Н.Дүгэрсүрэн: МЧБХ байр, машин, мөнгө төгрөг өгсөндөө л өнөөдөр буруутан болж байна

 

        Монголын чөлөөт бөхийн холбооны Хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хүндэт шүүгч, Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн гуайтай ярилцлаа. Тэрээр холбооныхоо багш, дасгалжуулагч, тамирчдаа удаа дараа ёс бус үйлдэл гаргаж сахилга бат, дэг журмаа зөрчиж байгаад нь харамсч байгаагаа илэрхийлээд, цаашид ийм зүйлтэй эвлэрэхгүй гэв. Ингээд түүнтэй чөлөөт бөхийн холбооны өнгөрсөн үе хийгээд өнөө үеийн хөгжлийн талаар ярилцсанаа хүргэе. 

 

-Ингэхэд та чөлөөт бөхтэй хэзээнээс холбогдсон юм бэ. Сүүлийн үед холбооны удирдлагууд руу, ахмад үеийнхэн рүүгээ чөлөөтийнхөн маань дайрч, давшлах нь ихэслээ. Энэ талаарх бодлыг тань эхэлж сонсох нь зүйтэй байх?

 

-Монголын чөлөөт бөхийн холбоо анх байгуулагдсан цагаас л үйл ажиллагаанд нь оролцож ирсэн. Үндсэндээ амьдралынхаа 50 гаруй жилийг чөлөөт бөхийн спортын төлөө зориулж яваа хүн. Энэ хугацаанд болсон үйл явдлыг амьд сэрүүн байгаагийн хувьд хэлэх нь зүйтэй болов уу. Сүүлийн үед арав хүрэхгүй хүн Монголын чөлөөт бөхийн холбоог үймүүлэх болж. Ингэж үймүүлж буй нь ганц, хоёр хүний эрх ашгийг бодож хийж буй оролдлого гэж харж байна. Бусдад буруугаа чихэх гэсэн, алт болон мөнгөн үеийн тамирчдаа нулимах үйл ажиллагаа нь хэрээс хэтэрлээ. Тухайлбал, “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт Мандахнаран орсон байна билээ. Гэтэл яриан дундуураа Дамдиншарав гэж ирээд яаж гутаав, мөнгөн үед хоёр ч мөнгөн медалийг эх орондоо авчирсан Болдыг яаж гутаав, талцуулах үйл ажиллагааг яаж хийж  байна. Үнэхээр аймшигтай. Мөн Монголын бөхийн төлөө бүх насаа зориулсан Баянмөнх, Мөнхбат хоёрыг иш татаж ирээд юу гэж ярив. Дэлхийн аваргаас, олимпоос хүртэл бүх медалийг нь авчирсан ахмадуудаа нулимж ирээд ярьсан түүнийг ямар оюун ухаантай хүн болохыг нь Монголын ард түмэн ялгаж, салгаж олж харсан байх. 
 

 

-Та түрүүн холбоог үймүүлээд байгаа арав хүрэхгүй хүн бий гэлээ. Тэднийг нэрлэж болох уу?

 

-Үүнийг удирдаж байгаа хоёр хүн л бий. Нэг нь Басхүү, нөгөө нь Биеийн тамирын агентлагийн дарга байсан Наранбаатар. Тэдэн дээр Бразилийн олимпын үеэр дэвжээн дээр хувцсаа тайлж шиддэг хоёр дасгалжуулагч, Хосбаяр, Пүрэвбаатар нар нэмэгдэнэ. Харин тамирчдаас “Алдар” нийгэмлэгийн хэдэн тамирчин байгаа юм. 

 

Ард түмэн МЧБХ хоёр толгойтой болчихоод талцаад байна гэж ойлгоод байж магад. Тийм биш шүү. Хамгийн гол нь тэнгэрийн дор хүн болж төрсөн болохоор хуулийн дор амьдрах ёстой гэдгээ тэд умартаад байна.
 

 

-Үймүүлэх болсон нэг шалтгаан нь холбоог хууль ёсных биш гэж үзэж байгаатай нь холбоотой?

 

-Ер нь бол ТББ хоёр янзын хуультай байдаг. Нэг нь гишүүнтэй, нөгөө нь гишүүнчлэлгүй. Соёл, спортын хувьд бол гишүүнчлэлгүй ТББ байна гэж цагаан цаасан дээр хараар бичсэн хууль бий. Энэ дагуу 2009 онд олон жил Басхүүгийн хувийн аж ахуй шиг удирдлага дор явсан чөлөөт бөхийн холбоог салгаж авсан юм. Ингэж салгаж авсны дараа хуралдсан хурлын дарга нь Баянмөнх аварга байсан. Хурлаараа Чинбатыг ерөнхийлөгч болгосон. Тэгээд хуулийнхаа дагуу бичиг баримтаа бүрдүүлээд өгөх үед Баянмөнх байгаагүй юм. Тухайн үед хурал даргалсан болохоор нь бүрдүүлсэн материал дээрээ гарын үсгийг нь төлөөлөөд биччихсэн хэрэг. Үүнийг нь л хууль бус гэж хэлээд, өнөөг хэр нь худал шуугиан дэгдээгээд байна.  Энэ асуудлаар олон ч удаа шүүхэд хандаж байсан ч тэд ялагдал хүлээсэн. Шүүхээс хуулийн дагуу байгуулагдсан холбоо байна гэж тогтоогоод өгчихсөн чинь тэд хувь хүн руу дайрч давшилж эхэлсэн. 
 

 

-Олон жил чөлөөт бөхийн хөгжлийн төлөө бие сэтгэлээ зориулсан хүний хувьд А.Басхүү шүүгчийн талаар сайн мэдэх байх. Энэ хүн холбоонд ажиллаж байх үедээ шүүгч нартаа боломж олгодоггүй байсан гэдэг нь үнэн үү?

 

-Чөлөөт бөхтэй холбогдсоноос хойшхи 50 жилд янз бүрийн үйл ажиллагаанд оролцож ирсэн гэж түрүүн хэлсэн. Миний хувьд насаараа шүүгч хийсэн. Тухайн үед олон улсын шүүгч болсон долоон хүн байдаг ч Басхүүг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш нэг нь ч өөдлөөгүй. Басхүү үнэндээ хувийн аж ахуй шиг л удирдсан. Жишээлбэл, Басхүү 28 жил ДАШТ, найман олимп шүүсэн байдаг. Тэр үед шүүгч байсан хүмүүс бүгд амьд сэрүүн байгаа. Тэд үүнийг нь гэрчилнэ. Холбооны нарийн бичгийн даргаа ашиглаад зөвхөн өөрөө л тэмцээн, уралдаанд явдаг байсан. Хэнийг ч өмнөө гаргаагүй. Тийм боломж ч олгоогүй.

 

Олон улсын зэрэг ахиулах семинар авдаггүй байсан. Хэрвээ авчихвал өөртэй нь өрсөлдөх шүүгчид гараад ирнэ гэж айдаг байж. Сүүлд Басхүүгийн төрсөн дүү шүүгч болсон чинь семинар авдаг болчихсон. Гэхдээ дүүгээ ДАШТ рүү найман удаа, Азийн аварга шалгаруулах тэмцээн рүү 15, 16 удаа явуулсан. Өөрөөр хэлбэл, 30 жил ах, дүү хоёр тив, дэлхийн тэмцээнийг шүүсэн. Энэ мэтээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг байхад нь бид юу ч хэлж байгаагүй.  Гэтэл одоо яав. Сүүлийн долоон жилийн хугацаанд 28 олон улсын шүүгчтэй болсон байна. Ээлжлээд л тэмцээн шүүж байна. Тэгэхээр Басхүү  тэр үеийнхээ эрх ямбыг санагалзаад  хов хөөцөлдөөд яваад байгаа нь энэ болов уу. Хэдэн хүүхдийг турхираад байхыг нь бодвол. 
 

 

-Азийн аваргад оролцуулахаар тооцоолж байсан тамирчид нэгдсэн цугларалтад гараагүй. Энэ үйлдэл нь холбооны нэр хүндийг улам л сэвтүүллээ? 

 

-Азийн АШТ-д нэрээ өгөх хугацаа нь тулчихаад байхад тэд өөрсдөө утсаа салгаад алга болцгоосон шүү дээ. Энэ үйлдлийнх нь үр дүнд МЧБХ нэрээ хугацаанд нь өгөлгүй хоцроосон гэх асуудалд орно гэж тооцоолсон байх.  Үнэндээ тамирчдыг нь оролцуулах гэж, цугларалтад гаргах гэж МЧБХ хэчнээн их сэтгэл гаргав. 

 

Энэтхэгт болох Азийн аваргаас хүртэл хасагдчихсан байхад МЧБХ хэчнээн их юм бол болж байж эргүүлээд тамирчдаа оролцуулахаар болов. Энэ бүхнийг эрүүл саруул ухаанаар бодож үзэх хэрэгтэй. Миний хувьд эх орныхоо эсрэг хийж буй бусармаг үйл явдал боллоо гэж харж байна. 

 

Үнэндээ тэдэнд ямар ч нэр нүүр гэж алга. Ахмад үеийнхнийг хэрүүл маргаанд татан оролцуулах гэж үзэж байна, үеийн юм шиг ярьж гутаан доромжилж байна. Энэ юу гэсэн үг вэ. Ийм байж болох уу. Монголын чөлөөт бөхийн холбоог үгүй хийх гээд зохион байгуулаад байгаа үйлдлүүд нь эх орныхоо эсрэг ажил болоод байгааг ер нь, ойлгож буй болов уу. 

 

Ийм ч учраас үнэн байдлыг ард түмэнд хэлж, ойлгуулах цаг нь болжээ гэж харж байна, энэ ч үүднээсээ ярилцлага өгч байгаа юм. Одоо энэ хэрүүл маргаанд цэг тавьж өгч, тамирчдаа 2020 оны олимпод нь бэлдэх хэрэгтэй байна.
 

 

-Энэ их хэрүүлээс болж мөнгөтэй хүмүүс холбооноос дөлөх болж. Одоо ч гэсэн зарим нь орхиход бэлэн байгаа юм билээ?

 

-Чөлөөт бөхөд сэтгэл зүрхээ өгч байгаа хэдхээн бизнесмэний нуруун дээр л энэ холбоо явж ирсэн. Тухайлбал, Чинбат, Дагвадорж, Сумъяабазар, Болд, Түмэн-Аюуш, Баттуул,  Бат-Эрдэнэ, Отгонбаатар, Өсөхбаяр гэсэн хэдэн хүний нуруун дээр л явж ирлээ. Энэ хэдэн хүн л хөөцөлдөж байж эх орондоо дэлхийн аваргаас гадна олон ч олон улсын тэмцээн зохион байгуулж байна. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын зардал гээд чамгүй их хөрөнгө мөнгө шаардагддаг. Сэтгэл зүрхтэйдээ л хөрөнгө мөнгөний асуудлыг нь зохицуулаад явж байна. 

 

 Сүүлийн долоон жилийн хугацаанд хэчнээн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Мөнгө нь багтаж ядсандаа ингэж зардаг гэж бодож байна уу, үгүй. Мөнгийг ургуулдаггүй юм, хөлс хүчээ урсгаж байж олдог юм. Тэр олсон мөнгөө энэ хүмүүст зарцуулсныхаа төлөө доромжуулж байгааг харах үнэхээр хэцүү байдаг. Олимпын дэвжээн дээр хувцсаа тайлсан хоёр багшаас болж /50 мянган швейцарь франк/ хэчнээн сая төгрөгийн торгууль хүлээв. Удирдах зөвлөлийн гишүүд маань он гарахын өмнө хуваагаад төлөөд дуусгасан. Энэ бол их мөнгө. Гэтэл ийм зүйлийг ч тэр үймүүлээд байгаа нөхдүүд ойлгохгүй байгаад харамсч байна. Бас нэг жишээ хэлэхэд, Алтай констракшны Бат-Эрдэнэ чөлөөт бөхийн удирдах зөвлөлөөс гарахдаа “Энэ хэдэн жил чөлөөт бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллахдаа 10 байр тамирчдадаа үнэгүй өгсөн”  гэж ярьсан. Энэ бүхнийг нь ард түмнээс нуух шаардлагагүй. 
 

 

-Гэтэл Г.Мандахнаран “Зэвүүн яриа”-гаар орохдоо холбооны зүгээс ямар ч бодит тусламж үзүүлж байгаагүй гэж ярьсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

 

-Ингэж хэлбэл алдас болно. Монголын ард түмэн мэдэж байгаа. 2015 онд медаль авсан тамирчдадаа бүгдэнд нь байр, гулдмай алт өгсөн шүү дээ. Энэ чинь бодит дэмжлэг биш үү. Миний мэдэхийн 2015 оны шинэ жилийн баяр дээр тамирчдаа байраар шагнах гээд түлхүүрээ хармаандаа хийгээд ирсэн байхад л Баяраа, Цогтбаяр хоёр зохион байгуулалттайгаар эрэгтэй тамирчдыг оролцуулаагүй шүү дээ. Цөөн хэд нь ирсэн байсан. Ийм л ухамсартай хүмүүс. Тэр шинэ жил дээр Сумъяабазар Мандахнаранд хоёр өрөө байр бэлэглэх гээд түлхүүрийг нь бариад ирснийг мэдэх юм. Түлхүүрээ халааслаад л явсан даа, хөөрхий. Мөн 2015 онд амжилт гаргасан тамирчдын дасгалжуулагч нарыг гурав, гурван сая төгрөгөөр шагнах үеэр Сумъяабазар Пүрэвбаатарт найздаа гээд хувиасаа 10 сая төгрөг өгсөн. Гэтэл Пүрэвбаатар мөнгийг нь авангуутаа энэ бол сонгуулийн шоу байлаа гэж хэлсэн байв.  Хүн ийм сэтгэлгээтэй байж болох уу. Арай ч дээ гэмээр байгаа биз. Энд бас нэг баримттай зүйл хэлэх хэрэгтэй байх. Дарханд зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр түрүүлсэн бөхчүүдэд авто машин бэлгэнд өгч байсан. Нийтдээ таван машин өгсний олонхийг нь Сүхбат аварга хувиасаа өгсөн юм. Улсын аварга болсон тамирчдадаа машин бэлгэнд өгч байсан холбоо одоо ч байхгүй. Мөн Сүхбат аварга Мандахнаранд азарга адуу өгч байсан гээд яривал бодит дэмжлэг олон бий. 
 

 

-Ёс зүйн хариуцлага, дүрэм журам гэж ер нь яах гэж байдаг юм бэ. Аль аль талдаа хариуцлагаа хүлээгээд явах ухамсар дутагдаад байна уу гэж энгийн бидний зүгээс харж байна л даа?

 

-Эцэст нь хэлэхэд, манай тамирчид, шүүгч, багийн ахлагч, дасгалжуулагч нарт ёсзүй гэж байхаа больж. Үүн дээр холбооны удирдлагууд хатуу анхаарах ёстой. Ёсзүйгүй байсан болохоор л тэд ийм байдал гаргаж байна. Жүдо бөх шиг тэр дор нь торгодог, хасдаг, хөөдөг арга хэмжээг анхнаас нь хэрэгжүүлсэн бол байдал ийм дээрээ иртэл даамжрахгүй байлаа. Бид хэтэрхий зөөлдөж, толгойг нь илснээс болж ийм байдалд хүрсэн. Яахав, олимп болох гэж байгаа юм байна, хэрүүл маргаан хийгээд яахав гэсээр их цаг хугацаа алджээ.  Үнэндээ холбоо айгаад байна аа гэж ойлгож байж магад. Тийм зүйл байхгүй шүү гэдгийг энэ дашрамд хатуу анхааруулж хэлмээр байна. Тэдэнд байр, машин, мөнгө төгрөг өгсөндөө л өнөөдөр буруутан болж байна. 

 

Гэхдээ Монголын чөлөөт бөхийн холбоо энэ үймээн самуун дэгдээгээд байгаа дөрөв, таван хүнээр дутахгүй. Цаана нь шижигнэсэн сайхан залуучууд гарч ирж байна. Тэгэхээр энэ асуудлаа нэг тийш шийдэх цаг нь болсон гэж үзэж байна. Олон жил толгойг нь илж, хангалттай доромжлуулсан шүү дээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)