Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сурч боловсроход анхаарна

Гадаадын эрдэмтэн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцаж, сургалт явуулна
Монгол улсад сургуульд огт хамрагддаггүй, хамрагдсан цөөхөн хэд нь бага ангиас завсарддаг боловсролын гадна буй бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд билээ. ХБХЭЭХ-нд бүртгэлтэй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 75 хувь нь боловсролд хамрагдаагүй байдаг. Энэ нь Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийтлэг дүр зураг юм.

АНУ-ын Төрийн Департаментаас санхүүжүүлдэг “Empower Partnerships” (Түншлэл хөгжүүлэх) хөтөлбөрт  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо (ХБХЭЭХ), “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн Үндэсний эвсэл (БНБТ ИНҮЭ) түнш болж хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр бодлогын нөлөөлөл хийж ажиллахаар сонгогдоод байгаа юм.

Монголын 2 байгууллагатай түншлэх Америкийн байгууллагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэм болон боловсролд тэгш хамруулах чиглэлээр 40 орчим жил ажиллаж мэргэшсэн TASH (ТААШ) байгууллага сонгогдсон юм. Уг байгууллагыг төлөөлөн, тэгш хамруулах боловсролын чиглэлээр ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, мөн энэ чиглэлээр багш бэлтгэх, хөтөлбөр боловсруулах, үнэлгээ хийх, бодлогын нөлөөллийн өргөн хүрээний мэдлэг туршлагатай, Ph.D Рима Хатум Монголд ирээд байна.

Энэ хүн Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, эцэг эхчүүдтэй нь уулзалт хийх ба айлчлах үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, АНУ-ын Элчин сайдын яам, Боловсролын Их сургууль болон тусгай сургуулиуд дээр очиж уулзалт хийнэ.  
Хамтын ажиллагааны эхлэл болгож, ХБХЭЭХ-ны орон нутаг дах салбарын зохицуулагч нар болон БНБТ ИН-ийн үндэсний эвслийн гишүүн байгууллагын төлөөлөл оролцсон нэг өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрх, тэгш боломж, боловсролд тэгш хамруулах асуудлаар Түншлэл бэхжүүлэх хөтөлбөрт хамрагдсан Монголын 2 байгууллагатай хамтран ажиллах цаашдын төлөвлөгөөгөө боловсруулах юм.

Холбоо барих :
70123336 ХБХЭЭХ
70008292, 96011486  БНБТ ИН-ийн Үндэсний эвсэл
Е-мэйл хаяг: info@all4education.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)