Монгол Улс зэсийн баяжмалаа 100 хувь БНХАУ руу экспортложээ

 

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, оны эхний долоон сард нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өссөн нь Монгол Улсын нийт экспорт өсөхөд голлон нөлөөлжээ. Нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 97 хувийг нь БНХАУ руу гаргасан байна. Биет хэмжээ нь 90 орчим хувиар нэмэгдэж, 20.8 сая тонн болжээ. Монголын нүүрсний экспорт огцом өсөхөд БНХАУ-ын нүүрсний зах зээл сэргэсэн, мөн Хойд Солонгосын нүүрсний худалдаанд хориг тавьсан нь нөлөөлсөн байна.

БНХАУ-ын Гаалийн газрын мэдээллээр, эхний хагас жилд хориг тавьсны дараа Монголоос БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 80 хувиар өсчээ. Гашуунсухайт-Ганц модны боомтоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж буй компаниуд голлон экспорт хийж байгаа аж. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд эхний долоон сард 5.9 сая тонн нүүрс экспортложээ.

Монгол Улс зэсийн баяжмалаа 100 хувь БНХАУ руу экспортолжээ. Оны эхний долоон сард 888.7 сая ам.доллар болсон нь 2016 оны мөн үеийнхээс 14 хувиар буурсан үзүүлэлт юм Биет хэмжээний хувьд нийт экспорт 10 хувиар буурч, 852.7 мянган тонн болсон байна. Үүнд “Оюутолгой”-н экспорт буурсан нь нөлөөлжээ.

Алтны экспорт 217.7 сая доллар болсон бөгөөд 100 хувь Их Британи руу экспортложээ. Биет хэмжээгээр 5.4 тонн алт худалдсан нь жилийн өмнөхөөс 36 хувиар буурсан дүн юм. Төмрийн хүдрийн баяжмалын экспорт оны эхний долоон сард 48 хувиар өсөж, 178.2 сая ам.долларт хүрчээ. Биет хэмжээний хувьд 3.2 сая тонн болж үл ялиг буюу хоёр хувиар өссөн байна.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)