Орос, Хятадын шийдвэр өрнөдийн дургүйг хүргэсээр

Энэ сарын 4-нд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн төв штабт зөвлөлийн гишүүн 15 орон Сирид хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж санал хураахад 13 орон дэмжиж хоёр орон эсрэг саналтай байгаагаа илэрхийлжээ. 
Энэ сарын 4-нд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн төв штабт зөвлөлийн гишүүн 15 орон Сирид хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж санал хураахад 13 орон дэмжиж хоёр орон эсрэг саналтай байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн зүүн хагасын хүчирхэг гүрэн Орос, Хятад Сирийн эсрэг дээрх тогтоолыг дэмжээгүйд ихэд бухимдаж буйгаа барууны орнууд нуусангүй. Орос, Хятадын байр суурь НҮБын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд болон барууны бусад орны эгдүүцлийг хөдөлгөжээ. Тэд Сирийн эсрэг тогтоолыг батлуулахын тулд Орос, Хятадыг гарцгүй шахаанд оруулах аргыг хайж байгааг манай хойд хөршийн хэвлэлүүд онцолсоор байна. Аюулгүйн зөвлөл дэх Францын төлөөлөгч Жерар Аро Сирид цэрэг оруулах шийдвэрт санал хураасны дараа зөвлөлд хандан хэлсэн үгэндээ “Орос, Хятад сүүлийн хэдхэн сарын дотор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт хоёр дахь удаагаа хориг тавилаа. Энэ нь зөвлөлийн бусад гишүүн орныг үл тоомсорлосон хэрэг” хэмээв. Аюулгүй зөвлөлийн бүрэн эрхтэй байнгын гишүүн таван орны хоёр нь болох ОХУ, Хятад зөвлөлийн энэ шийдвэрт хориг тавьснаар олон улс Сирийн хүчирхийллийг зогсоох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм. Орос, Хятад өнгөрөгч оны аравдугаар сарын 4-нд Сирид хориг тавих Аюулгүй зөвлөлийн төлөвлөгөөг эсэргүүцэж байжээ. Хоёр хөршийн албаныхны мэдэгдсэнээр тэд барууныхны эл тогтоолыг дэмжвэл Сири Ливийн араас орох гэнэ. Эсрэгээрээ хоёр том “ар”-тай Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын бардамнал өрнөдийнхний дургүйг бүр ихээр хүргэж байна. Францын төлөөлөгч Ж.Аро цааш нь Орос, Хятад зөвлөлөөс гаргасан бүхий л шийдвэрт хориг тавьж бусдыг үл тоомсорлож байдаг гэж тус хоёр улсад олгосон бүрэн эрхийн асуудлыг эргэн харах хэрэгтэй гэдгийг тойруу утгаар дурдаж бухимдлаа илэрхийлэв. Түүнийхээр ОХУ, Хятадын дээрх шийдвэр үргэлж эмгэнэлт үр дүнд хүргэж байсан гэнэ. Үүнээс улбаалан олон улс тэр дундаа голдуу барууны орнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ОХУ Гадаад харилцааны сайд, Тагнуулын албаны даргыг Сири рүү илгээхээр болжээ. Тус улсын Гадаад харилцааны сайд
Сергей Лавров, Тагнуулын албаны дарга Михаил Фрадков нар энэ сарын 7-нд Сирид зочилж тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассадтай уулзана. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевээс зааварчилгаа авсан хоёр эрхмийг Ассадыг аядуу
байхыг сануулна гэж барууны ажиглагчид үзэж байна. НҮБ-ын тооцоогоор 11 сар үргэлжилсэн Сирийн хүчирхийлэлд хамгийн багадаа 5400 хүн амь үрэгджээ. Тус байгууллагын шинжээчид Сирийн эрх баригчдыг “АльКайда”- гаас дутахааргүй алан хядах ажиллагаа явуулж байна гэж шүүмжилсээр байгаа юм. Харин Сирийн эрх баригчд “Үүнийг үгүйсгэж цэрэг, цагдаагийн нийлсэн 2000 гаруй албан хаагч амь үрэгдсэн. Энэ нь харилцан хүчирхийлэл. Барууныхан тус улсын дотоод хэрэгт хэт хөндлөнгөөс оролцож байгаагаас ард иргэдийн Засгийн газрын эсрэг тэмцэл зогсохгүй байна” гэжээ. Аюулгүйн зөвлөл дэх АНУ-ын төлөөлөгч Сьюзан Райс Францын төлөөлөгчийн мэдэгдлийг дэмжиж буйгаа дурдаад “Москва, Бээжингийн хувийн сонирхол Аюулгүй зөвлөлийг олон сарын турш гацаанд байлгаж байна. Тэдний шийдвэрээс болж Сирийн ард түмний эрх ашиг хөсөр орхигдож байна” гэж шүүмжилжээ. Сирийг олон сарын турш хамгаалсан Арабын лиг Персийн булангийн орнуудын холбооны адил тус улсыг орхиж барууны шийдвэрт нэгдэж Сирид хатуухан арга хэмжээ авахыг дэмжсэн нь ОХУ болон Хятадыг Сирийн асуудлаар олон улсад ганцаардуулсан явдал болсон. Түүнчлэн ОХУ өөрийн оронд хэрэглэгддэг хамгийн сүүлийн үеийн пуужинг Сирид нийлүүлж байгааг Аюулгүйн зөвлөлийн гишүүн орны төлөөлөгчид мэдэгджээ. Ойрхи Дорнодын нөлөө бүхий орнуудын дэмжлэг авсан өрнөдийнхөн Ассадыг ямар ч байсан огцруулна гэдгээ мэдэгдсээр буй. Энэ бүгдийн дараа ОХУ, Хятад байр сууриа хэр удаан хадгалахаас Ассадын хувь заяа
шийдэгдэх болоод байна.
UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)