Д.Алтанхуяг: Хөрөнгө оруулагч нартаа зориулан тусгайлсан вэб сайт ажиллуулж байгаа

        “Монголын геологи хайгуул” IX дэх чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа. Энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуул хэлтсийн дарга Д.Алтанхуягтай ярилцлаа. 

 

-Монголд одоогоор хичнээн тусгай зөвшөөрөл байна вэ?

 

-Монгол улсад нийтдээ хайгуул ашиглалтын 3000 гаруй тусгай зөвшөөрөл байгаа. Энэ нь ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Үүнээс ашигт малтмалын хайгуулын чиглэлийн тусгай зөвшөөрөл 2000 гаруй байгаа. Мөн үүнээс гадна улсын төсвийн буюу сайдын багцад багтсан геологийн суурь судалгааны ажил 2017 онд 9,3 тэрбум төгрөг батлагдсан. Түүнчлэн монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан металл ашигт малтмалын тархацын зүй тогтолын судалгаа хийгдэж, энэ онд дуусах ёстой. 

 

-Судалгааны ажилд жилд хичнээн төгрөг төсөвлөдөг юм бэ?

 

-Улсын төсвөөс сүүлийн хэдэн жил ойролцоогоор есөн тэрбум орчим төгрөг зарцуулдаг. Хувийн хэвшлийнхэн жилдээ 300 орчим тэрбум төгрөгийг дундажаар төсөвлөгддөг. 

 

-Геологи хайгуулын ажлын хүндрэлтэй бэрхшээлтэй асуудал нь юу байна вэ?

 

-Сүүлийн үед нэг бэрхшээлтэй асуудал бол орон нутагтаа харилцах харилцаа. Мэдээж уул уурхай биш болохоор байгаль орчны асуудал нь харьцангуй гаагүй байдаг. Ердийн нутаг судлалтын асуудал учраас энэ талынх нь зүгээс гаагүй байна. Орон нутагт хийх гол судалгааны ажил хийгдэхгүй, нэгж талбайд хийх зардлын хэмжээ баталгаажихгүй байх үе бий. Үүнээс болоод тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр харагдах зүйл гардаг. Энэ нь маргааны эх үүсвэр болдог тал бий. 

 

-Орон нутагтаа харилцаагаа сайжруулахын тулд юун дээр илүүтэй анхаарах ёстой юм бэ?

 

-Орон нутагтаа хийх уулзалт их чухал. Тухайн байгууллагын орон нутагтаа өөрийнхөө үйл ажиллагааг таниулах, ач холбогдлыг нь нэмэгдүүлэх, харилцан орон нутгаа дэмжиж тал дээр анхаарах ёстой гэж харж байгаа. 

 

Ер нь хэрэгжүүлэгч агентлагийн хувьд орон нутагт хийх уулзалтуудыг эмх цэгцтэй, дэс дараатай хийх нь зөв юм уу гэж харж байна. Тэр дундаа нэг бүрчлэн уулзаж чадахгүй учраас бүсчилсэн байдлаар уулзалт хийх хэрэгтэй байгаа юм. 

 

-Хайгуулын явцад ямар, ямар ашигт малтмалын олдоц элбэг байдаг вэ?

 

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг ямар нэгэн ашигт малтмалын  чиглэлээр өгдөггүй. Хайгуул хийж байгаа компани тусгай зөвшөөрөл авсан нутаг дэвсгэр дээрээ бүх төрлийн ашигт малтмалыг судлах үүрэгтэй. Тиймээс алтны эсвэл зэсийн гэсэн тусгай зөвшөөрөл байхгүй. Жилийн ажлын тайлан ирүүлж байгаагаас нь тандаж үзвэл энэ чиглэлийнх нь давамгай байна гэсэн зүйл харагддаг. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд Алт-2 хөтөлбөрийг гаргасантай холбоотой болохоор энэ чиглэлийнх нь илүү их дэмжигдээд явж байгаа. Үүн дээр 1000 гаруй тусгай зөвшөөрөл бий. 

 

-Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрч чадаж байна уу?

 

-Сүүлийн үед уналттай байсан эрдэсийн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байна. Үүнтэй уялдаад хөрөнгө оруулалт хэр орж ирэх вэ гэсэн асуудал шууд хамаарна. Тусгай зөвшөөрөл нэмж олгож байгаатай холбоотой энэ салбарт хөрөнгө оруулалт нэмж орж ирж улс орны эдийн засгийн өнөөгийн байдлыг сайжруулах байх гэж харж байгаа. Тиймээс Монголын геологи хайгуул 2017 гэсэн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь хөрөнгө оруулагчдыг татах үндсэн чиг үүрэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Мөн хөрөнгө оруулагч нартаа зориулан Ашигт малтмал, газрын тосны газраас тусгайлсан вэб сайт ажиллуулж байгаа. 

 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)