О.Балжинням: Анх удаа шүүгчтэйгээ дэлхийн аваргад оролцоно

 Казахстаны Астана хотноо энэ сарын 24-29-нд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ жилийн дэлхийн аваргад 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Дэлхийн аваргад нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцохыг зөвшөөрдөг бөгөөд манай улсын хувьд медаль хүртэх магадлалтай хөнгөн жингүүддээ ач холбогдол өгч тус бүр хоёр тамирчин оролцуулахаар болжээ. Харин хүнд жинд тамирчин оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын жүдо бөхийн холбооноос гаргасан байна. Учир нь манай хүнд жингийн бөхчүүдийн амжилт энэ удаагийн дэлхийн аваргад өрсөлдөхөд дутмаг байгаа гэж тэд үзсэн байна. Сүүлийн жилүүдэд дээд жиндээ хүч үзсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 66 кг-д өрсөлдөх аж. Мөн-100 кг-д олимпын аварга Н.Түвшинбаяр хүч үзэхээр болжээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь олимпын өмнө болж буйгаараа онцлог. Манай улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин О.Балжинням ажиллах юм байна. Өчигдөр спортын төв ордонд салбарын яамнаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Балжиннямд тамирчдын зардал, виз, өмсгөлийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ үеэр гавьяат тамирчин О.Балжиннямаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Шигшээ баг ямар зорилготой Астанаг зорьж байна вэ?

 

-Юун түрүүнд өнгөрсөн жилийн амжилтаа бататгахыг хичээнэ. Бидний амжилт сугалаа, шүүлт зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. Тиймээс юу ч болж мэдэх юм. Астана Улаанбаатар хоёр гурван цагийн зөрүүтэй юм билээ. Тиймээс барилдаанууд өдрийн цагаар голдуу болно. “С1”, “Sport box”, “ETV” телевизүүд албан ёсны эрхтэйгээр дэлхийн аваргыг шууд дамжуулна. Тиймээс үзэгчиддээ хандаж хэлэхэд тэмцээнээ үзэж, тамирчдаа сайн дэмжээрэй гэж хэлмээр байна.

 

-Энэ удаагийн дэлхийн аваргын онцлог юу вэ?

 

-Манай жүдо бөхийн холбоо болон тамирчид олон жилийн турш дэлхийн аварга, олимпод ажиллах эрхтэй шүүгчтэй болохыг хүсч ирсэн. Энэ хүсэл биелж дэлхийн аваргад анх удаа монгол шүүгч оролцож буйгаараа энэ удаагийн дэлхийн аварга онцлогтой болж байна. М.Бөхбат маань энэ жилээс эхэлж олимп, дэлхийн аваргад шүүгчээр ажиллах эрхтэй болж байгаа юм.

 

-Тэмцээний зардал хаанаас гарч байгаа вэ?

 

-Тамирчид, дасгалжуулагчийн зардал болох 266 сая төгрөгийг салбарын яамнаас гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн хангаж чадсан.

 

-Тамирчид хэзээ Астанаг зорих вэ?

 

-Багш, дасгалжуулагчаас бүрдсэн 50 хүний баг маргааш Астанаг зорино. Энэ сарын 23-нд сугалаатай. Харин 24-ний өдрөөс барилдаанууд эхэлнэ.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ihtugchin (122.201.21.53)

    2015-08-22

    Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 3 удаа түрүүлж, бух олимпиадуудын хамгийн том амжилтуудын нэгийг үзуулсэн хүү байна: Edward Batmendijn, Словакийн иргэн. Овог нь Батмэнд эсвэл ийм словак нэр байдаг юм болов уу? Монголчууудын бас нэг бахархал уу? Манай монголчууд түүхэндээ 2 хүрэл медаль хүртэж байсан юм байна.