ТБХ: Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2026.06.10/ хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн бол Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Ингээд Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ гишүүн нараас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2026 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2026 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснийг онцлов.

 

Улсын Их Хурлын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар дээрх татварын хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Р.Батболд, Э.Болормаа, П.Ганзориг, Б.Жавхлан, Ц.Мөнхбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн, Г.Хосбаяр, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг нар ажиллаж байгааг дурдлаа.

Ажлын хэсэг татварын хуулийн төслүүдэд туссан асуудлыг нарийвчилан судалж, холбогдох судалгаа, тооцоолол, мэдээлэл, татвар төлөгчдөөс болон Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналтай танилцсан бөгөөд хуулийн төсөлд туссан асуудал бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэн гээд дараах асуудлыг танилцуулсан.

1.Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ гишүүн нараас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг албан татвараас хасаж, хөнгөлөх зохицуулалтыг тусгах,

2. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, дансанд орох орлогын 20 хувийг дансанд нь үлдээх зохицуулалтыг 30 хувь болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгах,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд ирүүлсэн саналд үндэслэн хасах, 

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд туссан өндөр үнэлгээтэй суудлын автомашинд татвар ногдуулах босго үнийг 100,000 ам.доллар буюу гадаад валютаар тогтоосныг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгтэй нийцүүлэх асуудлыг тусгасан.

3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26-д заасны дагуу хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул нэгтгэн хэлэлцүүлэхээр болсон. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд зарим саналыг томьёолсон гэдгийг танилцуулгадаа дурдлаа.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд туссан хугацаа хойшлуулахтай холбоотой заалтыг Татварын ерөнхий хуулийн төсөлд тусгаагүй шалтгаан нөхцөлийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа татварын ерөнхий хуулийн төсөл хэлэцэж байгаа энэ үед Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай гэх мэт бусад хуультай уялдаа холбоог хангах, шаардлагатай зохицуулалтыг хийгээгүй шалтгааныг, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар хөдөө аж ахуйн салбарт татаас дэмжлэг олгох зохицуулалтыг тусгаж болоогүй эсэхийг лавлаж, хариулт авсан. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)