno butne gesen itgel naidlagatai baih heregtei shuu. Emnelegt garch baigaa aldaa zurchliig hen hiichiv geheesee yunaas, yagaad bolov gedgiig bodoltsoh htei yum shig. Achaalliig nzohitsuulahgui, tonog tuhtuurumj bagaj heregsliig n saijruulmaar shuu Udval saidaa.

  • (203.91.117.4)

    2013-05-30

    udval gants salbariig sistemeer ni ungasan hun uls orniig udirdah ni yu bhavdee. ene saidiin buyanaar ene heden emch, emnelgiin ajilchid ni ard tumnii hamag muu muuhaigaar heluulj bool ni bolj bna

  • unen (76.170.253.157)

    2013-05-30

    udbal abgai eruul mendiin salbariig bur ch doroituulchixlaa. tegchixeed eronxiilogch bolno geed yabaad baiddag, buruu xoishoo ch boldoo xoorxii. yachixsan uls gexeeree iim xuniig ulsiin ix xurald songoj baidag yum dee

  • (203.91.117.4)

    2013-05-30

    hurdan edgeer eh orondoo ihiig buteegch sn hun bolooroi. gehdee ene setguulchdiig uzen yadaj bna. hunii muud durlagchid, neg uhriin ever dorgihod myangan uhriin ever dorgino gegcheer salbaraar ni l muulchlah yum.

  • кк (122.201.18.27)

    2013-05-30

    дорноговийн мэсийн эмч нар мэдлэг мэргэжил муу,тэгээд их зантай ялангуяа энэОтгонбаяр бол зан харьцааны доголдолтой харьцахад тун хэцүү шүү дээ энэ хүмүүстээ анхаарал хандуулах цаг хэдий нь болсон шүү Удвал сайдаа