НЭМҮТ: Угаарын хий өнгөгүй, үнэргүй, чимээгүй боловч сэргийлэх боломжтой

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хий (нүүрс төрөгчийн дутуу исэл)-н хордлогын тандалтыг 2022 оны наймдугаар сараас эрчимжүүлэн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Цэргийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвөөс өдөр бүр мэдээ авч, эргэн мэдээлж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 2022 оны 8-11 дүгээр сарын 15-ны байдлаар нийт 7 дүүрэг, 4 аймгийн 398 хүн угаарын хийн хордлогод өртсөн мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл СХД, БЗД-т хордлогын тохиолдол өндөр байна. Үүнд хүн амын байр, орон сууцны онцлог, хүн амын нягтрал голлон нөлөөлж байна.

Энэ онд бүртгэгдсэн угаарын хийн хордлогын шалтгаан нөхцлийг судлахад 57.7 хувь нь яндангаа авч өрхөө бүтээсэн, 20.6 хувь нь зуух пийшин, яндангийн бүрэн бүтэн байдал алдагдсан, 6.6 хувь нь ажлын байранд, 5.4 хувь нь сайжруулсан түлшний буруу галлагааны үед, 9,7 хувь нь бусад шалтгаанаар угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Үүнтэй холбоотой тус төвөөс Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 2022 оны 11-р сард нийт 3 удаагийн сургалт зохион байгуулж, 200 өрхийн эмч, Нийслэлийн 9 дүүргийн шуурхай штабын 200 алба хаагчийг мэргэжил арга зүйгээр хангалаа.

Сургалтаар чиг үүрэг бүхий байгууллагууд “Эрсдэлт өрхөд хүрч ажиллах”, угаартсан болон угаартах эрсдэлтэй айл өрхөөр очиж, зуух пийшингийн битүүмжийг сайжруулах, галлагааг зөв хийх, угаарын хийн хордлогод өртсөн үед авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгч, хянах, эрсдэлийг бууруулах чиглэлээр алба хаагчид, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангалаа гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)