Сүрьеэ болон ям өвчний хамтарсан төслийг танилцуулах хурал боллоо

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцсон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Сүрьеэ болон ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх” төслийг танилцуулах Хамтарсан зохицуулах хорооны хурал /2024-02-21/ ЭМЯ-нд боллоо.

 Төслийн хэрэгжилтийн явц, анхаарах асуудлыг хэрэгжүүлэгч байгууллага тус бүрээр хэлэлцэн, төслийн хэрэгжилтийн талаар санал солилцох энэ удаагийн хуралд  ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ,  Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Хоккайдогийн их сургууль, Сүрьеэ судлалын хүрээлэнгийн төлөөлөл оролцов.  
 

Дөрөв дэх удаагаа болж буй Хамтарсан зохицуулах хорооны хурлыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Ёшимура Токүжи нар нээж, төслийн ахлах зөвлөх Хоккайдогийн их сургуулийн профессор Такаши Кимүра “Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны талаар илтгэл тавилаа. Үргэлжлүүлэн уг төслийг хэрэгжүүлэгч Мал эмнэлгийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Японы Сүрьеэ судлалын хүрээлэн, Хоккайдо их сургуулийн сүрьеэгийн судалгааны баг, Окуямагийн шинжлэх ухааны их сургуулийн ямын судалгааны багийн илтгэлүүдийг сонсож, төслийг хэрэгжүүлэх үйл явц, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Хоёр улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр солилцсон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг Японы олон улсын ЖАЙКА байгууллагаас  Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллагын хамтарсан "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (САТРЕПС)-ийн хүрээнд санхүүжүүлж байгаа юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Японы эрдэмтдийн зохион бүтээсэн зоонозын халдварт өвчнийг оношлох шинэ техник, технологид суурилсан түргэвчилсэн оношлуурыг үхрийн сүрьеэ болон адууны ямын  халдварыг илрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх замаар манай улсад  одоо хэрэглэж байгаа сүрьеэ, ям өвчнийг оношлох аргыг шинэчилж, зоонозын өвчний оношилгоог сайжруулах боломжтой.

Түүнчлэн адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг зоонозын халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, бодит нөхцөл байдлыг тодорхойлох, адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг өвчний тархалт, халдварлалтын бодит нөхцөл байдлыг ийлдэс судлал, молекул биологийн аргаар тогтоох, нэг эрүүл мэнд (One health) үзэл баримтлалд тулгуурласан зоонозын халдварт өвчнийг хянах платформыг бий болгох боломж бүрдэнэ гэдгийг судлаачид онцолж байлаа.
Хамтарсан зохицуулах хорооны  өмнө нь болсон гурван удаагийн хурлын үр дүнд Монгол Улсын мал эмнэлгийн салбарт Био-аюулгүй байдлын III зэрэглэлийн иж бүрэн лаборатори, сүрьеэгийн салбарт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий халдварт өвчний үүсгэгчийн геномийн бүрэн дараалал тогтоох  лабораторийг байгуулах асуудлыг шийдсэн.

Мөн хүн, мал эмнэлгийн салбарын 20 орчим мэргэжилтнийг  Япон улсад урт, богино хугацааны сургалтад хамруулж чадавхыг нь дээшлүүлсэн ба цаашид оношилгооны дэвшилтэт технологи, багаж төхөөрөмжийг суурилуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх, улмаар нутагшуулахад техникийн туслалцааг тасралтгүй үзүүлэх талаар төлөөллүүд харилцан санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)