Пол Битти: Расизмын талаар бичихэд зохиолчийн арьсны өнгө хамаагүй

 

        Их Британийн уран зохиолын дээд шагнал Бүүкер призерийн эзнээр анх удаа АНУ-ын зохиолч тодорсон нь Пол Битти юм. Өнгөт арьстнуудын эрх чөлөөний тухай голлон бичдэг тэрбээр “Худалдаа” зохиолоороо 2016 оны Бүүкерийн шагнал хүртсэн байна. Лондонд энэ сарын 25-нд болсон шагнал гардуулах ёслолд Английн хунтайж Чарльз оролцжээ. Бүүкерийн шагналыг 61 мянган ам.доллар дагалддаг аж. Энэ жил 54 настай зохиолч Пол Биттийн “The paris review” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Та арьс өнгөний үзлийг шүүмжилсэн зохиолууд бичдэг. Ер нь энэ сэдвийн талаар цагаан арьст зохиолчид ямар хандлагатай байдаг юм бол?

 

-Би энэ талаар тодорхой хариулт хэлж чадахгүй нь. Гэхдээ арьс өнгөний үзлийн тухай бичсэн дэлхийн шилдэг 15 номны жагсаалтад цагаан арьст зохиолчдын бүтээл байдаг шүү дээ. Мөн Ази, Латин Америк зохиолчдын бүтээл ч багтдаг. Тиймээс расизмын талаар бичихэд зохиолчийн арьсны өнгө хамаагүй болов уу.

 

-“The White Boy Shuffle” зохиолдоо та намтраа бичсэн юм шиг санагддаг?

 

-Романы гол дүр надтай олон талаараа төстэй. Би цагаан арьстан хүүхдүүдтэй сургуульд суралцсан. Тэд надаас хар арьстнуудын талаар их асуудаг байв. Ингэх нь тэдэнд сонирхолтой бас хөгжилтэй байсан биз.

 

-Та яагаад Бостоноос Нью-Йоркт нүүж ирсэн юм бэ?

 

-Би Бруклинд багшлахаар 1988 онд НьюЙоркт нүүж ирсэн. Эхний жилүүд үзэн ядмаар хэцүү байлаа. Бруклиний дунд сургуулийн уран багш нас барж, сургуулийн захиргаа намайг урьсан юм. Эндээс би багшлах туршлага хуримтлуулсан.

 

-Нью-Йорк зохиол бичихэд хэр тохиромжтой хот вэ?

 

-Би хаана ч зохиолоо түвэггүй бичдэг юм. Гэхдээ Лос-Анжелест зохиол бичих онгод илүү төрдөг.

 

-Та нэгэн ярилцлагадаа Курт Воннегутын бүтээлд дуртай гэснийг уншсан. Түүнтэй уулзаж байсан уу?

 

-Би залуу байхдаа Курт Воннегутын “Аваргуудын өглөөний цай” бүтээлийг уншсан. Надад гүнзгий сэтгэгдэл үлдээж билээ. Харамсалтай нь би түүнтэй уулзаж байгаагүй бөгөөд Курт Воннегутын тухай бага мэддэг.

 

-Та афро-американ зохиолчидтой хэр холбоотой байдаг уу?

 

-Надад африк гаралтай америк гэдэг нэршил таалагддаггүй. Хар арьстан байна гэдэг асуудал биш. Би хар арьст зохиолчдын уулзалтад оролцдог.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)