Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар орлуулах гээд байхгүйгээр бодит үр дүнг дээдлэн ажиллавал иргэдийн дэмжлэгийг авч чадна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дамдины Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ. Гишүүд тал талын байр суурьтай байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би байр сууриа тодорхой илэрхийлсээр байгаа. Энэхүү хуулийн төслийг санаачлахад хүргээд буй асуудал бол илүү тодорхой шийдэл шаардсан асуудал мөн. Тэгэхээр сөхөж буй асуудлыг нь хүлээн зөвшөөрч, ойлгон хүлээн авч байгаа. Шийдэлд нь бол харин хүмүүс өөр өөрийнхөөрөө л хандах байх. Тэгэхээр Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож буй шийдлийн хувилбар буюу санаачлаад буй хуулийн төсөл бол шийдлийн нэг л хувилбар. Энэ хувилбар төгс төгөлдөр биш байж болно. Тиймээс төсөл гэж нэрлээд байгаа юм. Төсөл буюу санал л учраас УИХ-аар түүнийг хэлэлцэж, гүйцээн хөгжүүлж, хууль болгон баталдаг. Харин тэнд байгаа дутуу зүйлсийг нь дүүргээд, эргэлзээтэй буруу зүйлсийг хасах бол хасаад, засах бол засаад хууль болгоод гаргах эрх нь УИХ-д байгаа. Төсөлд авахуйц зүйлс байна лээ. Гэхдээ авахааргүй зүйлс ч байгаа. Тэгэхээр авах гээхийн ухаанаар л хандаад явах хэрэгтэй. Гэхдээ зайлшгүй авах асуудал байсан ч парламентын дархлааг хөндсөн асуудлууд байгаа нь гишүүдийн зүй ёсны болгоомжлолыг төрүүлээд буй нь үнэн. Тэдгээр гишүүдийн сөхөөд буй эрсдэлийг онцгой анхаарч үзэх ёстой. Парламентын дархлаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй асуудлуудыг нь засахгүй бол хүлээн авахуйц сайн зүйлс нь төслийг урагшлуулах хангалттай үндэслэл болохгүй

-Ерөнхийлөгчийн зүгээс ийм хууль өргөн барих эрх хуулиараа байхгүй гэж ярьж байна. Нөгөө талдаа парламентын дархлааг асар бодитой сулруулах эрх зүйн өөрчлөлт гэдгийг хэн хүнгүй хэлээд байна шүү дээ?

-Энэ асуудал дээр хоёр зүйлийг салгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, хууль санаачлах эрхийн тухай маргаан байна. Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн мэдүүлэх эрхтэй талаас нь харвал, Үндсэн хуулийн 26.1-д заасан хууль санаачлах бүрэн эрх нь өөрөө хүчин төгөлдөр хэвээр байгаа. 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр энэ эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тодорхойлно гэж нарийвчилсан нь эрхийг үгүйсгэсэн биш, харин илүү тодорхой, зохистой хэрэгжүүлэх хүрээг тогтоосон гэж ойлгодог. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-т хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхойлохдоо “УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах ...” гэж заасан. Энэ заалт нь УИХ-ын дотоод үйл ажиллагаа буюу хуралдааны дэг, дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлж байгаа. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл бол зөвхөн дотоод дэг журам биш, харин гишүүний хариуцлага, Үндсэн хуулийн зарчимтай холбоотой илүү өргөн хүрээний зохицуулалт. Тиймээс энэ заалттай шууд зөрчилдөж байна гэж үзэхгүй.

-Парламентын засаглалтай улс л юм бол цаашид эрх мэдлийн тэнцвэрийг дахин харах буюу Үндсэн хуулиараа парламентын засаглалыг илүү бэхжүүлэх чиглэлээр өөрчлөх ёстой юу?

-Парламентын засаглал бол өнөөдрийн Монгол Улсад лав баттай үнэт зүйл болоод хувирсан байгаа. Гэхдээ энэ нь эрсдэлгүй гэсэн үг биш. Тиймээс энэ тогтолцоогоо дээдлэх энэхүү олон нийтийн ерөнхий үзэл бодлыг ганхуулахгүй, хадгалах тал дээр байнга анхаарч, ёстой нөгөө хардах эрхээ бол үүн дээр харамгүй тултал нь хэрэгжүүлж байх нь чухал. Тиймээс парламентын засаглалаа бэхжүүлнэ гэхээсээ илүү найдвартай хадгалах, амжилттай хөгжүүлж, боловсронгуй л болгох тухай ярих нь оновчтой байх. Эрх мэдлийн тэнцвэрийн асуудал дээр бол засаглалын хоёрдмол байдлыг даван туулж, парламент дээрээ илүү төвлөрүүлэх нь зөв. Миний хувьд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярьж байхад л үүнийг хийх ёстой, хийгээгүй нь шинэчлэлийг тултал хийгээгүй харамсалтай явдал болсон гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Гэтэл үүнээс хойш Үндсэн хуулийг хоёр ч удаа өөрчлөхдөө үүнийг хийгээгүй. Энэ тухай яриа ч байгаагүй. Маш чухал энэ асуудлаа хөндөөгүй байж, үүнээс өөр маш гүнзгий өөрчлөлтүүдийг хийчихсэн. Тийм ч учраас би, тухайлбал, 2023 оны өөрчлөлтийн эсрэг байсан. Үндсэн хуулийг дөрвөн жилийн дотор гурав өөрчилсөн. Ингэж нааддаг хууль биш л дээ. Тиймээс одоо аливаа өөрчлөлтийг ярихад нийгэм хүлээж авахгүй л болов уу.

-Сүүлийн үед хуулийг хэн хүнгүй тайлбарладаг, өөрийнхөөрөө агуулгыг нь мэдэмхийрч ярьдаг боллоо. Энэ нь яваандаа ямар эрсдэлд хүргэх вэ?

-Хуулийн тухай олон нийт ярьж байгаа нь өөрөө муу зүйл биш. Ардчилсан нийгэмд хууль нийтийн хэлэлцүүлгийн сэдэв байх ёстой. Гэхдээ нэг том эрсдэл бий. Тэр нь улс төрийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн утгыг зориуд гуйвуулах, эсвэл хуулийн байгууллагын бүрэн эрхийг олон нийтийн сэтгэл зүйгээр орлуулах явдал. Ингэвэл хууль нь тайлбарын объект биш, улс төрийн зэвсэг болж хувирна. Тэгэхээр бид хоёр зүйлийг ялгаж сурах ёстой. Нэг нь хуульд өгөх иргэний үнэлгээ, нөгөө нь эрх бүхий байгууллагын хийх албан ёсны тайлбар, хэрэглээ. Хэрэв энэ ялгаа алдагдвал хууль дээдлэх ёсны оронд “уран сайхны” тайлбар дээдлэх, бүр цаашлаад чанга дуугарсан нь “үнэн” болдог аюултай орчин үүснэ.

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд тодорхой заалт бий. Ёс зүйн асуудал болоод ажилдаа хариуцлагагүй хандсан гишүүнийг тэртэй тэргүй сонгуулиар ард түмэн дүнгээ тавиад хариуцлага тооцчихно. Ийм байхад Ерөнхийлөгчийн өргөн барьж байгаа хууль цаг үеийн шаардлагаар хэн нэгэнд зориулагдсан, дэндүү субьектив хууль гэж шүүмжлэх хүмүүс байна. Та үүнтэй санал нэг байна уу?

-Үндсэн хуульд эгүүлэн татах суурь зохицуулалт угаасаа байгаа. Үүнийг хэн нэгэнд зориулсан гэж лав ярьдаггүй. Харин уг зохицуулалтыг хэрэгжүүлэх нарийвчилсан хууль зүйн механизм бас л тодорхой биш байгаа юм. Гэхдээ миний дээр хэлснээр гишүүдийн хариуцлагыг ярих гэж байна гээд парламентын дархлааг сулруулах эрсдэлтэй заалтууд төсөлд ороод ирсэн байгаа бол тэдгээрийг үнэхээр засах, хасах шаардлагатай болно. Тиймээс хэрэв хэлэлцэх эсэх дээр гишүүдийн олонх хэлэлцэнэ гээд шийдвэл таны асууж буй тэр субьектив заалтуудыг сууриар нь харж, шаардлагатай бол хасаж ажиллах хэрэгтэй болно.

-АН-аас өргөн барьсан УИХ-ын дарга нам бус байх хуулийн өөрчлөлтөд таны байр суурь ямар байгаа вэ. Энэ хууль хэрэгжсэнээр дан ганц УИХ-ын даргын нам бус байх асуудлыг шийдэх үү, эсвэл бүх шатанд хамаатай байх уу?

-Энэ төслөөс гарч буй үр дагаврыг би зарчмын хувьд дэмжиж байгаа. Уг хуулийн төсөл батлагдваас ялсан намын дарга Ерөнхий сайд л байх боломжтой болно. Бидний сонгосон парламентын засаглалын үндсэн зарчим л ийм. Бид монголчлох гээд л болохгүй болоод буцаад зохистой зүй тогтол руугаа явж байгаа нь энэ. Үнэхээр ингэж болдоггүйг амьдрал харуулаад байна шүү дээ. Ялсан намын дарга спикер болчихоор яваандаа улс төрийн зөрчил даамжраад л унах болоход нэг дор ҮАБЗ-ийн хоёр гишүүний суудал буюу спикер, Ерөнхий сайдын суудал нэг зэрэг ганхаад байх эрсдэл харагдаад байгаа юм. Тиймээс нэг талдаа тодорхой гарах нь зөв. Гэхдээ энэ эрсдэл дагуулсан асуудлыг шийдэхдээ шууд л ялсан намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг байна л гээд оруулаад ирвэл илүү тодорхой байх байсан болов уу. Гэтэл спикерийн албыг дагуулан шууд бус аргаар үүнийг шийдэж байгаа нь бас зарим асуудал дагуулахаар л байгаа юм. Гэлээ ч спикерийг намаас түдгэлзүүлэх тогтолцоо бол дэлхийн парламентын ардчилалд байдаг л зохицуулалт. Тиймээс үүнийг нэг их үгүйсгэхгүй. Спикерийг намаас түдгэлзүүлдэггүй тогтолцоо ч парламентын засаглалтай орнуудад уг нь түгээмэл л байдгийг бас гишүүд маань анхаарцгаах биз.

-Эрх мэдлийн төлөөх улстөржилт, элдэв талцал, зодооныг зогсоохын тулд мөн л Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй гэж үзэх хүн байна. Тэр дундаа төрийн гурван өндөрлөг гэж яригдах албан тушаалуудад очсон хүн дараа нь нөгөө хоёр албан тушаалд очих боломжийг нь Үндсэн хуулиар хориглох шаардлагатай гэж ярьж байгаа. Үүнд таны байр суурь ямар байгаа вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг юм юман дээр яриад байдгийг би дэмждэггүй. Өөр бусад хуулийн хүрээнд тодорхой хязгаарлалт хийхээр хууль тогтоогчид шийдвэл тэр л биз. Гэхдээ Үндсэн хуулинд тусгагдсан сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан зөрчил гаргахгүйгээр л хийх нь чухал.

-Сүүлд асуухад, шинэ Засгийн газрын тогтвортой байдал хэр удаан хадгалагдах бол. Хэрэв дахиад Засгийн газар солигдох, унах, өөрчлөгдөх асуудал өрнөвөл Монголын төрд болоод танай намд ямар сөрөг үр дагаврыг авчрах вэ?

-Засгийн газрын тогтвортой байдал бол хэдэн хүний албан тушаалын асуудал биш. Улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой урагшлах нөхцөл, боломжийн тухай асуудал. Тиймээс миний хувьд засгийн тогтвортой байдлыг хадгалахыг чухалчилдаг. Засаг харин өөрөө хиймэл биш, чинхүү чадамжтай, хариуцлагатай ажиллах ёстой. Ур чадварын дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар л орлуулах гээд байхгүй, бодит үр дүнг дээдлэн ажиллавал гишүүдийн болон иргэдийн дэмжлэгийг эргэлзээгүй авч ажиллана. Засагт байгаа хэдэн чадварлаг сайд нарынхаа үйл ажиллагааг Ерөнхий сайд дэмжээд өөрөө шинэлэг, хариуцлагатай манлайллаа үзүүлээд ажиллахад ахиц гарна. Уулын мод урттай, богинотой байдагтай адил кабинет дан тэгш хүмүүсээс тэр бүр бүрддэггүй. Тиймээс хов хоосон магтаалаас хэтэрдэггүй заримыгаа шахасхийгээд өөрөө шийдэмгий ажиллаад явахад олон юмыг бас хөдөлгөнө дөө.

-Таны хувьд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Танай байнгын хороо энэ хаврын чуулганаар ямар, ямар эрх зүйн өөрчлөлтөд анхаарч байгаа вэ?

-Хууль зүйн байнгын хороо энэ хаврын чуулганаар зүгээр нэг салангид хуулийн төслүүд хэлэлцэж байгаа биш, харин Монгол Улсын эрх зүйн тогтолцооны дараагийн шатны шинэчлэлийг тодорхойлох бодлогын түвшний ажлуудыг урагшлуулж байна. Бидний зорилго энгийн, гэхдээ агуулгын хувьд маш том. Энэ нь хууль дээдлэх ёсыг бодит болгох, төрийн хариуцлагыг тодорхой болгох, иргэний эрх, эрх чөлөөг илүү баталгаатай хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна. Нэгдүгээрт, хүний эрхийн хамгаалалтыг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Хууль зүйн шинэчлэл гэдэг нь зөвхөн шийтгэлийн бодлого биш, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах тэнцвэрийг зөв тогтоох асуудал юм. Хоёрдугаарт, шүүх, прокурор, мөрдөн шалгах тогтолцооны үр нөлөө, хараат бус байдал, ил тод байдлыг сайжруулах чиглэлд ажиллаж байна. Гуравдугаарт, дижитал орчин, шинэ төрлийн эрсдэлд нийцсэн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий. Худал мэдээлэл, цахим орчин дахь хохирол, хувийн мэдээллийн хамгаалалт, платформын хариуцлага зэрэг асуудлыг хүний эрхийн тэнцвэртэй уялдуулан шийдвэрлэх нь мөн чухал байна. Үүнтэй зэрэгцээд, нийгмийн бодит тулгамдсан асуудлуудыг орхигдуулахгүйгээр ажиллаж байгаа бөгөөд тухайлбал, хүүхэд, өсвөр үеийнхний дунд нэмэгдэж буй үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг судалж, эрх зүйн болон бодлогын түвшний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Энэ нь зөвхөн боловсролын салбарын асуудал биш, харин хүний эрх, хүүхдийн хамгааллын цогц бодлоготой шууд холбоотой асуудал юм.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Өнөөдөр нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол чанга дуу биш, тодорхой дүрэм. Хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол хувь хүнд зориулсан улс төр биш, институцид түшиглэсэн шийдэл. Гэхдээ бидний зорилго хэн нэгнийг онилох биш, харин хэн ч байсан ижил шалгуураар үнэлэгддэг, хууль нь тодорхой, төр нь хариуцлагатай тогтолцоог л бий болгоход чиглэх ёстой. Төр нь өндөр хариуцлагатай байхын зэрэгцээ цомхон байх зарчмыг би байнга ярьсаар ирсэн. Энэ зарчмыг 90-ээд оны үед нэн түгээмэл ярьдаг байж байгаад нэг хэсэг бүр огт дурсахаа больж, бүр эсрэгээрээ задгайруулан тэлэх сэтгэлгээ газар авчихаад байсан үед миний хувьд уг асуудлыг анх гаргаж тавиад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийнх нь хамт төрийн өргөжилтийг хязгаарлах бодлогод шилжихийг уриалж ажиллаж ирсэн. Шинэ залуучууд маань бас тэр бүр мэдэхгүй л байх. Ийм асуудлыг гаргаж тавих нэр хүндгүй байх үед хөндөж ярьж байсан юм. Тэр үед “төрийг хэн муу менежер гээд байгаа юм”, “муусайн олигархууд л хувийн салбараа өмөөрдөг юм” гэдэг яриа хавтгайрсан сэтгэхүйтэй үүнийг сөхөж ярьж байсан. Харин одоо энэ чиглэлээр миний санаачилж байсан, тэгээд дээрх сэтгэхүйгээс улбаалаад дэмжигдээгүй тогтоолын төслийн маань бараг өгүүлбэр бүрийг нь хүмүүс тасдаж аваад тус тусад нь яриад явахад нээлт хийсэн мэт болж, од болоод яваад байдаг болсонд би баяртай байгаа. Үнэхээр энэ асуудлыг сөхөж эхлээд судалгаа хийгээд үзэхэд ДНБ-ий 70-аад хувийг хувийн салбар биш, төсөв, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг болоод буйг ярихад олон хүн үнэмшдэггүй байсан. Арга ч үгүй, 90-ээд оны эцсээр өмч хувьчлал дуусаад манай албан ёсны яриа дүгнэлт Монгол Улсын ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа гэдэг ойлголт дээр нэгэнт тогтоод үүнийгээ эргэж дүгнэж, эргэлзэж хянахаа больсон байсан. Өөрөөр хэлбэл, энэ нь хэвшмэл ойлголт болсон байсан. Харин ийм тогтоол өнөөдөр орсон бол шууд л батлагдах байсан байх. Лав л тэр үеийнх шиг эсэргүүцээд, даналзаад байх гишүүд нэн цөөн байх байсан байх. Гэхдээ тэр тогтоол маань батлагдаагүй ч нийтийн сэтгэхүйг яаж өөрчилснийг нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн талаар сүүлийн үед гарч буй тогтоол шийдвэрүүдээс бэлхнээ харах биз.

Э.МӨНХТҮВШИН

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)