Татвар нэмэх нь зөв үү, буруу юу

 

        УИХ-аар үдээс хойшхи нэгдсэн чуулганаар  Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Тодруулбал,  долоон төрлийн татвар нэмэхээр  төсвийн тодотгол оруулж ирсэнтэй холбогдуулан сүүлийн өдрүүдэд багагүй асуудал үүсээд байгаа юм.  Төсвийн алдагдлыг нөхөх, зээл авах, зарим томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд тулсан зүйл олон байгаа хэдий ч үүнийгээ дагаад улстөржилт давхар явагдаж байна гэж харж болох.  Үүнтэй холбоотойгоор  зарим нь улсад татвар төлөхгүй байхыг хүртэл уриалж, олон нийтийн эсрэг буруу мэдээлэл хүртэл түгээж явна. Өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, татвар нэмэх эсэхийг шийдэх юм. Ингээд татвар нэмэх нь зөв үү буруу юу гэсэн асуултанд  зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

 

- Дараах 7 төрлийн татвар нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ-

 

-Шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаах
-Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх,
-НДШ, ЭМДын шимтгэлийг  2018 оноос  тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх
-Автомашины насжилтаас хамаараад татварыг нь  3-15 хувиар нэмэгдүүлэх
-Архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх
-Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцох /2017.04.01-нээс/
-Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулна 

 

 

УИХ дэмжих байх гэж найдаж байгаа

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 

 

        -Бид боловсруулсан төсөвтөө  ямар ч байсан Валютын сангийн тавьсан долоон төрлийн татвар нэмэх асуудлаа тусгасан байгаа. Өргөн барьсан төсвийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд эцэслэн батлах үүрэгтэй. Миний хувьд Засгийн газрын өргөн барьсан хувилбарыг УИХ дэмжих байх гэж найдаж байгаа. зөвхөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хууль хэрэгжинэ. Хэрэгжих хугацаа нь ирэх тавдугаар сарын 1-нээс тооцогдоно. Бусад татвар 2018 оноос хэрэгжинэ. 
               

 

Дэлхийн бүх улс ингэж л шийдэж байгаа

 

УИХ-ын гишүүн Н.Оюун-Эрдэнэ:

 

        Дэлхий дээр өндөр орлоготой нь өндөр татвар төлж, бага орлоготой нь бага татвар төлдөг. Дэлхийн бүх улс ингэж л шийдэж байгаа. Татварын шаталсан бодлого дэлхийн бүх улсад хэрэгждэг. Ингэж байж л сургууль, цэцэрлэгээ барьж, ингэж байж л бүтээн байгуулалт хийж, ингэж байж л орлого бага байгаа давхаргаа дундаж давхарга руу оруулж ирж, нийгэм өөрөө тогтвортой, популизм газар авахгүй. Архи, тамхи гэх мэт тансаг хэрэглээн дээр татвар тавихаас арга байхгүй. Орлого талыг бүрдүүлж байгаа энэ алхмыг хийхээс өөр аргагүй. ОУВС-гийн шаардлага бидэнд гашуун сонсогдож байна гэдэг бол олон улсын стандартаас манай улсын төсөв  санхүү, сахилга бат ямар хол зөрүүтэй, утгагүй байж ирсний тод илрэл. ОУВС -гийн хөтөлбөрт орохоор болж, 580 сая ам.долларын өр төлсөн нь иргэдийн амьдралд бодитой нөлөөлж эхэлж байгаа. Ядаж л малын түүхий эдийн үнэ өсөж байна. Төсвийн зарлагыг бууруулах талд санал байна. Иргэдийн бухимдаж байгаа зүйл бол зарлага тал дээр хасалт хийж чадахгүй байна, биднээс татвар аваад зөв зүйлд зарцуулж чадаж байна уу гэдэг дээр дуу хоолойгоо илэрхийлж байгаа. 

 

 

Ядуурал улам бүр нэмэгдэнэ

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

 

        -Эдийн засаг хямарчихсан, хүн ам орлогогүй, дийлэнхи нь цалингийн, тэтгэврийн гээд зээлтэй болчихсон байна. Энэ үед  эмзэг хэсэг рүү очиж байгаа мөнгийг багасгах юм бол ядуурал улам бүр нэмэгдэнэ. Энэ асуудал дээр анхаарах ёстой. Хоёрдугаарт эдийн засаг хямрахаар компаниуд хүнд байдалд ороод ихэнхи нь банкны хугацаа хэтэрсэн зээлийн өр, авлагатай болчихсон явж байгаа. Өнгөрсөн оны өдийд 300 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байсан бол одоо нэг их наяд болчихсон байгаа байх. Төлж чадахаа больчихсон гэсэн үг. Энэ үед нь татварыг нэмбэл ямар байх вэ. Гал руу бензин хийсэнтэй адилхан. Компаниуд улам хүндэрнэ.

 


            Дарга нарын тансаглалыг дэмжсэн зардлыг багасгах ёстой

 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж:  

 

        -Татвар нэмэх асуудал нь ард түмний нуруунд дарамт болно. Бүх төрлийн татвар иргэдэд ачаалал болно. Заавал татвар нэмэхгүйгээр, өөрөөр хэлбэл улсын төсвийн зардлыг хэмнэж асуудлыг шийдэх боломж байгаа.  Тодруулбал, төрийн нэг албан хаагч дунджаар 10-12 сая төгрөгийн зардалтай ажилладаг. Тэр зардлынх нь 60 хувь цалинд, 40 хувь төрийн албыг хэвийн явуулах урсгал зардал болж очдог. Зарим төрийн алба илүү бага зардлаар ажиллаж болно. 80 хувь нь цалин 20 хувь нь бусад зардал маягаар. Ингэхэд есөн сая төгрөгийн зардал гарна гэсэн үг. Төсвийн урсгал зардлыг багасгах талаар хангалттай ажиллах боломж бий. Төрийн албан хаагчдын цалинг хасахгүйгээр, урсгал зардлыг танах боломж Засгийн газарт байна. Дарга нарын эрх мэдэл, тансаглалыг дэмжсэн зардлыг багасгах ёстой.

 

 Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.181.181.188)

    2017-04-12

    tatwar nemh mash buruu iim baiwal man 4 jiliin daraa zasgaas buuna shvv turiin alband shurgalsan oron toogoo ysuuluh heregtei ded saiduud olon dawhardsan oron toogoo has suuts umchilugchdiin holboog tatan buulga ardiin nam zasag barij baihdaa batalsan huuli huuliin erhgui busdiig muljih erhtei gazar gej zuwhun mongold bna oron suutsnii kompand niiluuleh heregtei