Ц.Энхбат: Намыг төлөөлөх хүмүүс л намын нэрийн жагсаалтад орох ёстой

Төв аймгийн Засаг дарга, Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Энхбаттай удахгүй болох орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа.
    Төв аймгийн Засаг дарга, Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Энхбаттай удахгүй болох орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа.

-Төв аймгийн Монгол Ардын Намын хорооны хувьд УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон. Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Уг сонгуульд хэрхэн оролцох вэ?

-УИХ-ын сонгуульд манай иргэд, олон түмэн идэвхтэй оролцсон. Ирц сайн бүрдсэн. Нэр дэвшигчээ, намаа ялалтад хүргэсэн. Одоо орон нутгийн сонгуульд бэлтгэж байна. Энэ сонгуульд хамгийн гол нь хийж, хэрэгжүүлж чаддаг, чадварлаг боловсон хүчнээ нэр дэвшүүлсэн. Сонгогчид ч үүнийг нь харгалздаг. Манай аймгийн иргэд хувирч өөрчлөгдөөд байдаггүй, тууштай хүмүүс гэж ойлгодог. Ер нь сум болгонд ороо, бусгаа санал, гомдол гаргадаг иргэд бага байх шиг санагддаг юм. Ялж, ялагдах зүйл байлгүй л яахав. 2008 онд манай аймгийн найман сумын иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд АН-аас ялсан.

Гэхдээ олон жил аймаг, орон нутагтаа эрх барьж орон нутгаа хөгжүүлж байгаа намаа тууштай сонгодогт нь талархалтай байдаг. Үүний учир нь манай нам иргэд, олон түмэндээ ойрхон, аймаг, орон нутгийнхаа хөгжлийг хангасан сайн мөрийн хөтөлбөр боловсруулж, хийж, хэрэгжүүлж, танилцуулж, явц, үр дүнг нь хэлж ярьдаг. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт намынхаа сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн тусгаж чаддагт байдаг болов уу.

-Өнгөрсөн хугацаанд өмнө нь дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэр хэрэгжүүлэв. Иргэд хамгийн түрүүнд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хардаг шүү дээ?

-Мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлсэн. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэд хэдэн удаа хэлэлцэж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт сайн байна гэж дүгнэсэн. Бид энэ онд хийж, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслийн ихэнхийг оны эхэнд шахаж хэрэгжүүлсэн. Аймгаа 2023 он хүртэл хөгжүүлэх цогц хөтөлбөр гаргалаа. Үүний хүрээнд аймаг орон нутагтаа шинээр бий болох үйлдвэрлэл, шинэ салбарын асуудлыг тусгахаас гадна хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбараа үр бүтээлтэй, амжилт арвинтай байлгах зорилт тавьсан. Бид 2004 онд газар тариалангийн үйлдвэрлэл уначихаад байхад хоёр дахин нэмэгдүүлье гэдэг зорилт тавьж 2008 онд хэрэгжүүлж байлаа. 2008 оноос хойш газар тариалангийн үйлдвэрлэл эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад иргэдийн амьжиргааны төвшин нэмэгдэж байна.

Хөдөө аж ахуйн салбарт ч гэсэн өсөлт, амжилт гарсан. Ер нь хүмүүсийн амьжиргааны төвшин хэр дээшилж вэ гэдгийг хэдэн зүйлээс харж болно. Манай аймагт телевизгүй малчин өрх гэж байхгүй, 27 сум үүрэн телефоны сүлжээ, интернэттэй болсон. Мөн бусад аймгийг бодвол ажилгүйдэл бага. 300- 400 хүн ажилладаг ажлын хувцасны том үйлдвэр байсан одоо дампуурсан. Түүнээс болоод ажилгүйдлийн төвшин Зуунмод сумын хэмжээнд нэмэгдсэн. Тиймээс бид утас ээрэх үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа. Хэрэв ашиглалтад орж үйлвэрлэлээ эхэлбэл 300-400 хүн ажлын байртай болно. Үйлдвэрлэл сэргэж байна. Үүнийг дагаад ажилгүйдэл буурна. Жижиг дунд үйлдвэрлэлийг бууруулах чиглэлээр нэлээд ажил хийсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 5385 байнгын шинэ ажлын байр бий болсон. Энэ бүх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадаж байгаа нь иргэд сонгогчдын итгэлийг төрүүлдэг байх.

-Салбар салбарын төлөөллөөс нэр дэвшүүлж байгаад Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга талархал илэрхийлж байсан. Ингэхэд эдгээр нэр дэвшигчээ хэрхэн тодруулсан бэ?

-Анхан шатандаа нэлээд ажилласан. Үүр болгон дээр нэр дэвшүүлэлт хийлээ. Суманд нэр дэвшигч тодруулахад нэлээд хүндрэлтэй байсан. Үйлчилгээний алба хашиж байгаа хүмүүс сонгуульд оролцох болсноор багш, эмч нараас нэр дэвшиж байна. Орон нутгийн сонгуулийн шинэ хуулиар намын нэрийн жагсаалтаар нэр дэвшүүлдэг боллоо. Би намыг төлөөлөх хүмүүс л намын нэрсийн жагсаалтад байх ёстой гэж ойлгодог. Түүнээс биш хэн нэгэн улстөрч байх албагүй. Тиймдээ ч манай намаас намын нэрийн жагсаалтаар есөн хүн жагсана. Эдгээр хүний дунд Хөдөлмөрийн баатар тариаланч, улсын сайн малчин, эмч, худалдагч, саальчин, лам гээд салбар салбараас оруулсан. Намын нэрийн жагсаалт гэдгийг ингэж л ойлгож байгаа. Түүнээс биш хэн нэгэн хүнд бэлдсэн зүйл биш. Үүнийг ойлгоогүй намууд байна билээ.

-Энэ жилийн орон нутгийн сонгууль өмнөх сонгуулиас тэс өөр эрх зүйн орчинд явагдана. Орон нутгийн сонгуулийн хуулийн тухайд та юу хэлэх вэ?

-Орон нутгийг талцуулж, улстөржүүлдэг механизмыг хуульд тусгасныг иргэд, олон нийт буруу, зөв ойлгож бужигнах вий гэхээс эмээж байна. Нэр дэвшигч бол нэр дэвшигч. Нэг тойрогт гурав, дөрвүүлээ өрсөлдөөд ялах, ялагдах тохиолдол байлгүй яахав. Суманд адилхан хүмүүсийг ялгаж, тойрогт болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэхийн хооронд асар их ялгаа бий. Суманд нэр дэвшиж байгаа үйл явцыг харахад тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, багийн Засаг дарга нар шууд санал аваад гарч ирдэг байхаар нэрээ дэвшүүлж, нэрийн жагсаалтад нэгээр бичигдэх жишээтэй. Ингээд ажил хийдэггүй нөхдүүд дахин гарч ирэх гэж байна. Орон нутагт намын жагсаалтаар нэр дэвших, гулсах зэрэг нь зохисгүй санагдаад байгаа юм.

Ялагдчихаад ялдаг тогтолцоо хийнэ гэдэг өөрсдөдөө тохирсон хэдхэн улстөрч, цөөхөн хүний ашиг сонирхол гэж харагдаж байна. Ийм нөхцөл байдал орон нутгийн сонгуулийн хуульд байгаа нь дэндүү талцуулсан зүйл болжээ гэх бодол төрүүлсэн. Ер нь улс үндэстнийхээ аюулгүй байдал талаас нь харвал хүмүүсийн эв нэгдлийг бусниулж, ийм зүйл, заалттай хууль гаргах нь нийгэмд хортой. Хугацааны хувьд ч хүндрэлтэй. Тухайн үед байгаль, цаг уур сайхан байгаасай л гэж залбирч суухаас өөр арга алга. Айл бүр өвөлжөөндөө бууж, ажил өрнөх үе учраас ирц хүрэхгүй байх магадлал өндөртэй. Гэр бүлийн хоёр хүний нэг нь санал өгөөд нөгөө нь өгөхгүй байх магадлалтай.

-Орон нутгийн сонгуульд ямар санал санаачлагуудыг дэвшүүлж оролцох вэ?

-Манай аймгийн 90 жилийн ой ирэх жил тохионо. Үүнийг угтсан хөдөлмөрч, бүтээлч ажил өрнүүлсэн энэ үед бидэнд олон санал, санаачлага бий. Ер иргэдийнхээ санаа, бодолд тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Хамгийн гол нь хүндрэл бэрхшээлтэй зүйлүүдийг шийдвэрлэх тал дээр бодлогоо зангидна. Манай аймагт ажилг үйдэл тодорхой хэмжээгээр бий. Тиймээс аймгаа үйлдвэржүүлэх төлөвлөгөөтэй холбогдуулан олон үйлд вэр, аж ахуйн нэгж байгуулах талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бол амлалт биш. Энэ бол амьдралаас гарсан асуудал.

Тиймээс ирэх дөрвөн жилд бид ажлын байр олноор нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иргэд, олон нийт, хүн амын өмнө тулгамдсан, хүндрэлтэй гэсэн асуудал бүрийг мөрийнхөө хөтөлбөрт тусгасан. Манай мөрийн хөтөлбөр хүмүүст ойлгогдохоор болсон. Аймгийнхаа ажлаар сүүлийн дөрвөн жилд нэг удаа гурав, нэг удаа дэд байранд орж, хоёр удаа улсад тэргүүллээ. Тиймээс энэ амжилтаа бататгаж, ахиулан аймаг, орон нутгаа хөгжүүлэх ёстой. Иргэд, олон нийт бидний боловсруулсан мөрийн хөтөлбөрийг дэмжиж, манай намаас нэр дэвшигчдийг сонгох болов уу гэж итгэж байгаа.

Ц.ЖАРГАЛ



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)