Н.Учрал: Монголын парламентын үйл ажиллагаанд цахим шилжилт бодит утгаараа хэрэгжсэн

Олон улсын Парламентын холбооны Цахим парламентын олон улсын есдүгээр бага хуралд Монгол Улсын их хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал оролцож, парламент дахь цахим шилжилтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй талаарх Монгол Улсын туршлагыг хуваалцав.

Олон улсын Парламентын холбоо шинэ зууны хөгжлийн хурдасгуур болсон цахим шилжилтийн асуудлыг онцгойлон анхаарч, олон улсад туршлага судлах боломж олгосонд талархаж буйгаа УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал илэрхийлэв. Тэрбээр “Өнгөрсөн оны эхэн үеэс дэлхий нийтийг хамарсан цар тахал биднийг цахим шилжилт рүү эргэлт буцалтгүй татан оруулж, цахим хувьсгал, дижитал шилжилтийн хэрэгцээ шаардлагыг онцгойлон сануулж өглөө. Түүнчлэн бид УИХ-ын үйл ажиллагаагаа цар тахлын хөл хорионы үед тасралтгүй үргэлжлүүлж, УИХ-ын гишүүд танхимаар болон цахимаар хуралдаандаа оролцож байна. Үүнтэй уялдуулан цахим хуралдааны дэгтэй болсон нь Монголын парламентын үйл ажиллагаанд цахим шилжилт бодит утгаараа хэрэгжсэний илрэл юм. Цахим парламент болсон бас нэгэн шинэлэг ажил бол иргэдээс хуулийн төсөлд санал авах lawforum.parliament.mn платформ, хууль санаачлах эрх бүхий субьект өөрийн санаачилж буй хуулийн төслийг цахимаар боловсруулах боломж бүхий lawmaker.parliament.mn платформыг нэвтрүүлсэн явдал юм” хэмээн Монголын парламентын туршлагаас хуваалцав.

УИХ хууль тогтоох дээд түвшиндээ анх удаа Инновац, цахим бодлогын байнгын хороог өнгөрсөн онд байгуулсан. Тус байнгын хороо төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, тогтолцоог сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах үүрэгтэй. Мөн цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, инновацад суурилсан бүтээгдэхүүнийг бий болгож үйлдвэрлэлийн хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодод болон олон улсад өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, технологи, үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох, дижитал шилжилт, технологийн шинэчлэлийн эрх зүйн бодлогыг эрхлэх юм.

С.ЮМСҮРЭН

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)