Хавдраас урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн төв нээгдлээ

Монгол Улсад 2021 онд 5981 хавдраар оношлогдож, 4559 хүн хорт хавдрын улмаас хорвоог орхисон гэсэн албан ёсны статистик тоо баримт байдаг. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна гэсэн харамсалтай тоон мэдээ бий. 100 мянган хүн ам тутамд 229 хүн хорт хавдраар өвчилж, энэ өвчин өртөж буй иргэдийн 80 хувь нь 45-аас дээш насныхан байна.

 

Улсын хэмжээнд 24 мянга гаруй хүн хорт хавдрын шалтгаанаар ХСҮТ-ийн хяналтад эмчилгээ, тусламжаа аваад явж байна. Хорт хавдрын суурь хүний биед 15-30 жилийн өмнө үүсдэг учир сэргийлэх бүрэн боломжтой өвчин гэж үздэг. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдээ жилд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэж, ирэх тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ.

 

Иргэдийг Эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэгт тэгш хамруулах зорилгоор 2022 онд Улсын төсөвт 60.8 тэрбум төгрөг суулгасан. Энэ бол та бидний эрүүл мэндээ хамгаалах, хавдрын суурь байвал эрт эмчлүүлэх боломжийг бүрдүүлж буй хөрөнгө оруулалт юм. Хорт хавдрын эрт илрүүлгийг амжилттай хийж чадвал ийм шалтгаант нас баралтыг 35-60 хувиар бууруулна гэсэн тооцоолол хийжээ.

Монголд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар нийт хавдрын 75 хувийг эзэлж байна. Эдгээр хавдрыг эрт илрүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Хөвсгөл аймаг 138 мянган хүн амын баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судалсны өвчлөл, хавдар болж байна.

"Элэг бүтэн Хөвсгөлчүүд" хөтөлбөрийн хүрээнд 23 сумын нэгдсэн эмнэлэг болон Мөрөн хотын өрхийн эмнэлгүүдэд алсын зайн оношилгооны Мобайл технологи нэвтрүүлж, анхан шатны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангасан. Хөдөөгийн алслагдсан малчныд очиж нарийн шинжилгээ хийж, нийслэлийн 3 дахь шатлалын эмнэлгүүдтэй шууд харьцах боломжийг бий болголоо.

Өнгөрсөн онд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мөрөн суманд Хавдрын эрт илрүүлгийн төвийн барилгыг ашиглалтад оруулж, 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 6 төрлийн хавдрыг илрүүлэх тоног төхөөрөмжийг суурилууллаа. Ингээд сумандаа анхан шатны шинжилгээ, оношилгоог хийгээд шаардлагатай тохиолдол аймгийн эрүүл мэндийг дэмжих төвд хандах юм. Энэ төв эрсдэлтэй гэж үзсэн иргэдийг гуравдугаар шатны эмнэлэгт шилжүүлнэ. 3 дахь шатлалын эмнэлдгүүдтэй гэрээ байгуулж ажиллана.

Хөвсгөл аймагт 2020 онд хорт хавдрын шинэ тохиолдол 270 бүртгэгдсэн байдаг. Тэдний 70 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Тиймээс орон нутагт эрт илрүүлгийн төвийг байгуулах нь нэн тэргүүний ажил болоод байсан. Элэг бүтэн Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагтаа хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн сайн үйлчилгээ, чанартай оношлогоо, шилдэг мэс заслын эмч нарын ур чадварыг нутагшуулахыг зорьж байгаа. Хөдөөгийн багуудаар хавдрын эрт илрүүлгийн баг ажиллуулж 6000 орчим хүнд хүрч үзлэг оношлогоо хийсэн туршлага бидэнд байна. Энэ ажлаа үргэлжлүүлнэ.

Элэг бүтэн хөвсгөлчүүд хөтөлбөрийн зорилт,

• Хөвсгөл аймгийн “Хавдрын эрт илрүүлгийн төв”-н үйл ажиллагааны хүрээнд ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих замаар хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах дадал зуршлыг бий болгох.

• Эдийн засгийн ачаалалгүйгээр хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг харьяа орон нутгийн эмнэлэгт чирэгдэлгүйгээр хүргэх

• Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн оношилгоо эмчилгээний чадамжийг сайжруулах

• Орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд хавдрын нарийн мэргэжлийн оношилгоо эмчилгээ үзүүлэх чадамжийг бий болгох, мэдлэг чадварыг нутагшуулах.

• Эрүүл мэндийн үйлчилгээнд орон нутгаас Улаанбаатар хот руу урсах мөнгөн урсгалыг орон нутагт нь үлдээх.

 

Хүлээгдэж буй үр дүн:

 

- Хөвсгөл аймагт хүн амын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах дадлыг бий болно.

 

- Хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдэж, улмаар өвчний эрт үедээ оношлогдох хувийг өсгөнө гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.74.45)

    2022-04-30

    Эмнэлгүүд шинэ захиралтай болох бүрт баахан зардал болж, эмнэлэгтээ дотоод заслыг шинэчилж, бүх юм өөрчилдөг. Гадаадад шинэ дарга эсвэл захиралтай эсэх нь мэдэгдэхээргүй байж, бүх зүйл хэвээрээ байдаг юм.