Хятадын хөрөнгө оруулагчид Монголыг хөрөнгө оруулахад таатай орон гэж үзэж байгаа гэлээ

Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум” өчигдөр эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжлэх тус форумд уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 200, Монголын 100 орчим бизнес эрхлэгч оролцож байна. Уг форум нь 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Вэнь Жяабаогийн айлчлалаас хойш зохион байгуулж байгаа хамгийн том бизнесийн арга хэмжээ болж байгаа гэдгээрээ онцлог аж. Форумыг санаачлан зохион байгуулагч Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар хэлэхдээ “Энэхүү форумыг зохион байгуулснаар багадаа 200 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Учир нь эдгээр компани тус бүр хамгийн багадаа нэг буюу түүнээс дээш сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн. Одоогийн байдлаар зарим төлөөлөгчид 100 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэх нь тодорхой болсон гэх сайхан мэдээ ирсэн. Ер нь БНХАУ-ын талаас 700 гаруй компаниуд дундаас өр төлбөрийн тооцоо байхгүй, хууль хяналтын байгууллага дээр асуудалгүй, хөрөнгө оруулалт өмнө нь хийж байсан туршлагатай байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан, сонгон шалгаруулалт хийж, шилдэг 200 хөрөнгө оруулагч форумд оролцохоор ирээд байгаа нь энэ” хэмээв.

Форумын нээлтэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан мөн оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Цаашид хөрөнгө оруулалтын уулзалтыг олон хийх нь Улаанбаатар хотын худалдаа, үйлчилгээ эрхлэгч, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ.

Улаанбаатар бол залуусын хот. Хүн амын 67 орчим хувь нь 35-аас доош насны залуус. Мөн Монголын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж, нийт эдийн засгийн 70 орчим хувийг үйлдвэрлэж байна. Тиймээс Улаанбаатар хотын хөгжил нь зөвхөн нийслэл хотын тухай асуудал бус, харин Монгол Улсын өмнө хүлээж буй үүрэг хариуцлага, манлайлал юм. Энэ утгаараа бид дэлхийн улс орон болон дэлхийн хотуудтай найрсаг хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг чухалчилна. Тухайлбал, БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин, Чэндү зэрэг 10 гаруй хоттой найрамдалт харилцааг хөгжүүлэн ажиллаж байна. БНХАУ-ын хотуудтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Бээжин хотын дарга Ин Юний урилгаар өнгөрсөн хоёрдугаар сарын 9-17-ны өдрүүдэд Бээжин, Тяньжин, Чунчин хотод ажлын айлчлал хийж, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрч ажилласан. Цаашид ч хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэчлэлт, өөрчлөлт, чиг хандлагыг эдийн засаг, бизнесийн санал санаачилгадаа хамруулан тусгаж, энэ чиглэлд хамтран ажиллахыг зорьж байна. Улаанбаатарын хувьд цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, татварын таатай нөхцөлийг санал болгож, найдвартай хамтын ажиллагааг чухалчлан үздэг эдийн засаг, бизнес төвтэй хот болон хөгжихийг чухалчилж байна” гэв.

Ингээд форумд оролцож буй БНХАУ-ын талын төлөөлөл болох Шаньдун мужийн Вэй Фан хотоос хүрэлцэн ирсэн Shandong Xingke Holding группийн ТУЗ-ын дарга Ин Бэйжинтэй хөрөнгө оруулалтын чиглэлээр товч ярилцсанаа хүргэе.

-Монголд ямар чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой байна вэ. Мөн компанийнхаа чадамжийн талаар товч танилцуулахгүй юу?

-Манай компани Шаньдун мужийн Вэй Фан хотод байрладаг. Бид материал судлал, барилга, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан гэсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Шаньдун мужийн Вэй Фан хот бол БНХАУ-ын хөдөө аж ахуйн жишиг хот л доо. Тэр дундаа мал аж ахуй, газар тариалан дагалдах бүтээгдэхүүн гэсэн гурван салбарт түлхүү үйл ажиллагаа явуулдаг. БНХАУ-ын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг харъя гэвэл Шаньдун муж, тэр дундаа Вэй Фан хотыг онцолдог. Манай компани мал аж ахуй болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдэд түлхүү анхаарч ажилладаг. Тиймээс ухаалаг хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбараар хот, муждаа тэргүүлэх аж ахуйн нэгж юм. Тиймээс бид ухаалаг хөдөө аж ахуйн чиглэлд хамтарч ажиллах сонирхол их байна. Жишээлбэл, газар тариалан, мал аж ахуй чиглэлд. Өнөөдөр технологи гар утас руу шилжчихлээ. Тиймээс технологийн шийдлийг Монголд нутагшуулах, технологид нийцсэн малын саравч, хөдөө аж ахуйн хүлэмжийн аж ахуйг барих, орчин үеийн технологид нийцсэн бүтээн байгуулалт хийх, хөрөнгө оруулахад бэлэн байна. Үүнээс гадна Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг Хятад руу импортлох худалдааг сонирхож байгаа.

Монгол бол уул уурхайн том орон. Уул уурхайн олборлолт хийхдээ хөрсийг хуулаад хаячихдаг. Угтаа хуулсан хөрсийг ашиглаж чадвал нүүрснээс ч илүү үнэ цэнэтэй зүйл. Тиймээс хуулсан хөрсийг боловсруулаад барилгын, мөн хөдөө аж ахуйн салбарт саравч ч юм уу бүтээгдэхүүн болгон ашиглаж болно. Хөдөө аж ахуйн салбараас гадна шинэ материал судлал, шинэ материал хөгжүүлэхэд сонирхож байгаа.

-Шинэ материал гэж яг юуг хэлж байна вэ?

-Зөвхөн хөрсийг боловсруулахад л металл, металлыг орлох бүтээгдэхүүн, мөн хуванцар болон бусад бараа бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Энэ чиглэлээр манайх 400 гаруй патент эзэмшдэг. Хөрсөн дээр эзэмшиж байгаа патентынхаа тоогоор бид дэлхийд тэргүүлдэг. Монголд уул уурхайн олборлолтоор гарсан хөрсийг эргүүлж эргэлтэд оруулахад эдийн засгийн хувьд ч ашигтай. Байгаль орчинд ч эерэг нөлөөтэй. Хуулсан хөрсөөр барилгын материалаас гадна бордоо, хуванцар гэх мэтчилэн зүйл хийж болно.

-Эдгээр материалыг үйлдвэрлэх түүхий эдээ Монголоос авах юм уу, эсвэл та Монголд үйлдвэрээ байгуулах зорилготой байгаа юу?

-Бид хөрөнгө оруулалт, технологи, тоног төхөөрөмж, удирдах бүрэлдэхүүнтэйгээ ирж ажиллана. Ажиллах хүчээ Монголоос авна. Монголд үйлдвэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ боловсруулаад дэлхийн бусад орон руу шинэ материалаа борлуулна гэж бодож байгаа. Бидэнтэй хамтарч ажилладаг, мөн хамтын хөрөнгө оруулалттай Хятадын хөнгөн цагааны томоохон компаниуд бий. Шаньдун муж бол Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн том түшиц газар. Тиймээс хөнгөн цагаан, болон түүний орцтой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг хамтарч байгуулах талаар Монгол Хятадын бизнес эрхлэгчдийг бид холбож өгч болно. Энэ бол технологи нь бүрэн хэрэгжчихсэн, амарханаас гадна тодорхой болчихсон бизнесийн загвар юм. Технологийг дамжуулах, үйлдвэрлэлээ хэрэгжүүлэхэд нэлээн амархан болчихсон салбар юм.

-Та ярианы эхэнд Монголоос хөдөө ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг импортоор авах талаар ярьсан. Энэ чиглэлд хэр хэмжээний хөрөнгө оруулалтаар ямар бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байгаа талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Бид Монголоос мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн мах, арьс ширийг өөр компаниар дамжуулаад авч хэрэглэдэг л дээ. Одоо бид Монголоос авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж гуравдагч орон руу борлуулах сонирхолтой байгаа. Энэ чиглэлээрх Монголын том нийлүүлэгч аж ахуйн нэгж байвал бид хамтарч ажиллахад бэлэн байна. Хятадын зах зээл бол маш том зах зээл. Хятадын хэрэглэгчид Монголын мах, арьс шир сайн гэдгийг мэддэг болсон. Мөн танай сонины уншигчдаар дамжуулж Монголын бизнес эрхлэгчид бидэн рүү холбогдоно гэдэгт итгэж байна.

-Монголд хөрөнгө оруулахад суурь бааз хангалттай гэж үзэж байна уу?

-Бид ирэхээсээ өмнө Монголын хууль эрх зүйн орчин, хоёр орны харилцаа, тээвэр ложистик, хил боомтын чиглэлээр мэдээлэл авч, богино хугацааны сургалтад хамрагдаж байж ирсэн. Сүүлийн үед Монгол-Хятадын улс төрийн дээд түвшний харилцаа сайн байна. Хууль эрх зүйн харилцаа ч сайн байна.

Түүнчлэн Хятадын хөрөнгө оруулагчид Монголыг хөрөнгө оруулахад таатай орон гэж үзэж байгаа учраас би ч мөн дагаж ирсэн.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.46.17)

    2023-03-17

    Хамаг байгалийн баялаг нь ил далд зөөгдөх тусам өрөнд орж ядуурч байдаг улс орон Монголоос өөр байдаг юм болов уу гэж бодохоор харамсмаар шүү. Сая Афганистанд төрийн эрх барьж буй Талибанчууд БНХАУ-д "хөөрхөн сануулга" өгсөн байна. Афганистан нь лити, зэсээр дэлхийд томд орох орд газартай улс аж. Талибанчууд АНУ-тай 20 жил үзэлцэж байгаад тэднийг эх орноосоо хөөж, засгийн эрх авсан ч уул уурхайд Хятадаас өөр хөрөнгө оруулагч олдсонгүй. Ингээд Хятадтай хамтрахаар болжээ. Гэтэл нөгөө хятадууд нь Афганистанд биднээс өөр хөрөнгө оруулах улс байхгүй юм чинь дуртай нөхцлөө тулгаж баялгийг нь зөөнө гэж бодоод, даврах гэж оролдов. Харин Талибанчууд манайд та нар даврахгүй шүү гэсэн сануулгыг Хятадад өгчээ. Хятадын 2 иргэн Афганистанаас 1000 тонн хүдэр хулгайгаар гаргах гэж байгаад Талибаныханд тэр дороо баригдаж, хоригджээ. Манай далай шиг их нүүрсний хулгай хажууд дуслын төдий юм. Харин багахан хулгай дээр талибанчууд Хятадыг давраахгүй нам дарж байна. Харин хятадууд азийн хамгийн арчаагүй улс болоод буй Монголын лиценз, уул уурхайд нь эзэн суугаад, дураараа дургиж, ухаж төнхөн, хөрс, хүйсэнд нь үрээ цацаад баллаж байгаа юм чинь монголыг хөрөнгө оруулахад таатай орон гэж хэлэх нь аргагүй шдээ.