Захирал нь баривчлагдсан “Жи Тайм” компани МҮХАҮТ-д Platinum гэх зэрэглэлээр бүртгэгджээ

“Жи Тайм” корпорацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал М.Марат гэж хүн хилээр гарах гэж байгаад цагдаагийнхан баригдаад байгаа. Тэрбээр Казакстаны Хууль зүйн сайдын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Гэвч Казахстан улсаас манай улсад суугаа Элчин сайд  К.Кобландин “Cүүлийн үед G-time гэдэг компанийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл цацагдаж байна. Энэ бүхэн бидний анхааралд байгаа.

Тус компани сүлжээний бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ анхны тохиолдол биш. 1990 онд ОХУ-д “MMM” гэсэн ийм төрлийн компани байсан. Ер нь ийм компаниуд үйлдвэрлэлийн шугамаар үйл ажиллагаа явуулдаггүй. Харин санхүүгийн пирамид хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний уншсанаар тус компани Монгол Улсад салбараа нээсэн байна.

Тэдний ярьж байгаа шиг тус компани Казахстан улсын Ерөнхийлөгч болон бусад төрийн байгууллагатай ямар ч холбоогүй. Мөн манай Элчин сайдын яамтай ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Энэ асуудлыг Монголын цагдаа сэргийлэх, холбогдох байгууллага нь шалгаж эхэлсэн байна. Удахгүй шийдэлд хүрнэ байх гэсэн бодолтой байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Тэгэхээр  “Жи Тайм” корпорацийн удирдлагууд Казакстаны Хууль зүйн сайдын зөвшөөрөлтэй гэж худлаа ярьж байсныг элчин сайдын мэдээлэл харуулж байгаа юм.

Бас болоогүй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Жи Тайм” корпорацийн арга хэмжээнд оролцож өргөмжлөл гардуулсан гэсэн утгатай мэдээлэл гарсан. Засгийн газраас уг мэдээллийг эрс няцаасан.

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос “Жи Тайм” -д шалгалт оруулж,  үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль зөрчиж байгаа талаар мэдэгдэл гаргасан юм. Тэгснээр энэ сүлжээнд элсээд, шаардлагыг нь хангаж хүн элсүүлж чадаагүй, мөнгөө авч чадаагүй олон иргэн хуулийн байгууллагад хандаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Хилээр гарах гэж байгаад баригдсан Ж.Маратын дансанд  6 тэрбум төгрөг байсныг битүүмжлээд байгаа аж. Хуулийнхан тэр мөнгөний эх үүсвэрийг шалгаж тогтоохоор ажиллаж байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд “Жи Тайм”-ынхан үйл ажиллагаа нь эргээд хэвийн явагдана гэдэгт итгэлтэй байгаа аж.  “Жи тайм” компанийн спонсор Ж гэж хүн medee.mn сайтад өгсөн тодруулгадаа  “-Энэ долоо хоногийн эхнээс манай оффис үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Хүн элсүүлэх үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Хөдөө орон нутагт ч мөн адил үйл ажиллагааг түр зогсоосон байна лээ. Хэд хоногоос манай компаний үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Хууль бус зүйл хийсэн гэж бодохгүй байна. Бид бол цалинжиж ажиллаж байсан хүмүүс. Манай удирдлагуудыг шалгаж байгаа гэсэн. Гэхдээ дээрээс бид нарт санаа зовох зүйлгүй, бүхэл бүтэн улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа учраас шалгах шалгуулах ёстой зүйл гарч ирж байгаа юм гэж тайлбарласан. Хэд хоногоос компани хэвийн ажиллана гэж найдаж байгаа.” хэмээн ярьжээ.  Тэгэхээр эдгээр хүмүүсийг санаа зовох зүйлгүй байж бай гээд дээрээс хэлээд байгаа хүн нь Ж.Марат захирал нь уу, Ж.Марат захирал Монголын хуулийнхнаас айхгүй байх хэмжээний хамгаалалт, артай юу гэхчлэн асуултууд дагаж буй юм.

Мөн энд зайлшгүй өгүүлэх ёстой нэг асуудал бол Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Жи Тайм Корпорэйшн” ХХК-ийг Platinum гэх зэрэглэлээр бүртгэж авч байжээ. Мөн гоо сайхны бүтээгдхүүн, цай импортлогч гэжээ.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт хийхэд нөхцөл байдал өөр байсан байдаг. Тус хорооноос мэдэгдэл гаргахдаа “Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон “олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа нь хэдийгээр Санхүүгийн зохицуулах хорооны хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг, эрхлэх асуудал болон зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналтын хэрэгслүүд ашиглан явуулж буй зохицуулалтад хамаарахгүй боловч иргэд олноороо хохирч болзошгүй нөхцөл үүсээд байгаад түгшин, Казакстан Улсын “G-Time” корпорацийн Монгол дахь салбар гэх “G-Time корпорейшн” ХХК-ийн ажилтай танилцлаа.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиж үзэхэд энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ хийхгүй байгаа нь илэрхий байв. Түүгээр үл барам, бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтанд хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байна.

Тус компаниас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа “Автомашины хөтөлбөр” нь иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй “хууран мэхэлж ашиг хонжоо олох” хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна. Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” гээчийг явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээн дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм.

Тиймээс “G-Time корпорейшн” ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд анхааруулж байна гэсэн байдаг юм.

 Shuurhai.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)