М.Отгонтуяа: Бага үдийн нар хамгийн хортой

Ойрын өдрүүдэд хэт халах талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Үүнтэй холбогдуулан наршилт гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дотор, мэдрэлийн тасгийн эрхлэгч М.Отгонтуяагаас тодрууллаа.


-Хэдэн цагийн нар хамгийн хортой, нарших эрсдэл ихтэй байдаг бол?

-Бага үд буюу өдрийн 11 цагаас хойших нар хамгийн хортой, нарших эрсдэл илүүтэй. Ер нь наршилт гэж агаарын температурын нөлөөгөөр хүний биеийн дулаан нэмэгдэхийг хэлдэг. Иймд наранд удаан байхаас гадна хэт бүгчим газар, тухайлбал, машин дотор хүүхдээ унтуулах зэрэг нь нарших аюул дагуулдгийг анхаарах хэрэгтэй.

-Наршсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Наршихад дотор муухай оргих, огиулах, бөөлжих, нүд харанхуйлах, толгой өвдөх, толгой эргэх, хэвлийгээр өвдөх, суулгах, халуурах, бие нозойрох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Энэ өвчинд ямар насныхан илүү өртөмтгий вэ?

-Ямар ч насны хүн наршиж болно. Гэхдээ бага насны хүүхэд, ахмад настан, гадаа удаан хугацаагаар ажиллагсад, жирэмсэн эмэгтэйчүүд, цусны даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, архаг хууч өвчтэй хүмүүс илүү ихээр өртдөг.

-Наршихаас урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

-Онцын шаардлагагүй бол хэт халуунд гадуур наранд аль болох бага явбал зохино. Мөн нарны шил, малгай зэргийг тогтмол хэрэглэж хэвшвэл зүгээр. Үүнээс гадна гар, хөл, хүзүү зэргийг наранд аль болох ил гаргахгүй байх нь чухал. Учир нь зөвхөн толгойноос халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц бус, урт ханцуйтай нимгэн цамц өмсөх нь наршихаас илүүтэй урьдчилан сэргийлдэг юм. Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу, нойтон алчуур, малгай хэрэглэх шаардлагатай. Нярай хүүхдийг гадаа салхилуулахдаа сүүдрэвчинд, чийглэг сэрүүн нөхцөлд байлгахыг мөн анхаарах хэрэгтэй. Элсэн шарлага, массажийг хэт халах үеийн нарнаас өмнө 9:00-11:00 цагт, мөн 16:00 цагаас хойш нойтон малгай өмсөж хийх нь зүйтэй. Түүнчлэн орчноо чийгшүүлэх шаардлагатай.

-Нэгэнт наршсан хүнд анхны ямар тусламж үзүүлж болох талаар зөвлөнө үү.

-Наршсан хүнийг сэрүүн газар оруулаад хувцсыг нь тайлж нэн ялангуяа суга, цавь, гүрээний артери гэх мэт том том судастай хэсэгт хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн шингэн зүйл уулгана. Насанд хүрсэн хүнд 30 минут тутам 200 мл шингэн уулгах шаардлагатай. Мэдээж хэт хүйтэн ундаа, жүүс, хоолой өвтгөх эрсдэлтэй тул уулгаж болохгүй. Түүнчлэн хөлдөөсөн зайрмаг идэхээс татгалзах хэрэгтэй.

-Наршилтаас болж ямар эрсдэл гарах аюултай вэ?

-Цусны даралт ихсэх, харвалт өгөх эрсдэлтэй. Мөн гэдэсний хямрал үүсч болзошгүй.

-Монголчууд наршсан тохиолдолд наранд бүлээсгэсэн ус өгвөл зүгээр болдог гэдэг. Энэ нь зөв эмчилгээ мөн үү?

-Зөвхөн буцалсан ус бүлээсгэж өгөхөөс гадна шингэнийг аль болох олон хэлбэрээр, жишээ нь, хөргөсөн буцалсан, ширгээсэн ус, хярам, цай, жимсний шүүс зэргийг уулгах хэрэгтэй.

 

Д.Цэрэндолгор

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)