Ж.Цолмон: Сайд байсан гэж бичүүлэхийн төлөө Эрүүл мэндийн салбарыг золиосонд гаргаж байна

 

       "Эксперт ярьж байна" ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Цолмонг урьж ярилцлаа. Гурван Засгийн газрын үед таван жил эрүүл мэндийн салбарыг удирдан ажиллаж байсных нь хувьд түүнтэй энэ салбарт тулгамдаад буй зарим нөхцөл байдал хийгээд цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

 

-Юуны өмнө урилгыг маань хүлээн авсан танд талархаснаа илэрхийлье.Саяхан сэтгүүлд өгсөн ярилцлагыг тань уншсан.Өнгөрсөн сонгуулиас хойш нам гүмхэн амьдрах болсон Ж.Цолмон хатагтай өөрийн амьдралын талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан байна лээ.Тиймээс энэ сэдвийг орхиод элгээрээ хэвтчихээд байгаа Эрүүл мэндийн салбарын талаар яриагаа эхлэе.Энэ салбарыг хэт улстөржүүлснээс болоод хөгжих биш хөшиж байна, үндсэндээ "сэхээнд" орчихлоо гэх зэргээр төрийн бодлоготой холбож ярьж, шүүмжилж байна.Та энэ салбарыг багагүй хугацаанд удирдсан хүнийхээ хувьд одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг хараад ямар дүгнэлт хийж байна вэ."Сэхээнд" орчихсон энэ салбарыг сэргээх ямар боломжууд байна вэ?

 

-Эрүүл мэндийн салбар гэдэг маш том, чухал салбар.Өнөөдөр эхийн хэвлийд бий болох гэж байгаа хүүхдээс эхлээд хорвоог орхих хүртэл тэдэнтэй хамт байдаг салбар.Ихэнхи улс орон эрүүл мэндийн салбараа улс төрөөс ангид гол салбараа болгосон байдаг л даа. Өөрөөр хэлбэл, ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн эрүүл мэндийн салбарынхаа урт, дунд хугацааны стратегийн бодлогыг дэмжээд явдаг.Энэ бол үндсэндээ дэлхийн жишиг. Харамсалтай нь манай улсын хувьд салбарт  улс төрийн томилгоогоор шинэ хүн ирээд өмнөх засгийн үед эхлүүлсэн, хийсэн, хийж байгаа ажлуудыг таслан зогсоож, огт өөр зүйлүүдийг хийдэг, ажилчдыг нь халж, сольдог. Өөрөөр хэлбэл, залгамж холбоо гэдэг зүйл алдагдчихсан байна л даа.  Тийм учраас эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид, стратегийн гол салбар болгох шаардлагатай байна.

 

Мөн эрүүл мэндийн салбарт төрөөс өгч байгаа зардал маш бага байгаа.  Үүнийг ДЭМБ-аас зөвлөмж болгоод байгаа ДНБ-ний зургаан хувьд хүргэх, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгах хэрэгтэй байна. Иргэд эрүүл мэндийн даатгалд зориулж татвар, шимтгэл төлж байгаа бол тэр нь эргээд өөрсдийнх нь эрүүл мэндийг дэмжихэд л зориулагдах хэрэгтэй. Ядаж энэ гурвыг хийгээд эхлэхэд энэ салбар маань арай өөр болох болов уу гэж бодоод байгаа.

 

- Сүүлийн үед улаан бурхан өвчинөөр бяцхан үрсээ алдсан ээж, аавуудын харамсал, цөхрөл, нулимсаар "будагдсан" мэдээлэл цахим орчинд их гарч байгааг та харсан байх. ЭМСЯ-наас дорвитой арга хэмжээ авахгүй байх шиг. Таны хэлсэнтэй санал нэг байна. Энэ салбарт тогтвортой бодлого байхгүйгээс болж олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч байна?

 

- Сэтгэл эмзэглүүлж, өр өвтгөм харамсалтай энэ нөхцөл байдалд би эх хүнийхээ хувьд, эмч хүнийхээ хувьд шүүмжлэлтэй хандаж, өөрийн бололцоогоор энэ асуудалд оролцоод явж байна. Гэхдээ бид байгаа байдлыг зөв үнэлж дүгнэх хэрэгтэй байна. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч асан надад хандаж хэлж байсан."Бид өчнөөн сая долларыг танай эрүүл мэндийн салбарын хүмүүсийг чадавхжүүлэхэд сургасан. Гэтэл одоо "А" гэж ярихаар өөдөөс "Я" гэж байна."Тэмээ" гэхээр "Ямаа" гэх юм. Ийм төрийн бодлого гэж байдаг юм уу" гэж байгаа юм.Тодруулбал, арай гэж бэлтгэж мэргэшүүлсэн эмнэлгийн ажилчдыг сольж, хольсоныг хэлж байгаа хэрэг.Дээрээс нь өчнөөн сар, жилээр эмнэлгүүд даргагүй явлаа.Энэ бүгд чинь хаос хэлбэрт орох, хүмүүс үүрэг хариуцлага, сурсан мэдсэнээ мартагнах байдалд хүргэсэн байна.Мөн эдийн засгийн хямрал зэрэг хүчин зүйлээс болоод ард иргэд эрүүл мэнддээ анхаарах ёстой гэдгээ ч мартсан байна.

 

Улаанбурханы хувьд 1973 оноос нэг тунгаар дархлаажуулалтыг үндэсний хэмжээнд нэвтрүүлж эхэлсэн.Үүнээс хойш 1989 оноос хоёр тун болгож өргөжүүлсэн.Үндсэндээ 2010 оныг хүртэл гурван удаагийн дэгдэлт гарсан байдаг. Гэтэл 2015 онд дахин дэгдэлт үүслээ. Энэ нь олон  шалтгаантай. Улаанбурхан өөрөө тарилгатай өвчин учир дархлаажуулалтад маш сайн хамрагдах хэрэгтэй байдаг. Жил бүр дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийн тоо 1989 оноос өнөөг хүртэл хуримтлагдсан өвчлөлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.  

 

Мөн ээж нарын дархлаажуулалт маш муу байна.Энэ нь нэг талаараа нийгмийн ядууралтай холбоотой. Ээжүүд маань асар их ажиллаж, стресстэж байна. Энэ нь эргээд улаанбурханаар өвчлөх  нөхцлийг бий болгоод байгаа юм.  Өөрөөр хэлбэл, дархлаагүй ээжээс дархлаагүй хүүхэд төрдөг.Тиймээс төрийн маш зөв оролцоо, бодлого яахын аргагүй чухал.

 

-Үр, хүүхдээ алдсан эцэг эхчүүд эмч, эмнэлгийн байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Харамсалтай хэдий ч эцэг эхчүүдийг, өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч нарыг ч буруутгах аргагүй санагдсан. Та Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эмч нар ажлын хариуцлага алдсан тохиолдолд тэдэнд хүлээлгэх ял шийтгэлийг нэмэгдүүлсэн  асуудал дээр нэлээд "хатуу" байр суурь илэрхийлсэн байсан. Гэхдээ нөгөө талдаа  эмч нар хариуцлага алдсанаас үүдэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирвол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр "чанга хууль, чадваргүй эмч" энэ хоёр балансыг яаж тэнцвэржүүлбэл дээр вэ?

 

-Эмч хүн алдаа гаргах эрх байхгүй.Тийм ч учраас дэлхий дахинд энэ бүхнийг хамгийн хатуугаар авч үзэж хуулийн хариуцлага тооцдог.Хүний төлөө тангараг өргөж үйл ажиллагаа явуулдаг мэргэжил учраас эмч хүн ерөөсөө л хүний сайн сайхны төлөө ажиллах ёстой.Алдаа гаргасан бол стандарт зөрчигдөж үү, тэр стандартыг эмч санаатайгаар зөрчсөн үү гэдгийг тогтоож, хариулцлага тооцох учиртай.Тухайн стандарт юунаас болж зөрчигдөв.Тэр хүний биеийн байдал ямар байсан зэрэг олон зүйлээс авч үзэх хэрэгтэй.Хуульчид эмч хүн биш.Тиймээс хуулийн шийдвэр гаргахаас өмнө мэргэжлийн байгууллагын шийдвэрийг сонсохоос гадна олон улсын туршлагаас судлах хэрэгтэй.Ер нь эмч хүн санаатайгаар хүний амь насанд халдах зүйл хийдэггүй.Хийсэн бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээх нь зүй ёсны хэрэг. Хамгийн гол нь гэм бурууг нь хэрхэн шийдвэрлэх талаар хуулиндаа нарийвчлан заах шаардлагатай. Ингэхгүйгээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлаад мөрдөж эхэлбэл эмч болгонд эрүүгийн хэрэг үүсгээд ажлыг нь хийлгэхгүй цалгардуулах нөхцөл байдал үүснэ шүү дээ.Үүний цаана ард иргэд л хохирно.Тэгэхээр зайлшгүй дагаж мөрдөгдөх хууль тогтоомжид анхаарах хэрэгтэй.

 

Хүний эрүүл мэндээр тоглож, гараа угааж болохгүй, эрүүл мэндэд нь очих ёстой зөв зүйтэй зүйлсээс хумсалж болохгүй

 

-Эрүүл мэндийн яамыг толгойлж байсан гурван ч сайд авлигын хэргээр шалгагдлаа. Энэ нь Эрүүл мэндийн салбар хээл хахууль өгч, авдаг гэсэн ойлголт хүмүүст өгч байна?

 

-Хүн өөрийгөө маш сайн мэдэж, бодож байж тухайн суудалд очих ёстой юм болов уу.Би ямар төрлийн хүн билээ, би энэ салбарт ирэхдээ яах гэж ирж байгаа билээ гэдгээ маш сайн бодох шаардлагатай байх.

 

Эрүүл мэндийн салбарт ирж байгаа хүн бол өөрийгөө золиосонд тавих гэж л ирж байгаа хүн байх ёстой.Хувийн ямар ч эрх ашиг, бүр гэр бүлээ хоёрдугаарт тавиад зөвхөн Монгол Улсын иргэдийн сайн сайхны төлөө явна гэсэн тэр хүсэл эрмэлзэл, зоригтой хүн л энэ салбарыг удирдах хэрэгтэй.Хүний эрүүл мэндээр гараа угааж болохгүй, тоглож болохгүй. Хүний эрүүл мэндэд очих ёстой зөв зүйтэй зүйлсээс хумсалж болохгүй.Эрүүл мэндэд нь зориулагдах мөнгөнөөс хулгайлна гэдэг байж болшгүй үйлдэл.Тэгэхээр үүнд улс төрийн намууд ч, томилогдож байгаа хүн ч анхаарах ёстой. Манай эрүүл мэндийн салбар хатуу салбар. Тэнцэхгүй хүнийг яаж  лоббидсон тэнцүүлдэггүй салбар шүү.

 

Яг л гадны биет шиг аваад хаячихдаг.Тэгэхээр энэ салбарын төлөө зүрх сэтгэлтэй, эх оронч хүн л энд ирж ажилладаг болохоос биш явцуу өчүүхэн бодолтой хүн ажиллавал түрүү, түрүүчийнхээ түүхийг давтана гэсэн үг.

 

-Сүүлийн үед цахим эрүүл мэнд төсөлтэй холбоотой асуудал сөхөгдөөд эхэллээ.Тодруулбал, хятадын компанийн хөрөнгө оруулалтыг татахын тулд эрүүл мэндийн салбарын мэдээллийг хятадуудад өгөх нь гэх хардлага явж байна?

 

-Манай эрүүл мэндийн салбар нэлээн цахимжсан салбар болж байсан.Миний ажиллаж байх үед өөрийнхөө өрөөнөөс нэгдсэн эмнэлгүүдийн дарга нар, бүсийн оношлогооны төвүүдийн үйл ажиллагааг шууд хянах боломжтой болгосон байсан. ГССҮТ дээр л гэхэд  оочир нэмэгдвэл тэр болгоныг хараад зохицуул гээд хэлчих төвшинд хүрчихсэн. Мөн зайны оношлогоонуудыг хийж эхэлж байсан.Тэр бүү хэл аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдоод тэнд оношлогдож чадахгүй байгаа өвчтөнийг заавал Улаанбаатар руу ирүүлэхгүйгээр оношлох хэмжээнд хүрсэн байсан.

 

Би өөрөө гадаад төсөл хөтөлбөр хариуцдаг байсан хүний хувьд үүнд маш их анхаарсаны үндсэн дээр эрүүл мэндийн яамны серверийг шинэчилж, хамгийн орчин үеийн серверийн өрөөг стандартын дагуу тохижуулсан. Анх удаагаа дэлхийн банкнаас цахим эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлж эхний 150 мянган доллараар судалгааг хийж, 25 мянган долларын санхүүжилтийн эхлэлийг тавьж дараагийнхаа хүмүүст хүлээлгэж өгчихөөд явсан.Одоо хэрхэснийг сайн мэдэхгүй юм.

 

-Улс төрд эргэн ирсэн Ж.Цолмон хатагтайтай ярилцаж байгаа болов уу гэж бодож байна.Таны цаашдын ажлын зорилго, төлөвлөгөөг сонирхож болох уу. Эрүүл мэндийн салбартаа ажиллах бодол бий юу?

 

-Би өөрөө эмч хүн.Тиймээс эмч мэргэжил, эмнэлгийн салбараа хөгжүүлэхийн төлөө л явна.Миний хувьд ямар ч салбар энэ салбарыг орлохгүй.Бусад улсад бол тэргүүлэх чиглэлийн салбар байдаг шүү дээ.Харин энэ салбар Монгол Улсад уначихаад байгааг ард түмэн хэлж байна.Удирдлагагүй болж, хүрсэн амжилт, дэвшлээс ухарч байна.Салбарын ой санамж алддагдаж хаашаа явахаа мэдэхгүй болчихож.Үнэндээ энэ салбарыг дэндүү улс төржүүлж, улс төрийн дамжаа маягийн салбар болгочихсон.Хэн нэгэн хүрч ирээд сайд байсан гэдэг үгийг бичүүлэхийн төлөө золиосонд гаргаж байна.Гэтэл энэ чинь салбар амьд салбар шүү дээ.

 

Хэдэн мянган эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн.Тэр хүмүүс зүгээр л цагаа бүртгүүлчихээд явдаг зарим салбартай адилгүй.Үнэндээ  гэртээ ч тайван унтаж чаддаггүй хүмүүс. Гэтэл тэдний нийгмийн халамжийн байдал ямар байна.Хичнээн өрх толгойлсон эмэгтэй цалингаас цалингийн хооронд явж байгааг хэн ч анхаардаггүй.Одоо бүр тэд гэмт хэрэгт өртөх, эрсдэх, хамгаалалтгүй орчинд байна.Салбар нь эзэнгүй, салбарыг нь салбарынх нь хүн удирдаагүй, салбарын хэмжээнд сэтгэж бодоогүйтэй энэ бүхэн салшгүй холбоотой.

 

-Таныг сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа тухай мэдээлэл байна.Үүнд албаны ёсны хариулт өгнө үү. Ерөнхийдөө нэг үеэ бодвол улстөрд эмэгтэйчүүдийг дэмжих хандлага нэмэгдсэн юм шиг. Энэ парламентад түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн ажиллаж байна?

 

-Энэ жилийн сонгуулийн тухай хуулинд эмэгтэйчүүдийг 30 хувь гэж заасан.Энийг зөвхөн нэр дэвших квот гэж ойлгоод байгаа.Гэтэл энэ суудал хамгаалах квот. Өөрөөр хэлбэл, энэ хуульд  76 гишүүний 23 нь эмэгтэй байна гэж заасан гэсэн үг. Тэгэхээр ард түмэн энэ хуулийн дагуу 76 гишүүний 23 нь эмэгтэй гишүүд байх ёстой гэж бодож эмэгтэйчүүдээ дэмжиж саналаа өгөхийг уриалж байна.

 

Миний хувьд залуу насаа нам, улстөрд зориулсан. Энэ утгаараа надад төрд ажиллах арвин их туршлага байгаа.Түүнчлэн төрийн бус байгууллага цаашлаад тодорхой нэг салбарыг хөгжүүлж амжилтанд хүрсэн туралага ч байна. Өөрийнхөө мэргэжлээр салбартаа оруулсан хувь нэмэрч бий.

 

Ер нь хүн "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэг. Би ханьтайгаа маш сайхан амьдралыг хамтдаа цогцлоон бүтээсэн байна. Мөн нас, асар их эрч хүч, туршлага, мэдлэг байна.Улс орон маань надад маш их оюуны хөрөнгө оруулалт хийсэн.Энэ хөрөнгө оруулалтыг өөрийн бүхий л боломжоор буцааж өгөх ёстой гэж боддог.Үүний төлөө би яваад байна.Зөв явбал их удаан юманд хүрдэг юм байна.Гэхдээ бодитой байдаг.

 

Надад "хуруу дүрэхгүй байж хошуу бүү дүр" гэсэн алтан зарчим бий

Харвардын их сургуулийн профессор Ден Феннийн хамт

 

-Танай намын бага хурал болж байна.Танай намын зүгээс эмэгтэйчүүдээ энэ сонгуулиар хэр дэмжих бол?

 

-Өнгөрсөн сонгуулиар манай намаас УИХ-д хоёр эмэгтэйг гаргасан.Угтаа бол ганцхан эмэгтэй гишүүнтэй байхаар байсан ч генсек асан У.Хүрэлсүх нэрээ татаж Сарангэрэл гишүүн гарч ирсэн.Гэтэл АН болон бусад намууд 9 эмэгтэйг бүрдүүлж чадсан.Энэ нь жагсаалтаа зөв гаргасантай холбоотой болов уу.Ер нь жагсаалтыг өнөөдрийн нийгмийн сэтгэлгээ төлөвшөөгүй, эмэгтэйчүүдийг төдийлөн удирдах төвшинд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бодлогоор л гаргаж ирдэг.Энэ бол дэлхий нийтийн жишиг.Энэ жил манай нам арай өөрөөр явах байх гэж найдаж байна. Манай намын гишүүдийн 50 гаруй хувийг эмэгтэйүүд бүрдүүлдэг.Тиймээс намынхаа удирдлагын итгэлийг авах хэмжээнд ажиллаж өнөөдрийг хүрсэн үзэж байгаа. МАН бол бусад улс төрийн хүчнийг бодвол боловсон хүчнээр давуу шүү дээ.

 

-Таныг Америкт байх хугацаандаа дэлхийн шилдэг гэгдэг Харвардад сурч байна гэж сонсож байлаа. Ямар мэргэжлээр сурсан бэ?

 

-Багш нарынхаа буянд дэлхийн олон улс оронд урилгаар  очиж, лекц уншиж, номын дуу сонсож мэдлэг, мэргэжлээ дээшлүүллээ. Мөн улс төрийнхөө мэдлэгийг дээшлүүлэхээр дэлхийн том, том удирдагч нарыг бэлтгэдэг улс төрийн ухааны дээд сургууль Харвардад сурсан.Үүний хажуугаар өөрийн мэргэжлийн чиглэлээр "Эрүү нүүрний гажиг заслыг дэлхийн жишигт хүргэх" гол зорилгоо биелүүлэхийн тулд олон улсын стандартад нийцсэн шинэ техник технологийг оруулж ирсэндээ баяртай байгаа.

 

-Багш нар гэснээс та олон жил эрдэмтэн, судлаач нартай хамт ажиллаж байсан юм билээ?

 

-Тийм ээ.Эрдэмтэдтэй ажиллаж байсан маань ертөнцийн муу муухай зүйлээс тусгаарлаж байсан болов уу гэж боддог.Асар их ухаарлыг өгч, тэр хүмүүсээс би их зүйл сурч мэдсэн.  "Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн"-д  найман жил ажиллахдаа улс төрд боломжийн бэлтгэгдсэн гэж боддог шүү/инээв/. Энд би сарын 100 долларын цалинтай ажиллаж байлаа.Гэсэн ч би 100 долларын цалиндаа харамсч, цалингаа ахиулая гэсэн нэг ч хүсэлт тавьж байгаагүй юм.Харин ч асар их эрх чөлөө, ирээдүйг бий болгож байсан.Харамсалтай нь одоо манай залуучууд юун түрүүнд мөнгөний араас явдаг болжээ. Юу чаддагаа хүнд харуулж чадахгүй байж  мөнгө л гэдэг. Угтаа чадвараа, өөрийгөө харуулж чадвал чамаар хэлүүлэлтгүй үнэлгээ нь ирдэг.Би ажлаасаа гарахдаа найман жил юу хийснээ тунгаасан.Гэтэл 30 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг эрдэмтэдтэй хамтарч хийсэн байдаг юм билээ.Мөн зургаан олон улсын хурлыг зохион байгуулсан гээд олон томоохон гэж хэлж болох ажлыг амжуулсан байна лээ.Энэ бүхнээ үнэлүүлж Шинжлэх ухааны тэргүүний ажилтан гэдэг шагнал авч байсан маань миний жинхэнэ оюуныг үнэлсэн хамгийн үнэтэй шагнал санагддаг.

 

-"Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн"-д байхдаа өөрийгөө улстөрд бэлдсэн гэсэн үг үү. Яаж, энэ талаараа тодруулж болох уу?

 

- Улс төрд би нэг л өдөр орчихоогүй. Миний бүх л бүтэн хорь орчим жилийн амьдрал шүү дээ. Би 1998 оноос эхэлж улстөрч болох бэлтгэлээ таван чиглэлийг баримталж хийсэн. Нэгдүгээрт, сурч, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж салбараа хөгжүүлэхийн төлөө хөдөлмөр, оюун санаагаа зориулсан.

 

Хоёрдугаарт, улс төрд орохын тулд аль нэг намыг сонгох ёстой байсан.Тиймээс намаа сонгож эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн оролцоог дээшлүүлэх тал дээр өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьсон.Ингээд намынхаа дэргэдэх Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр сонгогдон 9 жил ажилласан.

 

Гуравдугаарт, хүмүүнлэгийн ажил.Анх удаа Монгол улсад яс шилжүүлэн суулгах хагалгаануудыг хийж, уруул тагнай сэтэрхий олон хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж байлаа. Мөн эрүү, нүүрний гажиг заслынхаа чиглэлээр анхны холбоог байгуулан ажиллаж байсан учраас энэ чиглэлийн эмчилгээг маш олон хүүхдэд хийсэн.Цаашлаад төрөлхийн гажигтай, чихгүй хүүхдүүдэд хиймэл чих хийлгэх гэх мэтчилэн шинэ технологийг нэвтрүүлж ард түмэндээ үйлчилж байсандаа баяртай явдаг.Үүний хажуугаар хүүхдийн "Бүжинлхам" бурханыг бүтээх санаачилга гаргаж, анхны хөдөлгөөн "Улаан зүрхтэн"-ийг зохион байгуулж байсан юм.Тухайн үед СГЗ, уран хатгамалч Цэрмаа тэргүүтэй уран хатгамалчид найман сар уг бурханыг зээгт наамлаар бүтээгээд 2006 оны зургаан сарын 1-нд Жанрайсаг бурханы баруун талд залж байсныг санаж байна.

 

Тэр үед бас нэгэн арга хэмжээ зохион байгуулсан нь цусны хорт хавдартай хүүхдүүдэд дутагдсан эм тариаг нь олж өгөх үүднээс хөдөлгөөн өрнүүлж хандивын тоглолт хийсэн юм.Гэвч энэ маань бодож байсан хэмжээнд хүртэл ашиг тусаа өгөөгүй, бизнесээр бол "шатсан".Гэхдээ би харамсаагүй.Хариуцлагаа ганцаараа үүрсэн. Үүний дараа би өөртөө "Гар хөдөлж, толгой ажиллаж байгаа цагт энэ ажлаа хэрэгжүүлнэ" гэж амалсан.

 

Ингэж өдөр, шөнөгүй ажиллаж багш нарынхаа дунд дахин хөдөлгөөн өрнүүлж байж тухайн хүүхдүүдэд 80 мянган долларын эм тариаг нь оруулж ирж өгөөд сэтгэлийнхээ өрнөөс гарч байлаа.Энэ мэтээр хүмүүнлэгийн ажил маань олон арваар нэрлэгдэн үргэлжилсэн дээ.

 

Дөрөвдүгээрт, залуучуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэхийг хичээсэн.Хамгийн эхэнд Хөвгөл аймагт "Хөвсгөл шинэ зуун" нэртэй анхны клубыг байгуулж байсан.Ингээд нам, эвсэл харгалзахгүй 7000 мянган гишүүнтэй болсон.Сар болгон хувиасаа тэдгээр залуучуудыг цалинжуулдаг байлаа.

 

 -Таныг намынхаа дотоод шинэчлэлд гар бие оролцож явсан гэж сонссон юм байна?

 

- Тийм ээ. Намынхаа дотоод ардчилалыг бэхжүүлэх зорилгоор жигүүрт хүртэл орж явлаа. Энэ хугацаанд ад үзэгдэж ч , дэмжигдэж ч явлаа.  Гэхдээ бид намдаа шинэчлэл авчирсан. Нэг хүний удирдлага, захиргаанд байсан байдлаас намаа гаргаж чадсан. Тиймээс дотоод ардчилалыг бий болгохын тулд манай жигүүр, хөдөлгөөнүүд тухайн үеийн улс төрийн түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж боддог.  Нам ч ялсан. Монгол Улс ч бусад улс оронд тоогдох хэмжээний нэр хүндтэй болж эхэлсэн. Улс орны эдийн засаг ч сайжирсан.

 

Надад урагшаа явах зам байна уу гэхээс буцах зам байхгүй

 

-Таны туулж өнгөрүүлсэн амьдрал арвин их түүхтэй, хүчтэй, хэзээ ч харамсахааргүй басхүү "цагаахан" атаархал төрүүлэм юм аа. Бас одоо ч таниас эрч хүч "ханхалж" байна?

 

-Миний өнгөрүүлсэн мөч болгон маш үнэтэй.Тэр болгоныг би өөрийнхөө хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарж өнгөрөөсөн болохоор тэр. Хэрэв надаас нэг хүн өнөөдөр чи буцаад залуу болвол юу хийх вэ гэж асуувал би "Үгүй ээ би өнөөдрийнхөө амьдралд аз жаргалтай байна. Өнөөдрийг хүртэл асар их хөдөлмөрлөсөн.Тиймээс би хэзээ ч ухрахгүй.Надад зөвхөн урагшаа явах л ирээдүй байгаа.Хэрвээ би алдсан бол алдаагаа давтахгүй байхын төлөө, хэрвээ би зорьсондоо хүрч чадаагүй бол тэрнийхээ төлөө, бусдын төлөө их зүйл хийж чадаагүй бол тэр бүхний төлөө надад урагшаа явах зам байна уу гэхээс буцах зам байхгүй.Би амьдралынхаа мөч болгоныг байлдаж олсон" гэж хэлэх байсан.

 

-Таны охидууд ээж шигээ ийм дайчин уу.Одоо юу хийцгээдэг вэ?

 

- Том охин маань хоёр ч дээд сургуулийг улаан дипломтой төгсөж, мастераа 100 хувь хамгаалаад өөрийн мэргэжлээр ажиллаж байгаад докторын зэрэг хамгаалахаар Тайвань явсан.

 

Бага охин  ахлах сургуулиа төгсөөд мөн л шалгалтаа амжилттай өгч, Нью-Йоркын эдийн засгийн сургуульд хоёрдугаар курсэд сурдаг. Миний хоёр охин хүмүүжилтэй, дуулгавартай, авьяаслаг, нээлттэй охид.Ханьтайгаа нийлсэнээс хойш 27 жил боллоо.Бага хугацаа биш шүү.Хүн шударгаар, хөдөлмөрөөрөө, чадвараараа карьер өсгөх замаар амжилтанд хүрч болдгийг үнэн бодитоор нь харуулсан хүн бол миний хань.Мэргэжлээрээ бүх албан тушаалд нь ажиллаж, үнэнч байж, улс төр хөөж, бусад салбар луу орж дунд нь бизнес хөөсөнгүй.Зогсолтгүй явсан түүх.Бид хоёр салбар салбартаа амжилт гаргахын төлөө явсан маань талаар болоогүй.

 

- Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ноос санаачлан Соц-Интерний Эмэгтэйчүүдийн байгууллагын Азийн бүсийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ хурал манай улсад зохион байгуулагдах нь ямар ач холбогдолтой вэ. Ямар асуудлуудыг хэлэлцэх вэ.Андуураагүй бол та НАМЭХ-ны УЗ-ын гишүүн байх аа?

 

-Манай эмэгтэйчүүдийн холбоо анх удаа Азийн бүсийн Соц-Интерний Эмэгтэйчүүдийн хурлыг хийх гэж байна.Энэ хурал бол АСЕМ-ын хуралтай эн тэнцэхүйц, олон талын ач холбогдолтой.

 

Нэн  тэргүүнд, Монгол Улс дэлхийд ямар байр суурьтай байгааг харуулж байна.Идэвхтэй, үнэлэмжтэй улс орон байж энэ хурлыг авна.Мөн ардчилсан улс гэдгээ дэлхий нийтэд таниулах ач холбогдолтой.Цаашлаад  эдийн засгийн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ. Монгол Улсаа зөв зүйтэйгээр суртачлах боломж гарч ирж байна.

 

Хуралд эмэгтэйчүүдийн асуудлыг ихээр хөндөж ярина.Учир нь 2030 он хүртэлх НҮБ-ын 71 дугаар чуулганаар тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэвшүүлсэн.Үүнд 2030 гэхэд хүйсийн тэгш байдлыг бүхий л шатанд 50, 50 хувь хүргэж, тэнцвэртэй байдлыг хангах зорилт тавьсан.Тэгэхээр эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангаж, эдийн засаг, жендер, улс орны бүхий л хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангах талаар ярилцана.Энэхүү хурлаас Улаанбаатарын тунхаглал гэж гарна.

 

Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд, улс төрд жендерийн хүйсийн ялгаа байхгүй болсон.Бүх зүйл эмэгтэй хүний уян хатан бодлогоор явж байдаг шиг чухал нандин асуудлыг мэддэг эмэгтэй хүн улс төрд байх хэрэгтэй.Улс төрд баланс хэрэгтэй.

 

Үүнд дэлхий нийтийн чиг хандлага явж байгаа.Манай улс явж байгаа ч зоригтой шийдлүүд хийж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Жишээ дурьдахад, Скандинавын орнуудад эрэгтэй, эмэгтэй хүний улс төрийн төлөөлөл эн тэнцүү байдаг. Бид энд хүрэхийн төлөө зорилго тавих ёстой.

 

 -Бизнесийн салбарт ажиллаж байгаа залуус улс төр рүү "урвах" хандлага их байна. Энэ нь эерэг гэхээсээ илүү сөрөг имиж болоод байх шиг?

 

-Том компаниудын эздийн хүүхдүүд мөнгөөр улс төрд орж ирдэг гэсэн хялбар ойлголтой болчихсон байна л даа. Энэ нь бусдын бололцоог хааж давуу эрх эдэлж байгаа хэрэг.Гэтэл ардын хүүхэд мэдлэг боловсрол, чаддаг зүйлсээрээ улс төрд гарч ирэх боломж нь нээлттэй гэх мөртлөө мөнгө хандиваас шалтгаалаад гацчихдаг байж болохгүй. Энэ муухай улс төрийн тогтолцоог халах цаг болсон.Мөнгө өгч орж ирсэн хүмүүс эргүүлж мөнгөө авахын төлөө л улс төр хийнэ шүү дээ.

 

Эл асуудал даамжирсаар улс орны төлөө явж байгаа бодлого маань компаниудын эрх ашгийг хамгаалах гээд байгаа юм шиг харагдаад байгааг олон нийт хэлж байна. Яахав, бизнес эрхэлдэг залуус туршлага сууж, төрийн болоод намын эгнээнд орох гэж байгаа бол анхан шатнаас нь явж тодорхой хугацаанд хүч хөдөлмөрөө зарцуулж, бусдад үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдвөл зөв болов уу гэж боддог.

 

Ярилцсан Г.Долгорсүрэн

Эх сурвалж: http://www.zuvsongolt.mn/page/newsmore/929

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (13)

  • nyamaa (203.194.118.55)

    2016-04-25

    ih hurald sanaatai um bhdaa ehiin sanaa urd -uriin sanaa uulandaa gej ta nar tuingaa jagsaaltgui bson ha haha

  • (183.81.169.23)

    2016-04-25

    ataarhatsgagad bolioch, manaih shig hamgiin gol 2 salbaraa hamgiin chadvrgui humuuseer said bolgodog teneg togtoltsoo bhgui unen l yum helsen bn shde. Bolovsroliin yam eruul mendiin yam 2g zugeer oron too nuhuh gj bga yum shig sonin garuud udirdaj bn

  • fggf (122.254.126.2)

    2016-04-25

    ene balai huhen luu horoo tsereg tsubuuulah yumsan

  • (150.129.143.218)

    2016-04-25

    Bayriin zabhkuul

  • zochin (202.9.40.243)

    2016-04-24

    balai huuhen gee biz dee

  • Наранхүү (103.57.93.218)

    2016-04-24

    С.Баяртай сайн байсан, түүний хүчинд л явж байгаа шүү дээ.Янаг амраг байна гэдэг чинь бас унцтай шүү.

  • Наранхүү (103.57.93.218)

    2016-04-24

    С.Баяртай сайн байсан, түүний хүчинд л явж байгаа шүү дээ.Янаг амраг байна гэдэг чинь бас унцтай шүү.

  • зочин (103.57.94.223)

    2016-04-24

    С.Баяр даргатай явдаггүй гэсэн

  • Ehner (103.57.95.176)

    2016-04-24

    Reklam huuhen

  • uujim (59.153.114.121)

    2016-04-23

    Sooton haltar chimeeneer gedeg chig boloh yum daa. Saidad sanaarhaad. Bolij uz dee.

  • zochin (150.129.140.173)

    2016-04-23

    Ene emegteig ***** gutge. Bayar dargatai yavalddaggui. MAN dotroo l ontsgoirno doo

  • boss (182.160.0.229)

    2016-04-23

    Баяр даргын бруун гар

  • (182.160.0.229)

    2016-04-23

    Баяр даргын баруун гар