Ц.Батзаяа: Сүрьеэ өвчний хүндрэлийн үед гарах мэс заслыг ЭМД-аас 100 хувь төлдөг болсон

 

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн чанарын менежер Ц.Батзаяатай ярилцлаа.

-Эрүүл мэндийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад орсон шинэчлэл хийгдэж эхэлснээс хойш өндөр өртөгтэй мэс заслыг улсаас 100 хувь даадаг болсон. Түүнчлэн сүрьеэ өвчний үеийн мэс заслыг мөн даатгалаас 100 хувь даадаг болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сүрьеэ өвчний тухайд дэлхийд нас баралтаараа өндөр байдаг. Манай улсад халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт сүрьеэ ордог. Түүнчлэн номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн дарамт өндөртөй эхний 7 улсад багтдаг.  

Тиймээс сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, эдгэрэлтийг нэмэгдүүлэх, эмчилгээний хүртээмжийг сайжруулах тал дээр ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан болон бусад холбогдох байгууллагууд өнөөдрийг хүртэл тасралтгүй ажилласаар байна.

Энэ жилийн хувьд сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд томоохон дэвшил гарсан. Өмнө нь халдварт өвчний мэс заслын төлбөрийг хувь хүн өөрөөсөө гаргадаг байсан. Үүнтэй холбоотойгоор эмчлүүлэгчид маань санхүүгийн дарамтанд их өртдөг гэсэн судалгаа гарсан. Бид энэ асуудлыг ЭМЯ-нд удаа дараа танилцуулсны үндсэн дээр эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы үед зарим төрлийн өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээг ЭМД-аас 100 хувь төлбөрийг хариуцдаг болгох жагсаалтанд сүрьеэгийн мэс заслын тусламжийг оруулсан. Уг шийдвэр хэд хэдэн сайн талтай. Нэгдүгээрт, өвчтөн болон түүний ар гэр санхүүгийн дарамтанд өртөхгүй, хоёрдугаарт тухайн тусламж үзүүлсэн эмнэлэг санхүүжилтээ гүйцэтгэлээрээ гүйцэд авдаг болсон. Өмнө нь бид жилдээ 1000 орчим том хэмжээний мэс засал хийхэд улсын төсвөөс 200 орчим мэс заслын төлбөрийн асуудлыг шийдээд, үлдсэн мэс заслын төлбөр нь иргэд, эмчлүүлэгчээс гардаг байсан.

Тэгвэл одоо энэ байдал бүрэн арилж, эмнэлэг 100 хувь санхүүжилтээ гүйцэтгэлээрээ авч, шинэ технологи, тоног төхөөрөмж сайжруулах боломжтой болж байгаа юм.

Үүнээс гадна сүрьеэ өвчний үед маш олон төрлийн эм уудаг бөгөөд энэ бүх эмийг өвчтөнүүдэд мөн л үнэгүй өгдөг.

-Сүрьеэгээр өвчилсөн иргэн өмнө нь мэс заслын төлбөрөө өөрөө төлдөг байхад хэр хэмжээний төлбөр гаргадаг байсан бэ?

- Сүрьеэгийн болон уушгины мэс засал нь өндөр өртөгтэй мэс заслын төрөлд ордог. Иргэд мэс заслын зардалд хамгийн багадаа хоёроос гурав орчим сая төгрөгийг өөрөөсөө гаргадаг байсан. Үүнийг хувь хүн 100 хувь гаргах нь тэдний ар гэрт санхүүгийн багагүй дарамт болж очдог байсныг эмчлүүлэгч нар маань хэлдэг.

2020 оны наймдугаар сарын 28-ны Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтөд зарим төрлийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг ЭМД-аас 100 хувь даадаг болгосон.

Үүний үр дүнд 2021 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлээд байна. Он гарснаас хойш Ковид-19 өвчний цар тахалтай холбоотой төлөвлөгөөт мэс заслын тоо цөөрсөн ч гэсэн өнөөдрийн байдлаар 310 орчим өвчтөн энэ төрлийн мэс засалд ороод байна.

-Сүрьеэгийн мэс засалд ямар хүмүүс заавал орох шаардлагатай байдаг вэ? 

-Сүрьеэгээр өвдсөн хүн бүр мэс засалд ордоггүй. Эмээ тасалдуулах, эмчлэхгүй удах, эмчлүүлэгч дур мэдэн эмчлэх зэрэгт хүндэрч мэс засалд орох болдог. Тиймээс иргэд сүрьеэ гэлтгүй бүх л өвчний үед хүндрүүлэлгүй эмчилгээ, оношилгоондоо орох хэрэгтэй. Эмчилгээ оройтох тусмаа л өвчин хүндэрч, хүнд хэлбэрт ордог.

"Зөвхөн сүрьеэгийн шалтгаантайгаар жилд 1000 орчим томоохон, 200-300 жижиг мэс засал хийгдэнэ"

Arslan.mn

-Өмнө санхүүгийн хүндрэлээс болж мэс засалд орж чадахгүй байх тохиолдол хэр байсан бэ?

-Зөвхөн сүрьеэгийн шалтгаантайгаар жилд 1000 орчим томоохон мэс засал, 200-300 жижиг мэс засал хийгддэг. Өмнө нь эмнэлгийн зүгээс жилдээ нийт мэс засалд орох өвчтөнүүдийн 20-30 хувьд буюу санхүүгийн чадваргүй, ар гэргүй, хүүхэд гэх мэт боломжгүй хүмүүсийн мэс заслыг үнэгүй хийж өгдөг байсан. Үлдсэн хувь нь өөрсдөө төлбөрөө төлдөг байсан.

-Иргэд сүрьеэ өвчнөө нуух тохиолдол бий юу?

-Ажил төрөл, ойр тойрны хүрээний хүмүүс гадуурхах зэрэг шинж илэрдэг учраас сүрьеэ туссан хүн түүнийгээ нуух цөөнгүй тохиолдол гардаг.

- Сүрьеэ өвчний эмчилгээ оношилгооны талаар иргэдэд өгөх зөвлөмж юу вэ?

 Иргэдэдээ хандаж хэлэхэд хавар намрын улиралд сүрьеэг ханиад томуутай андуурч дур мэдэн эмчилгээ хийх нь элбэг байдаг.

Бие сульдах, шалтгаангүй турах, 14-өөс дээш хоног ханиах, цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл сүрьеэгийн эмичд хандан хурдан оношлуулж оройтолгүй эмчилгээ хийвэл хүндрэлгүй, асуудалгүй эдгэрдэг өвчин. Мөн  урьдчилсан сэргийлэх үзлэгт жилдээ 1-2 удаа ороорой. Шалтгаангүй ядрах, турах, байнга ханиалгах, цэр гарах үед сүрьеэгийн эмчид ядаж нэг удаа хандаарай.

Сүрьеэтэй хүн өвчнөө ханиад, томуутай андуурч дур мэдэн эмчилгээ хийх, антибиотик их хэмжээгээр хэрэглэж байгаа нь хүндрэлд оруулж байна.

Гэтэл сүрьеэ нь зөвхөн өөрийн гэсэн өвөрмөц эмчилгээ хийгддэг. Түүнээс өөр ямар ч эм уугаад сүрьеэ өвчин эдгэхгүй. Тиймээс дур мэдэн эмчлэх нь ямар ч үр дүнгүй эм ууж байна гэсэн үг.

Хугацаа алдах тусмаа л хүндэрч, дараа дараагийн гарах эрсдэлүүд нэмэгдэнэ гэсэн үг.

-Өөрийгөө сүрьеэ өвчтэй гэдгээ мэдсэн бол өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн тусгаарлах вэ?  

-Сүрьеэ өвчин нь хүний биед аажмаар илэрдэг. Сүрьеэг үүсгэж байгаа бактерын онцлог хүчилд тэнцвэртэй, удаан үржиж удаан хуваагддаг учир шинж тэмдэг удаан эдгэрэлт бас удаан. Сүрьеэ өвчин нь халдварладаг болон халдварладаггүй гэсэн хоёр хэлбэртэй.  Халдварладаг сүрьеэ туссан бол халдварлахгүй болтол эмнэлэгт хэвтэх, халдварладаггүй бол гэрээр эмчилгээ хийгээд ажил төрлөө хийгээд явж болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)