Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг намрын чуулганаар шинэчилнэ

Монгол Улс одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 14нд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний дагуу УИХ-ын чуулганы хуралдах хугацаанд өөрчлөлт оруулсан юм. Энэ өөрчлөлтийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25ны өдрөөс мөрдөж эхэлсэн билээ. Ингэснээр “эцэг” хуулийн дээрх өөрчлөлтийн хүрээнд өнгөрсөн онд намрын чуулганаа нээсэн бол Үндэсний их баяр наадмын өмнөхөн хаврын чуулганаа хаалаа. Харин ирэх аравдугаар сарын 1-нд намрын ээлжит чуулганыг нээх юм. Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу нээлтээ хийх хоёр дахь удаагийн намрын чуулган болно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан бөгөөд үүний дагуу УИХын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд эхлэх бол намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1нд нээхээр хуульчилсан билээ. Хэрэв ээлжит чуулганыг нээж хаах өдрүүд амралт болон баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөрт шилжүүлэхээр тусгасан юм.

Ийнхүү УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 8-нд хааснаар парламентын үйл ажиллагаа хоёр сар гаруйн хугацаанд амралтын горимд шилжээд байна. Тэгвэл чуулган завсарласан энэ хугацаанд УИХ-ын Тамгын газрынхан ямар ажил амжуулах вэ. Тэдний хувьд багагүй ажил хүлээж буй. Учир нь, УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан юм. Ингэснээр УИХ-ын Тамгын газраас нийт 72 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг даалгасан. Өнгөрсөн хаврын чуулганаар нийтдээ 50 асуудал хэлэлцэхээр төлөвлөж байсан бол намрын чуулганаар 72 асуудлыг хэлэлцэхээр дараалал баталсан учраас Тамгын газар болон Ажлын хэсгийнхэн багагүй ажилтай байх юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын онцолсноор УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авсан байна. Түүнчлэн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар УИХ дахь МАН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 18, Засгийн газар 136, Байнгын хороод 63, УИХ-ын гишүүн Т.Доржханд найм, Д.Батлут нэг, нийт 245 хууль тогтоомжийн төслийн саналыг ирүүлжээ. Үүний үндсэн дээр УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр Хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай тогтоолын төсөлд нэр зааж оруулсан юм. Мөн уг тогтоолын төсөлд коронавирусийн халдварт (КОВИД-19) цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүрт нь хэлэлцэх. Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн УИХ-ын бусад шийдвэрийн төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоолд тусгасан юм.

Ийнхүү УИХ-ын гишүүдийн олонхын саналаар баталсан дараалалд ямар ямар төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр тогтоосон бэ. Онцлох хуулиудаас нэрлэвэл хэлэлцэх асуудлын 23, 24-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг шинэчлэхээр тусгасан. Ерөнхийлөгчийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд өөрчлөн баталсан юм. Тухайн үед уг хуульд хоёр өөрчлөлт оруулсан бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шалгуурыг илүү нарийвчлах байдлаар хоёр заалтыг өөрчилсөн байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.1.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” гэж байсныг “50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчилсөн юм. Мөн авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалтыг хуульд тусгасан бөгөөд эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон. Ийнхүү Ерөнхийлөгчийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг өнгөрсөн зургаадугаар сард амилуулж, найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулснаар Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх нийт сонгогчдын 67.8 хувийн саналыг авч,үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэрбээр зургаан жилийн бүрэн эрхтэй анхны Төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа юм.

Түүнчлэн намрын ээлжит чуулганаар Эрчим хүчний тухай болон Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай болон Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгаас гадна Байгаль орчны болон Газрын багц хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Үүнээс гадна Үндэсний баялгийн сангийн тухай болон Үндэсний их баяр наадмын тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг шинэчлэхээр тусгаад байна. Энэ хуулийг өөрчлөх гол зорилго нь төр болон хувийн тэтгэврийн сангаас зэрэг тэтгэвэр авах боломжийг нээх юм. Энэ тухайд УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс тусдаа хуулийн төсөл боловсруулсан бөгөөд Засгийн газраас буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ төрлийн хуулийн төслийг мөн боловсруулжээ. Тиймээс дээрх хоёр төслийг нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Ингэснээр даатгуулагчийн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзэж буй. Олон улсын түвшинд ихэнх улс орон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг бөгөөд хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сан, даатгалын компаниуд байдаг байна. Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн долоон улсын туршлагыг нарийвчлан судалж үзэхэд хувийн тэтгэврийн нэмэлт хуримтлал бүрдүүлэх асуудлыг төрийн зүгээс дэмжих нь оновчтой шийдэл болдог аж.

Манай улсад хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч зарим байгууллага Хувийн тэтгэврийн сан байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа нь эрх зүйн зохицуулалтгүйн улмаас Хувийн тэтгэврийн санд мөнгө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эсхүл эрсдэлд орохоос яаж сэргийлэх арга зам тодорхойгүй байдаг ажээ. Эдгээр санд холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл олгоогүй, тогтмол хяналт шалгалт хийдэггүй, засаглалын зохистой байдлыг хангасан эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа санхүүгийн тайлан мэдээлэл нь гишүүд, олон нийтэд ил тод бус зэрэг шийдвэрлэвэл зохих асуудал байгаа юм. Эдгээр харилцааг одоогийн Нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй учраас тусдаа хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатай хэмээн Засгийн газар үзэж байгаа учраас ийнхүү бие даасан хууль батлахаар зэхэж байна.

 

М.ӨНӨРЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)