Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцлоо

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Австрийн Холбооны эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч ноён Филип Гади тэргүүтэй төлөөлөгчид Эрүүл мэндийн яаманд зочилж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол, Австрийн Засгийн газар хооронд хэрэгжүүлж ирсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжсэн төслүүдийн явц, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх дөрөв дэх удаагийн нэн хөнгөлөлттэй зээлийн санамж бичгийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ төсөл хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Талууд хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, бүтээн байгуулалт, эрүүл мэндийн хог хаягдлын менежмент, сэргээн засах болон эрчимт эмчилгээний хүний нөөцийн хөгжлийг дэмжих, тоног төхөөрөмжийн хангалт, мөн олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээр худалдан авах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо харилцан илэрхийллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)