Улс, нийслэлийн зам, тээврийн бүтээн байгуулалт үргэлжилсээр

Манай улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд төр, засгийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч, онцгойлон анхаарч байна. Түүний нотолгоо нь Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга нар энэхүү ажлын явцтай удаа дараа биечлэн танилцаж, үүрэг даалгавар өгсөн явдал юм.

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард дээрх бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцсан. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км төмөр замын газар шорооны ажил 81, дэд бүтцийн барилга угсралт 67 хувьтай явж байгааг танилцуулсан байна. Энэ нь нийт гол замын 201 км-ийг “гараас гаргасан” гэсэн үг юм. Энэхүү төмөр замыг 2022 оны долоодугаар сард ашиглалтад бүрэн оруулахаар шамдан ажиллаж байгаа бөгөөд төмөр замыг барьж дуусгаснаар дотоодын нүүрсний тээврийн зардал дөрөв дахин буурч, жилдээ 30 саяас дээш тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Мөн бэлчээр сүйтгэх, хөрс, агаарыг бохирдуулах явдал, дуу чимээ, тоосжилт эрс буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хамгийн гол нь Тавантолгойн бүлэг ордын орчим дахь уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэж, байнгын 2000 орчим ажлын байр бий болно. Үүний үр дүнд улсын төсөвт жилдээ 20-28 сая ам.долларын татварын орлого төвлөрүүлнэ хэмээн тооцож байгаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын захиалагчаар “Тавантолгой төмөр зам” компани, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэйшнл” ажиллахын зэрэгцээ төслийн ажилд дотоодын 200 гаруй аж ахуйн нэгж, 3000 орчим инженер техникийн ажилтан, ажилчид оролцож байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн гол төмөр замын урт 416.2 км, дэлгэмэл урт нь 463 км байх бөгөөд үүнийг дагасан нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Үүнээс 422 км замыг угсарч дуусгаад зөрлөгүүдийг Улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Уг төмөр замаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрсийг тээвэрлэж экспортлохоос гадна уур уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал түлхэц үзүүлэх болно гэж тооцоолсон. Төмөр замын суурь бүтцийг дотоодын 46 аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд гүйцэтгэж байгаа бөгөөд төмөр замыг дагасан 30 орчим уул уурхайн томоохон орд газар эдийн засгийн эргэлтэд орох юм. Тиймээс төмөр замын дээрх бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амлаж байлаа.

ДАРХАНЫ ЗАМД АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байна. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Дарханы хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн “Багц-1”-ийн хучилт өнгөрсөн онд бүрэн дуусаж, энэ онд засал, гологдол засварлах ажил хийгдэнэ. “Багц-3”-ын ажлын талбайд 92 хүн, 66 техник тоног төхөөрөмж байршин ажиллаж буй бөгөөд зургаан хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажил явагдаж, нийт ажлын гүйцэтгэл 69.83 хувьтай байгаа аж.

“Багц-5”-ын ажлын талбайд зургаан хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн болон өмнө хийсэн суурийн засварын ажил эхэлснээс хойш гүйцэтгэл 73.57 хувьтай байна.

“Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг энэ тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулах шатандаа байгаа юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас эхэлжээ.

Уг бүтээн байгуулалтын ажлын “Багц-1”-ийн гүйцэтгэгчээр “Арж капитал” болон “М-Ойл групп” ХХК-ийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Эсто”, “Багц-2”-ын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жунмэи инженеринг групп”, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи”, “Багц-3”-ын гүйцэтгэгчээр “Жунмэи инженеринг групп”, туслан гүйцэтгэгчээр “Энх төгөл бэх”, “Багц-4”-ийн гүйцэтгэгчээр “Шанхай констракшн групп”, туслан гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК, “Багц-5”-ын гүйцэтгэгчээр “Чайна гежөүба групп” ажиллаж буй юм.

Салбарын сайд өнгөрсөн сарын сүүлээр тус бүтээн байгуулалтын ажилтай танилцахдаа, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг долоо хоног бүр графикийн дагуу гаргаж танилцуулах, гэрээнд тусгасан машин техник, тоног төхөөрөмжийг талбайд бүрэн гаргах, хөрс хуулалт, далангийн ажлын удаашралтай байгаа хэсгийг шуурхайлуулах, гүүр хоолойн ажлыг идэвхжүүлэх, хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг төслийн зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өгчээ.

МОНГОЛ УЛС АГААРЫН ХИЛЭЭ НЭЭЛЭЭ

Сүүлийн жилүүдэд тогтмол 10 орчим хувийн өсөлттэй байсан агаарын тээврийн үзүүлэлт өнгөрсөн оноос огцом буурч, 2009 оны түвшинд хүрсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад нислэгийн тоо 48, зорчигч тээвэр 72, ачаа тээвэр 54, Монгол Улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх агаарын хөлөг, орон нутгийн болон олон улсын нислэг 30-83 хувиар буурснаар салбарын орлого 67 хувиар татарч, 140 тэрбум төгрөг болж, 100 тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэвч Засгийн газрын хуралдаанаас агаарын хилээ зургаадугаар сарын 1-нээс нээх шийдвэр гаргаснаар Турк, АНУ, АНЭУ, Грек, БНЭУ зэрэг 10 гаруй улс оронд монголчууд зорчих боломжтой боллоо. Эдгээр улсад иргэд халдвар хамгааллын хатуу чанга дэглэм дор зорчиж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын холбооны улсууд хилээ бүрэн болон хэсэгчлэн хааж, зөвхөн байнга оршин суух визтэй иргэдийг нэвтрүүлж байна. Тиймээс Засгийн газар иргэдийнхээ чөлөөтэй зорчих улс орны тоог нэмэх зорилгоор дархлаажуулалт хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, түүнийг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм. Мөн ЗТХЯ, ИНЕГ болон Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар интернейшнл эйрпорт” компани, “Хөшигийн хөндийн нисэх буудал” ТӨХХК-ийн төлөөлөл оролцсон уулзалтаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлыг ирэх долоодугаар сарын 4-ний өдөр албан ёсоор нээж, ашиглалтад оруулахаа баталсан. Үүний бэлтгэл ажилтай холбогдуулан хийж буй ажил, тулгамдаж байгаа асуудал, шинэ нисэх буудлыг цаашид бүрэн хүчин чадлаар нь үр өгөөжтэй ажиллуулахад шаардлагатай арга хэмжээний талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяаши Хироюкиг хүлээн авахдаа нухацтай ярилцжээ.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БАГАСГАНА

Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах, зам засвар арчлалтын ажлууд үргэлжилж, цаашид хийх ажлаа төлөвлөж байна. Тухайлбал, Баянгол дүүрэг дэх Геологийн төв лаборатори, Хермес төв орчмын хоёр байршилд нүхэн гарц, “Барс” зах хавийн төмөр зам, үерийн далан, Дунд гол дээгүүр хоёр ч байршилд гүүрэн гарц шинээр барьж, 27.5 км авто замын өргөтгөл шинэчлэлийг хийж, Х хорооллын баруун хойд уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөөд байна. Эдгээр ажлын үр дүнд дүүргийн замын хөдөлгөөний эрчим 27 хувиар буурах боломж бүрдэж, бүтээн байгуулалтын гол холбоос болно гэж үзжээ. Хермес төвийн урдуурх Нарны замыг Алтай хотхон болон Дунд голын дагуу байрлах Тээвэрчдийн гудамжтай холбох нүхэн гарц барих бөгөөд түүний доогуур автомашин, явган хүн зорчих боломжтой байхаар төлөвлөсөн байна. Энэ нь Нарны болон Сонсголонгийн гүүрний хоорондын зайг гурван км-ээр оройтуулж, тус бүс хоорондын зорчих заагийг нэг шугамаар нэмэгдүүлснээр Нарны болон Гурвалжингийн гүүрний ачааллыг 15 хувиар бууруулахаар тооцжээ.

Улмаар дэд бүтцийн энэхүү өөрчлөлт, бүтээн байгуулалт нь Энхтайвны болон Чингисийн өргөн чөлөөний гудамж замын ачааллыг 5-12 хувиар багасгана гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Д.МӨНХЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)