COVID-19 халдварын үеийн чих, хамар, хоолойн эрхтэний талаас гарч буй шинж тэмдгийн талаархи зөвлөмж
- 2020-04-23
- Эрүүл мэнд
- 0

ДЭМБ-н 2020 оны 3 сарын 24-ий өдрийн байдлаар дэлхий даяар нийт тохиолдлын тоо 384,527, нас баралтын тоо 16,591 байгаа бөгөөд халдварын тоо ихсэх тусам эмнэлзүйд илрэх шинж тэмдгүүд нэмэгдэж байгаа нь анхдагч тандалтын судалгаагаар нотлогдож байна.
Нас баралтын хувь нь архаг суурь өвчтэй (чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, аутоиммуний эмгэгүүд, хавдар) хүмүүст өндөр байгаа бөгөөд чих, хамар, хоолойн эмгэгүүдээс нас барсан хүмүүсийн дунд хийгдсэн судалгаа одоогоор байхгүй байгаа боловч хамар дайврын архаг үрэвсэлтэй, хамрын харшилт эмгэг, тагнайн гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүс илүү өртөмтгий байх магадлалтай гэж сэжиглэж байна.
Одоогоор, хийгдсэн анхдагч судалгаануудаас үзэхэд COVID-19 халдварын дараа нийт халдвар авагчдын 30%-д аносми буюу үнэрлэхүй нэг болон хоёр талдаа гэнэт алдагдах шинж ажиглагдаж байгаа Өмнөд Солонгосын судалгаанд дурьдсан байна. Харин Германы эрдэмтийн ажиглалтаар COVID-19 халдвар батлагдсан 3 тохиолдол тутмын 2-т аносми буюу үнэрлэхүй гэнэт алдагдах шинж тэмдэг илэрч байгааг дурдсан байна. COVID-19 халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам халуурах, хуурай ханиалгах, хоолой сэрвэгнэх анхдагч шинж тэмдэг илрэхгүйгээр дан ганц гэнэтийн үнэрлэхүй алдагдах шинж тэмдгээр COVID-19 халдвар илэрч байгааг АНУ, Франц, Хойд Итали болон Ираны мэргэжилтнүүд тайлагнасан байна. Хамгийн гол онцлог нь үнэрлэхүй алдагдах шинж тэмдэг 40-с доош насныханд илүү тохиолдож байгааг ба бусад шинжгүй залуу хүмүүс халдвар тараах боломж өндөр байгааг /2020.03.24/ анхааруулж байна.
Судлаач нарын тэмдэглэж байгаагаар шинж тэмдэггүй COVID-19 халдварын тээгчид 30-40%-д үнэрлэхүй гэнэт алдагдсан эсвэл амтлах мэдрэхүй суларсан өгүүлэмж байгаа бөгөөд магадгүй хөнгөн хэлбэрээр өвдөж, цаашид халдвар дамжуулах тээгч байх магадлал байгаа гэж сэжиглэж байна.
COVID-19 –н генийн бүтцийн онцлогоос болж хамрын хөндийн салст, тагнайн гүйлс болон нармайн гүйлсэн булчирхайд вирүс агуулагдах, эдгэсэн ч гэсэн дахин халдвараар эргэн өвдөх магадлал өндөртэй байна. Гэхдээ манай орны хувьд тохиолдлын хэт цөөн, эмнэлзүйн шинж тэмдгийн мэдээлэл бага байгаа тул нотолгоотой мэдээлэл өгөх боломжгүй байна.
Чих хамар хоолойн мэргэжлийн салбар зөвлөл болон ерөнхий мэргэжилтний хувьд Герман, Солонгос, Хятадын мэргэжил нэгт нөхдүүдтэй байнгын мэдээлэл солилцож байгаа бөгөөд Монгол мэргэжилтнүүддээ анхааруулсан байгаа. Хамтран ажиллаж буй эрдэмтдийн мэдээллээс харахад ЧХХ эмч нарын халдварт өртөх магадлал бусад нарийн мэргэжлийн эмч нартай харьцуулахад өндөр хувьтай байгаа Герман, Франц, Хятад, Итали болон Иран улсын эрдэмтэд анхааруулж байна.
Цаашид баримтлах зөвлөмж:
- Бүх насны хүмүүс өдөрт 1-2 удаа амны хөндий болон хамрын хөндийг давсны уусмалаар зайлж угаах
- Гэнэтийн үнэрлэхүй алдагдах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд маш яаралтай өөрийгөө тусгаарлах /7-14 хоног/
- Гэнэтийн үнэрлэхүй алдагдах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн эмч болон эмнэлгийг тусгаарлах арга хэмжээ авах бөгөөд COVID-19-н эсрэгбие тодорхойлох шинжилгээг давхар авна.
- Гэнэтийн үнэрлэхүй алдагдах шинж тэмдэгийг үнэрлэхүй алдагдах хамар дайврын бусад эмгэгүүдээс нэн яаралтай ялган оношлох
- Эрдэмтдийн анхдагч зөвлөмжөөр, гэнэт үнэрлэхүй алдагдах шинж тэмдэг бүхий хүнийг тусгаарлах бөгөөд өвчтөн өөрөө өөрийгөө тусгаарлаж холбогдох байгууллагуудад холбогдох байгууллагуудад мэдэгдэн, шинжилгээнд хамрагдана.
- Эмчилгээнд стеройд эмчилгээг хэрэглэхээс татгалзах
- Хамрын хөндийд мэдээ алдуулалтыг шүршиж хэрэглэхээс зайлсхийх
ЧХХ мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Э. Жаргалхүү (Анагаах Ухааны Доктор, дэд Профессор)
