ЭМД-аар хөнгөлөлттэй цахим жороор эм олгодог 1560 эмийн сан байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажилласан талаар ЭМЯ-наас мэдээлэв.

 

Тус агентлаг 2025 онд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлгүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 1622 хяналт шалгалт хийж 7815 зөрчил илрүүлжээ. Үүнээс 2996 зөрчлийг арилгуулж, 422 байгууллагад хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажилласан талаар ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэг танилцуулав.

 

Монгол Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй 485 байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөлтэй 29 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны нэгдүгээр сарын 12-ны байдлаар Монгол Улсад 3914 эм, үүнээс уламжлалтын 546, үндэсний үйлдвэрийн 342 эм бүртгэлтэй ба нийт 2906 эмийн сан байгаагаас ЭМД-аар хөнгөлөлттэй олгох эмийг цахим жороор олгодог 1560 эмийн сан байна.

 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Монгол Улсын Засгийн газраас эмийн чанар ба үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах бодлогыг барьж, агентлагийн үйл ажиллагаа үүнтэй нягт уялдаатай байж илүү чанартай эмийг зах зээлд гаргах, үнийг бодитой буулгахад анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ. Мөн эмийн үнийг бодитой байлгах тал дээр ЭМЯ, ЭМХТ, ЭЭХХЗГ, СМТТ хамтран 2025 онд эмийн үнийг ил тод мэдээлэх https://em.hdc.gov.mn/ цахим системийг нэвтрүүлсэн. Уг системд 2600 гаруй эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулсан. Иймд цахим системд эмийн сан, шинээр бүртгэсэн эмийн үнийн мэдээллийг цаг алдахгүй нэмж оруулан, бүртгэлжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав.

 

Тэрбээр, эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт чухал тул цахим хуудсыг ашиглаж хэвшихийг иргэдэд уриаллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)