Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Улсын Их Хурал 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас “d.parliament.mn” дамжуулан иргэнээс ирүүлсэн 1 санал, ажлын хэсгийн гишүүн Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нараас болон Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Жендэрийн үндэсний хорооноос ирүүлсэн саналуудыг үндэслэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх, нам, эвслийн бүлэг байгуулах гишүүдийн тоог тогтоох, яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахгүй байх, мөн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаар болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах зэрэг нийт 18 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Улсын Их Хурал дахь намын бүлгийн даргыг тухайн бүлгийн гишүүдийн олонхын саналаар сонгох, бүлгийн ажлын алба нь бүлгийн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажилладаг байх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.19 дэх хэсэгт заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа төслийн 44 дүгээр зүйлд “44.1.16.гишүүн нь бүрэн эрхийн хугацаандаа иргэд, сонгогчдод тайлангаас бусад эд зүйлс тараах, аливаа хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэрэг үйлдэл, үйл ажиллагаа хийхгүй байх.” заалт нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул цөөнх болсон болохыг санал, дүгнэлтэд дурдав.

Байнгын хороо ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, төсөл дэх Улсын Их Хурлын гишүүний чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбоотой зохицуулалтын талаар тодруулж хариулт авав. Энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас эхлээд цогцоор нь харах нь зүйтэй хэмээн Н.Энхболд гишүүн хэлээд “Нам бол үзэл санааны нэгдэл, аливаа асуудлаар намын бүлэг дээр бодлогын хүрээнд нээлттэй зөвшилцөн байр сууриа нэгтгээд чуулган дээр төслийн хувилбараар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн. 126 гишүүн нэгбүрчлэн үг хэлэх нь чуулганы үйл ажиллагаанд нөлөөлөх талтай, тиймээс олон улс орны парламентад ашигладаг жишгийн дагуу төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан. Аливаа асуудлаар гишүүн Улсын Их Хурал дахь намын бүлэг болон Байнгын хорооны хэлэлцүүлэг дээр гишүүд зөвшилцөж, ярилцах нь нээлттэй” хэмээн хариулт өгсөн. Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн асуулт асууж, хариулт авсны дараа саналын томьёоллуудаарх санал хураалтыг түр хойшлууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)