Удаан хугацаанд линз зүүх нь зөв үү

Охид залуусын гоёлын болоод байнгын хэрэглээ болсон линз, түүний үр дагаврын талаар Сөүл нүдний эмнэлгийн эмч Б.Батчимэгтэй ярилцлаа. Тэрээр Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор, нүдний өмнөд хэсгийн мэргэжилтэн эмч юм.


-Сайн байна уу. Нүдний линзний талаар яриагаа эхэлье. Тогтмол линз зүүх нь сайн уу, муу юу?

-Линз хортой зүйл биш. Шинжлэх ухаанаар батлагдаж, нотлогдсон сайн чанарын линзүүд хүний хэрэгцээнд гарснаас хойш 60 жил болж байна. Хүүхэд, залуучууд мэргэжлийн эмчид хандалгүйгээр дур мэдэн худалдан авч зүүх мөн линзээ хоорондоо сольж зүүснээр нүдээ үрэвсүүлчихсэн байдаг нь гол асуудал. Гэхдээ сүүлийн үед харьцангуй сайн хэрэглэж сурч байна.

No description available.

-Ер нь манайх шиг хуурай уур амьсгалтай, шороо тоос ихтэй улсад линз тохиромжтой хэрэглээ мөн үү?

-Мөн. Учир нь өвөлдөө маш хүйтэн байдаг болохоор шил зүүдэг хүмүүс цантаад юм харж чаддаггүй. Тэгэхээрлинзээ зүүгээд цантахгүйгээр хараад явах боломжтой. Хавар хүний нүд рүүшороо тортог их ордог шүү дээ. Тийм үед зөөлөн линзийг зүүж гадуур нь нар болон салхины шил давхар зүүж хэвших хэрэгтэй.

-Ер нь линзийг дотор нь хэд ангилдаг вэ?

-Линз гэдэг бол ерөнхийдөө харааны шил. Нэг ёсондоо хараа сайжруулах хэрэгсэл гэсэн үг. Харааны шилийг нүдний өмнөх хэсэгт зүүж хэрэглэдэг бол линзийг хардаг нүдэн дээрээ тавьж хэрэглэдэг. Линз нь зөөлөн, хатуу, сарынх, хагас жилийнх, авдаг, авдаггүй, өнгөтэй ,өнгөгүй гэх мэтчилэн дотроо олон янз байдаг. Түүнийг нүдний мэргэжлийн эмч үзэж оношилсны дараагаар хэрэгцээнд нь тулгуурлаж ямар линз тохирох эсэхийг нь тааруулж өгдөг.

-Хэдий хугацаанд зүүгээд солих ёстой байдаг юм бол ?

-Үйлдвэрлэгчээс гарч байгаа линз болгон хугацаатай. Хамгийн богино хугацаатай линз л гэхэд нэг өдөр зүүгээд хаях ёстой байдаг. Заасан хугацаанаас хэд хоног илүү зүүлээ гээд маргааш нь нүдэнд муу болчихно гэж ойлгож болохгүй. Гэсэн ч хугацаа нь дуусчихсан байхад хэтэрхий удаан хэрэглээд яваад байж бас болохгүй. Ер нь л хугацаа нь дууссан бол шууд солих хэрэгтэй.

-24 цаг зүүдэг линз нь ямар үр нөлөөтэй вэ?

-Энэ нь маш нимгэхэн линз байдаг. Нүднээс нулимсаар дамжин ирж байгаа тэжээлийг нүд рүү шууд нэвчүүлэх, сайн чанарын линзүүд гэсэн үг. 14 хоног, нэг сар тайлахгүй зүүж болдог линз ч бий. Ямар ч хоргүй.

-Линзийг өдөрт хэдэн цаг зүүх ёстой вэ?

-6 цаг зүүх нь тохиромжтой гэж заасан байдаг ч оффисын ажил хийдэг хүмүүсийн хувьд 8 цаг зүүж болно. Үүнээс удаан хугацаагаар зүүх шаардлагатай бол эмчид хандан нэмэлт дусаалгуудыг бичүүлж авах хэрэгтэй.

-Хаанаас чанартай линзийг худалдан авч болох вэ?

-Монгол улсад нүдний шилний газар нэртэй мэргэжлийн бус линз, шил зардаг газрууд байдаг. Эдгээр газрууд хүнд харааны шил тааруулж өгдөг шигээ линзийг чөлөөтэй ямар ч зөвшөөрөлгүйгээр зардаг. Тэгж болохгүй. Ийм газруудаар зарагдаж байгаа линзүүд яг үнэндээ ямар чанартай, ямар хугацаатай, ямар мэргэжилтэн, яаж зөвлөөд зарагдаад байна вэ гэдгийг хүмүүс сайн ойлгодоггүй. Үйлдвэрлэгчийн заавар, линзний өөрийн бүтэц , тухайн хүний нүдний байдал гэж байгаа тэрийг сайн мэдэж байж худалдан авч буй хүмүүстээ зөвлөх ёстой. Ер нь л мэргэжлийн хүнд хандаж, зөвлөж байж баталгаатай, найдвартай газраас авах хэрэгтэй.

-Линзнээс болоод нүд нь гэмтэж таниар үйлчлүүлж байсан хүн бий юу?

-Линз зүүснээ мартаад унтах, давхар шилээ зүүж удаан хугацаанд явах, өнгөтэй линзийг хэтэрхий удаан зүүснээс болж нүдээ үрэвсүүлэх гэх мэт олон тохиолдол бий. Ер нь өнгөтэй линз зузаан, шингэн хүчил төрөгч, хэрэгтэй тэжээлийн бодисыг нэвтрүүлэх чанар муу байдаг учир богино цагаар зүүх ёстой байдаг. Мөн линзээ авч чадахгүй байна гэсэн хүмүүс ч ирдэг.

-Өнгөтэй харааны линз, өнгөгүй харааны линз юугаараа ялгаатай вэ?

-Өнгөтэй харааны линз гоо сайхны зориулалтаар 2-4 цаг зүүх хугацаатай байдаг бол өнгөгүй линз нь хараа сайжруулахын тулд хэрэглэгддэг учир арай урт хугацаагаар зүүж болно.

-Нүдний эмчид ямар асуудлаар түлхүү хандаж үйлчилгээ авч байна вэ?

-Холын хараа муудсан гэх шалтгаантай хүмүүс олон ирнэ. Тэдний багахан хувь нь төрөлхийн хараа муу байж болохч ихэвчлэн ажлын ачаалалтай холбоотой нүд хуурайшилт, нүдний үрэвслийн асуудлаар ханддаг.

No description available.

-Хараа муудах нь удамших уу?

-Удмын өвчин ер нь ховор. Тэр дундаа удамшлын хараа муудалт бүр ховор өвчиндөө орно. Гэхдээ ховор ч гэсэн цөөн тохиолдлоор байдаг.

-Хүүхдүүд хараа муудсан шалтгаанаар хэр их ирэх үү?

-Хараа муудалт нь төрөлхийн олдмол гэж байдаг. Олдмол нь эрүүл ахуйн дэглэм, ээж аавын харааны байдал, удаан хугацаанд зурагт, компьютер харах гэх мэт олон шалтгаантай. Түүнээс үүдэж хүүхэд насанд хараа нь мууддаг. Иймд урьдчилан сэргийлж хүүхдийг жилд нэг удаа, сайн хараатай байвал 2 жилд нэг удаа заавал харааг нь шалгуулах ёстой.Харин муу хараатай байвал 6 сар тутамд нэг үзүүлэх хэрэгтэй.Ер нь цэцэрлэгийн насанд, сургуульд орохоос нь өмнө хүүхэд бүрийгзаавал харааг нь шалгуулах ёстой. янз бүрийн дүрс болоод1-10 тоог мэддэг байхад л 4-6 настай хүүхдийн харааг шалгах боломжтой. Том хүний хувьд жил нэг удаа үзүүлэхэд хангалттай.

-Ер нь хүний хараа хэдэн нас хүрээд тогтдог вэ?

-Хасах харааны шилний гажиг үүссэн цагаасаа эхлээд шилээ сайн зүүгээд , эмчдээ хянуулаад, өөрчлөлтийн тохиолдол болгонд шилээ солиод явбал хүүхдийн өсөлт, хөгжилтөөс хамаарч 16-18 насны хооронд дийлэнх нь тогтдог. Харааны шилээ авч тавиад, нэг шилээ 2-3 жил зүүгээд хараагаа хянуулахгүй байх нь хараа нь огцом нэмэгдэж муудахад нөлөөлдөг.

-Хараагаа хэрхэн сайжруулах ёстой вэ?

-Харааг яаж сайжруулах вэ гэхээс илүү сайн хараагаа яаж хадгалж үлдэх вэ гэдэгт анхаарах нь чухал. Дийлэнх нь л төрөлхийн сайн хараатай төрж байгаа шүү дээ. Тиймээс хүүхдийг агаар салхинд сайн гаргаж, өдөрт 2 цаг наранд тоглуулах ёстой. Сургуулийн насны хүүхдэд зөв суулт, үзэг барилт, гэрэл тусгалт зэрэг нь их нөлөөлдөг. Дэвтэр нүд хоорондох зайг маш сайн баримтлах ёстой. Хичээлээ хийх зуураа босож, цонхоор холын юмыг сайн харж, ойр холыг ээлжилж ширтэх дасгалуудыг сайн зааж өгөх хэрэгтэй. Мөн хичээлийн ширээг нь цонхоор нэвт харагддаг байхаар байрлуулж өгөх нь маш чухал. Оройн цагаар хичээл хийдэг болширээний гэрлийг нь их хурц биш, их бүдэг биш, 40-60 ваттын шар гэрэл тусгаж өгөх хэрэгтэй. Томчуудын хувьд компьютер дээр ажиллаж байх хугацаандаа 10-20 секунд холыг хараад нүдний дасгал хийгээд буцаад ажлаа хийвэл зохистой. Компьютер удаан хархаар хүний нүдний ойрыг харах булчин нь ажиллаад, холдоо ажилладаг булчин нь эсрэгээрээ суларч байдаг. Тэгэхээр аль болох цонхоороо харагдаж байгаа хамгийн хол зүйлийг харж хэвших хэрэгтэй.

No description available.

-Хараа тэглэхэд ямар шаардлагуудыг тавьдаг вэ?

-Хамгийн багадаа 3 сар линз зүүгээгүй байх ёстой ба 22-40 нас хүртэл гэж нас заасан байдаг.

-Хараа тэглэсний дараа сөрөг үр дагаврууд гарч болох уу?

-Хараа тэглэх гэдэг нь нүдэнд нь байгаа нүдний шилийг нүдэн дээр өөрөөр нь засаж байна гэсэн үг.Тухайн хүний нүдний суурь, нас, ажил мэргэжил, шилтэй хэр зэрэг сайн харж байгаа гэх мэтчилэн маш олон шинжилгээг харьцуулаад гарах үр дүнг нь урьдчилан таамаглаж байж хийдэг зүйл.

-Давхраа хийлгэсэн хүн хараагаа тэглүүлэхэд гаж нөлөө бий юу?

-Зарчмын хувьд сүртэй холбоогүй ч давхрааг яаж хийсэн бэ гэдгээс хамаарч нүдэнд дараа дараагийн өөрчлөлтүүд өгч болно.

-Баярлалаа.

 

М.САЙНЗАЯA

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)