Зуданд малаа алдсан малчдад сэтгэл засалч эмчийн тусламж их хэрэгтэй байна

Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байгаа тул Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аймаг, сумдад ажиллах Шуурхай бүлгүүдийг сайд нараар ахлуулан байгуулсан. Зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахалж хаваржилт хүндэрч буй аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх багуудыг зургаан чиглэлд гарган энэ сарын 19-нөөс ажиллуулж байна.

 

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн цаг хүндэрсэн сумдад хүрч ажиллахаар явсан эмч нарын багийн ахлагч Улсын гуравдугаар нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Г.Сүх-Эрдэнэтэй утсаар холбогдож, нөхцөл байдлын мэдээлэл авлаа. Г.Сүх-Эрдэнэ эмчийн багт УГТЭ-ийн дотрын эмч А.Хас, Сэтгэл мэдрэлийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч Д.Баттөр нар болон орон нутгийн эмч нарын төлөөлөл хамт яваа юм.  
-Сайн явж байна уу. Танай баг яг одоо аль аймгийн ямар суманд ажиллаж байна?
-Сайн явж байна.Манай баг энэ сарын 19-ний өглөө замд гарсан. Тав дахь хоногтоо хуваарийн дагуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байна.
-Очсон газруудад нөхцөл байдал ямар байна вэ?
-Бид Булганаас эхэлсэн. Булган аймгийг эрсдлийн түвшин бага гэж тогтоосон байсан ч бодит байдал дээр зам гараагүй,  цасанд боогдсон айл олон, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсний хяналтад орох эмэгтэйчүүд, хүүхдүүд сум руу явж үзлэг хийлгэх боломжгүй хүндхэн нөхцөл угтсан. Тиймээс манай баг газар дээр нь ажиллаж, иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эм тарианы нөөцгүй болсон өрхүүдэд эрүүл мэндийн багц олгосон. Мөн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүст эмчилгээ хийж, сумын эмч нарт нь хүлээлгэж өглөө.  


 


-Булган, Хөвсгөл аймгийн хэчнээн суманд ажиллаж, хэдэн хүнд тусламж үзүүлсэн бэ?
-Эхний өдөр Булган аймгийн Баяннуур суманд ажиллахдаа таван өрхийн долоон иргэнд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлснээс нэг хүнийг сумын Эрүүл мэндийн төвд нь хүлээлгэж өгсөн. Дараагийн өдөр Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвд 21, алслагдсан багийн зургаан хүнд үзлэг хийлээ.  
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумын 28 өрхийн 56 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эм тарианы нөөцгүй болсон есөн өрхөд эрүүл мэндийн багц өгсөн ба хүнд оноштой хоёр хүнийг сумын ЭМТ рүү тээвэрлэсэн. Харин өнөөдөр Цэцэрлэг сумын иргэдэд үзлэг, оношилгоо хийж байна.


 



- Танай багт тулгамдаж байгаа асуудал байна уу?
- Бид яаралтай тусламж үйлчилгээний багаж хэрэгслээс гадна зүрхний цахилгаан бичлэгийн аппарат болон ЭХО аппараттай явж байгаа. Аймаг, сумын төв дээр ирэхдээ тоног төхөөрөмжөө цэнэглэдэг ч алслагдсан сум баг руу очих гэж явсаар цэнэг дуусах тохиолдол ганц нэг гарсан. Түүнчлэн цас ихтэй, зам харгуй муу байгаагаас Булганы Баяннуур орох замд хамт яваа хүмүүсийн машин эвдэрч багагүй саад учирсан. Ихэнх зам цасанд боогдсон тул том машинаар л явахгүй бол хүнд л  байна.

 



-Та бүхнээс тусламж авсан иргэдийн дунд ямар өвчлөл элбэг байна вэ?
-Газар дээр нь ажиллахад  иргэдэд архаг хууч өвчний сэдрэл зонхилж байна. Мөн олон тооны малаа алдсан малчдын сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл түгшилттэй, зарим нь сэтгэл гутралд орж шөнө унтаж чадахгүй зовиур илэрсэн.
-Танай багийн сэтгэл засалч эмч ямар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
            -Сэтгэл засалч эмч шаардлагатай арга хэмжээг авч, сэтгэл заслын эмчилгээ хийж, зөвлөгөө өгч байна.
-Орхон аймагт хэзээ очихоор төлөвлөсөн бэ?
-Цэцэрлэг суманд өнөөдөр ажиллаад үдээс хойшдоо Цагааннуур сум руу явна. Дараа нь Булган аймагт очиж чадаагүй сум, багуудаар ороод бүтэн сайнаас  Орхон руу явахаар төлөвлөсөн. 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Бат (202.9.46.168)

    2024-02-27

    эрүүл байвал учир нь олдноо