Мексик АНУ-аас эрдэнэ шиш импортлохоо зогсооно гэв

 

        Мексикийн сенатор Армандо Риос Питер АНУаас авдаг байсан эрдэнэ шишээ Бразил, Аргентинаас худалдаж авах тухай хуулийн төслийг танилцуулна гэж “CNNMoney” сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр ярьжээ. Тэрбээр “Энэ бол дайсагнасан харилцаа юунд хүргэдгийг тэдэнд мэдрүүлэх сайн арга юм” гээд АНУ­ын хандлага өөрчлөгдөнө гэж найдаж буйгаа уламжилсан байна. Ерөнхийлөгч Д.Трамп Мексикийн бараа бүтээгдэхүүнд 20­35 хувийн татвар ногдуулах тухай мэдэгдэл гаргаад удаагүй байгаа билээ. Үүнээс гадна Хойд Америкийн чөлөөт худалдааны түншлэлийн хэлэлцээрт дахин нэгдэхийг хүсч буйгаа илэрхийлсэн аж. Тиймээс АНУ­ын энэхүү үйлдэлд Мексик улс хариу барьж байгаа нь энэ аж. Мексик бол АНУ­аас хамгийн их эрдэнэ шиш импортолдог улсын нэг юм байна. 1995 онд 391 сая ам.долларын эрдэнэ шишийг Мексик рүү гаргасан бол 2015 онд 2.4 тэрбум ам.долларт хүрчээ. Импортын хэмжээ нь 1994 оны Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн дараагаар ийнхүү өссөн байна. Энэ нь АНУ, Канад болон Мексик улсын гурван талт худалдааны хэлэлцээр ба олонх эдийн засагчид үүнийг Мексикт хамгийн ашигтай гэж дүгнэдэг аж. Мексик улс уг нэрийн бүтээгдэхүүнийг худалдаж авахаа зогсоовол АНУ­ын газар тариалан эрхлэгчдэд томоохон хохирол учирна хэмээн судлаачид үзэж байна. Хөдөө аж ахуйн “DTN” фирмийн ахлах шинжээч Дарин Нивсом “Гадаад худалдааны бодит өрсөлдөөн үүсвэл эрдэнэ шишийн зах зээлд ч нөлөө үзүүлж, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн байдал ч савлах болно” гэжээ.

 

М.ЯНЖИНДУЛАМ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)