С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно

Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.  

- Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу. 
- Би шүдний эмч мэргэжлээр Монголдоо бакалавр, магистр, БНХАУ-д докторын зэрэг хамгаалсан. Мөн АНУ-д эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр суралцсан. Монгол, Хятад, Солонгос, АНУ зэрэг олон улсын эмнэлгүүдэд дадлага хийж, шүд, гоо сайхны мэс заслын чиглэлээр суралцаж байсан.

- Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу вэ?
- Би багадаа аавыгаа хагалгааны хүндрэлийн улмаас алдсан. Энэ харамсалтай явдлыг ойр дотнын хүмүүс маань эмч, эмнэлгийн ажилчдын хариуцлагагүй байдалтай холбон ярьж байсан нь сэтгэлд маань гүн шарх болж үлдсэн юм. Тиймээс ирээдүйд эмч болно, тэр дундаа хариуцлагатай, ажилдаа няхуур, хүний амийг авардаг өндөр мэргэжлийн эмч болно гэж өөртөө амласан. Аравдугаар анги төгсдөг жил аймагт маань ерөнхий эмчийн хуваарь ирээгүй. Ингээд хамгийн таалагдсан анги болох нүүр амны их эмчийн хуваарийг сонгож байлаа. Суралцах явцдаа эмчийн мэргэжлийн талаар илүү ихийг мэдэж, ийн судлах тусам энэ мэргэжилдээ дурласан даа.

- Гадаадад суралцаж байх хугацаанд танд ямар хүнд сорилт тулгарсан бэ?
- БНХАУ-д тэтгэлгээр суралцах боломж надад олдсон ч гоо сайхны мэс заслын чиглэл рүү шууд орох боломжгүй байлаа. Гэхдээ тууштай зорьсон хүнд бэрхшээл байдаггүй гэж би боддог. Хэлний бэлтгэлд сууж, хятадаар дөнгөж ярьдаг болоод байхдаа мэргэжил, сургуулиа солимоор байна гэж, тэтгэлэг хариуцсан газартаа хэд хэдэн удаа хандаад амжилт олоогүй юм. Тэгж яваад гоо сайхны мэс заслын чиглэлээр суралцсан солонгос оюутнаас өөр сургуулийн талаар сонсов. Сонссон шөнөө нойр хүрдэггүй ээ. Тэгээд өглөө болов уу, үгүй юу зааж өгсөн газар луу нь явж очлоо. Уулзсан хүмүүс маань эхэндээ “Чи шүдний эмч, энэ тэнхимд сурах боломжгүй” гэж татгалзсан. Гэсэн ч би тууштай байж, удаа дараа хүсэлт гаргаж тайлбар хийсээр гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын ангид суралцахаар болж байлаа. Үүний ачаар чадварлаг эмч, профессоруудын дэргэд дадлага хийж, олон улсын хурлуудад оролцох, мэргэжлээрээ өсөх боломж олж авсан юм. Энэ бол амьдралын минь хамгийн том сорилт, мөн түүний зэрэгцээ хамгийн их зүйл сурсан үе маань байсан даа.  

Таны ажилд хамгийн их нөлөө үзүүлсэн туршлагаас хуваалцана уу. 
- Оюутан байх үедээ хүүхдийн амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хичээлийн дагуу цэцэрлэгт сургалт хийж байхад таарсан гурван настай хүү ердөө санаанаас гардаггүй. Анх шүд угаахыг заагаад угаалгахад шүд нь маш их өнгөртэй, буйлнаас нь хүрэх төдийд л цус гарч байсан хүүд шүд зөв угаах аргыг зааж өгснөөс хэдхэн хоногийн дараа цус гардаггүй, өнгөргүй болсныг хараад маш их баярласан. Бага насны хүүхдэд зааж өгч л чадах юм бол маш хурдан сурдаг, мөн өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн амьдрал, эрүүл мэндийг эрс сайжруулж, өөрчилж болдгийг тэгэхэд маш сайн ойлгож билээ. Урьдчилан сэргийлэлт бол эмчилгээний хамгийн үр дүнтэй хэлбэр гэдэгт бат итгэсэн юм. Иймээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ явцдаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарч, цэцэрлэг, сургууль, асрамжийн төвүүдэд сургалт хийдэг байв. Тухайн үед хүүхдэд хүүхдийнх нь хэлээр ойлгомжтой тайлбарлах гарын авлага хэрэгтэй байсан болохоор хүүхдийн эрүүл мэндийн ном гаргаж тэрийгээ сургалтандаа хэрэглэдэг байлаа.

Хүүхдэд зориулж гаргасан номынхоо талаар танилцуулбал?
- Анх 2008 онд “Цэмцээхэй, Цомцоохой хоёрын адал явдал” гэж жижигхэн сургалтын ном гаргаж сургалтандаа хэрэглэдэг байсан. Дараа нь 2017 онд “Баатрууд ирлээ” цуврал ном гаргасан. Энэ цувралынхаа “Миний шүд” номоор шүдний өвчний шалтгаан, урьдчилан сэргийлэх аргуудыг, “Миний нүд”, “Миний гараа” номоор нүдний эрүүл ахуй, гар угаах дадал болон халдварт өвчнөөс сэргийлэх ойлголтыг хүргэсэн. Эдгээр ном бол хүүхэд ойлгоход амархан, тэдэнд дадал суулгаж, төлөвшил олгоход маш үр дүнтэй. Одоо ч сургалт, хөтөлбөрүүд дээрээ эдгээр номоо тогтмол ашигладаг.

- Урьдчилан сэргийлэх нь яагаад тийм чухал вэ?
- Амны хөндийн өвчний ихэнх нь урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд зөв дадал суулгавал эмчилгээний өндөр зардал, айдас, өвдөлтөөс бүхэлд нь хамгаалдаг. Өвчнийг эмчлэх нь мэдээж чухал, харин урьдчилан сэргийлэх бүр илүү чухал юм. Урьдчилан сэргийлэх аргыг хүмүүст, ялангуяа хүүхдэд зааснаар ирээдүйн өвчлөлийг бодитоор бууруулж чадна. Иймээс миний хувьд урьдчилан сэргийлэх аргыг заах нь ажил мэргэжлийн маань хамгийн үнэтэй хэсэг мөн.

Амны хөндийн өвчнөөс сэргийлэхийн тулд эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
- Шүдээ өдөрт хоёр удаа зөв угаах, шүдний утсыг тогтмол хэрэглэх, амттаны давтамжийг багасгах нь хамгийн чухал. Амттан идэх хэмжээ бус, давтамж нь хамгийн хор нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр чихрийг тус тусад нь идсэнээс нэг дор идэх нь шүдэнд илүү хор нөлөө багатай. Гэхдээ энэ зөвхөн чихэрлэг зүйлийн тухайд хэлж байгаа юм биш, юм идэх бүрд  амны хөндийн орчин өөрчлөгдөж байдаг болохоор хоол хооронд олон дахин юм идэх нь маш буруу зуршил юм. Мөн амны хөндийн байдлаасаа хамааран 2-6 сарын давтамжтайгаар эмчийн үзлэгт тогтмол хамрагдах нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах энгийн боловч маш үр дүнтэй арга юм.

Сүүлийн жилүүдэд анагаах ухаан, тэр дундаа шүдний салбарт гарч буй дэвшлүүдийн талаар яривал?

- Хиймэл оюун ухаан буюу AI технологи анагаах ухаан, ялангуяа шүдний салбарт том дэвшил авчирч байна. AI нь рентген зурган дээрх жижиг өөрчлөлтийг эрт илрүүлэх, оношлох, нарийвчлалыг нэмэгдүүлэх, мөн эмчийн бичсэн эм болон алдаатай үйл ажиллагааг анхааруулах гэх мэт олон давуу талыг олгож байгаа.  

- Эмч хүний хувьд таны ирээдүйн зорилго юу вэ?
- Ажиллаж байгаа газар бүртээ эмчилгээ үйлчилгээнээс гадна, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга барилыг ард иргэдэд, ялангуяа хүүхдүүдэд эзэмшүүлэх зорилго тавьж байна. Мөн инновацийг цаг тухайд нь ажилдаа нэвтрүүлж, чанартай эмчилгээ, үйлчилгээг хүргэх явдал. Цаашлаад хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, залуу эмч нарт сургалт, арга зүйгээр дэмжлэг үзүүлэх хүсэлтэй. Аль болох олон хүүхдийн эрүүл ирээдүйд бодит хувь нэмэр оруулахыг хамгийн чухал зорилгоо гэж боддог доо.

- Танд баярлалаа.  

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)