Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжин, эдийн засгаа тэтгэх нь Засгийн газрын гол зорилт

Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 10 орчим хувиар, үйлчилгээний салбар 3.4 орчим хувиар тус тус өсөхөөр байгаа нь голлон нөлөөлж байна. Харин 2016 онд уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурахаар хүлээгдэж байгаа тул тус салбар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээргүй байна.

Дэлхийн зах зээл дээрх манай улсын экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн бууралттай холбоотойгоор хүлээгдэж буй гүйцэтгэлээр экспортын хэмжээ 2015 онтой харьцуулахад 14.4 хувиар буурахаар байгаа бол эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотойгоор импортын хэмжээ 2015 оноос 12.5 хувиар буурахаар байна.  

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2 хувийн, нийт зарлага 91.0 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,974.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий  -8.1 хувьд хүрээд байна.

Түүнчлэн, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна.

Төсвийн орлогын ийнхүү буурахад татварын бус орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнийн бууралт, импортын бууралт, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны төвшин, борлуулалт, төлбөрийн чадвар муудсан зэрэг гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас нөлөөлсөн байна.

Монгол Ардын Намын УИХ-ын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурласан болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдэж байна.

Хөтөлбөрийн эдийн засгийн бодлогын бүлэг нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 1 дүгээр үе шатны зорилтууд, Эдийн засгийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 2 дугаар үе шатны зорилтоос бүрдсэн. Эхний үе шатанд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг аажмаар бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зохистой арга хэлбэрээр зөөлрүүлж, эдийн засгийн дархлааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаар үе шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийн эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжин, эдийн засгаа тэтгэх явдал манай Засгийн газрын гол зорилтын нэг байх болно.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа нь төрийн бодлогын залгамж чанарыг дээдлэн ажиллах ёстой. Иймээс өмнөх жилүүдэд УИХ-аас тодорхойлон гаргасан дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, мастер төлөвлөгөө зэрэг баримт бичгээр нэгэнт тодорхойлогдож, хэрэгжиж ирсэн улс орны болон салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол улс олон улсын байгууллагуудын өмнө гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, өмнөх жилүүдэд авч ашиглаж ирсэн зээлийн төлбөрийг гүйцэтгэх, мөн цаашдын урт, дунд хугацааны хөгжлийн асуудлаар хамтран ажиллах үүргээ биелүүлэн ажиллах болно.Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлж, гадаад зэх зээлийн эрсдэлээс шууд хамаарах хамаарлыг бууруулах болно. Манай улсын эдийн засгийн нэг чухал үндэс болсон мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих, малчин тариаланчдынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол малчин, Монгол мал малжуулах хөтөлбөр, Атрын III-р аян, Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн, Мах сүүний анхдугаар аян зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулахаар боллоо. 

 Эдийн засгийг төрөлжүүлэх өөр нэг боломж болох аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хамт, хөдөө аж ахуйн түүхий эдийг илүү үнэ цэнд хүргэж, экспортод гаргах боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн Засгийн Газрын яамдын бүтцэд үйлдвэрлэлийг дэмжих, нэмэгдүүлэх, нэгжийг байгуулж өгсөн болно. Улс орны хөгжлийн нэг гол тулгуур болох Хүний хөгжлийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж байна. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгалаа. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд макро эдийн засгийн болон гадаад зах зээлийн орчин төдийлөн тааламжтай бус байгаа өнөөгийн нөхцөлд бид тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн УИХ, Засгийн газар, Монголбанк төдийгүй хувийн хэвшил, олон нийт, ард иргэдийн идэвхитэй оролцоо, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал болж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай тогтоол батлагдан гармагц бид Засгийн газрын хуралдаанаар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа шуурхай орохоор төлөвлөн ажиллаж байна. Иргэдээ ядуурлаас аварч, эх орноо өрийн дарамтаас салгаж, эдийн засгаа хямралаас гаргаж, төрийн дампуурлыг засахын тулд хамтын эв хүчээр хамтдаа нэгдэн зүтгэхийг та бүхэндээ уриалж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (2.64.179.38)

    2016-08-30

    2 alham hoish 1alham uragshaa kkk