Виктор Орбан: Бид ОУВС-г нутгаасаа хөөсөн

ОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Унгарт айлчилсан юм. Айлчлалын дараа Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Оросын “Коммерсант” сонины сэтгүүлчтэй хийсэн ярилцлагаас товчлон хүргэж байна.

 

-Та Оросын эсрэг хоригийг нэг бус удаа эсэргүүцэж байсан. Та Европын түншүүдтэйгээ хэлэлцээр хийх үедээ энэ байр сууриа хамгаалдаг уу. Унгар улсыг хориг тавих эрхээ эдлэхэд хүргэх“Улаан шугам” хаагуур өнгөрдөг вэ?

 

-Энэ шугам Берлины ойролцоо өнгөрдөг. Европын холбооны хамгийн үнэт зүйл бол эв нэгдэл. Энэ нь гадаад харилцаа, цэргийн, аюулгүй байдлын бодлогод хамааралтай. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ тивийн хувь заяаг хоёр их гүрэн захирч байсныг Европт сайн санадаг. Бид хувь тавилангаа тодорхойлох эрхээ олж авахыг хүсч байгаад Европын оюун санааны нэгдлийн хүч оршиж байна. Үүний тулд хүчтэй байх хэрэгтэй. Эв нэгдэлгүй бол хүчгүй. Германчууд Оросын эсрэг хоригийг хэвээр хадгалахын төлөө байгаа цагт нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Унгар үүнтэй санал нэг байгаа эсэхээс ч хамаарахгүй.

 

-Европын холбоонд Оросын эсрэг хатуу байр суурь баримтлагчид болон түүнийг нь эсэргүүцэгчдийн хооронд хагарал бий болсон гэх яриа Москвад нэлээд түгсэн. Та үүнтэй санал нэг байна уу?

 

-Нөхцөл байдал бүр дордсон. Оросыг эдийн засгийн хувьд Европоос тусгаарлах ёстой гэсэн байр суурь баримтлагчид бий. Тэд Европын эв нэгдэл, Орос хоёрын аль нэгийг сонгохыг тулгадаг. Энэ тохиолдолд асуултыг нь няцаах хэрэгтэй. Тааруухан асуултын хариу маруухан л байж таарна. Харин бид Европын холбоо болон Оросын харилцааг хамгийн зохистойгоор хэрхэн сайжруулах талаар эргэцүүлж байна. Энэ бол зөв асуудлыг саруул ухаанаар тунгааж буй хэрэг. Ямар сонголт хийх нь Орост гэхээсээ Европын хувьд илүү чухал. Европчууд Оростой хамтран ажиллах талаар шийдвэрээ гаргаснаар Оросын биш харин Европын ирээдүйг тодорхойлно. Би Оростой хүйтэн дайн хийхэд хөтөлдөг, иргэдээ Оростой дайсагнуулдаг Европт амьдрахыг хүсэхгүй байна. Оросын эрчим хүч, эдийн засгийн чадавхийг Европ дахь технологийн мэдлэг, соёл иргэншилтэй нэгтгэх асар том боломжоос татгалзаж буй Европ. Бид эдгээрийг холбож чадвал өмнө маань төсөөлж ч байгаагүй гайхамшигт ирээдүй нээгдэнэ.

 

-Унгарын хувьд эдийн засгийн хориг арга хэмжээ хэрхэн туссан бэ. Эдийн засгийн аль салбар илүү өртөв?

 

-Унгар улс Европын холбооноос тавьсан хориг арга хэмжээнээс гадна Оросын хариу арга хэмжээнээс хохирч байна. Хоёр орон нэгэндээ хориг арга хэмжээ авах сонирхолгүй байснаас аль алинд нь эмзэг тусч, Унгар улс хохирол амссан. Оростой харьцуулахад Унгар жижиг орон. Бид хүйтэн дайныг хүсээгүй. Тиймээс бид эдийн засгийн хохирол амсч байгаа хэрнээ улс төрийн харилцаагаа хадгалахыг хичээж байна. Харилцан санал зөрөлдөөнтэй үе байгаа ч үүнээс болж бид сөргөлдөгчид болохгүй гэдгийг талууд ойлгож байна. Европын холбооны хориг арга хэмжээ бол санал зөрөлдөөнтэй эдгээр асуудлын нэг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлаж, Унгар дахь Оросын хөрөнгө оруулалтын хэмжээ буурснаас хохирол амслаа. Оросын эсрэг хориг тавьсан оронд тэд хөрөнгө оруулахгүй нь ойлгомжтой.

 

-Орос болон барууны орны хооронд бий болсон хямрал хэр гүнзгийрсэн болон хэдий удаан үргэлжлэх вэ. Нэг талаас ОХУ, нөгөө талаас Европын холбоо, АНУ-ын хооронд бий болсон үл итгэлцлийг давах боломжтой юу?

 

-Энэ асуудлын хувьд Европын болон америкийн чиг хандлага ялгаатай. Европын хувьд Оростой харилцаагаа дахин сэргээхэд шаардлагатай бүрдэл хэсгийг Минскт болсон хэлэлцээрээс олж харсан. Үүний нэг нь энхтайван. Зэвсгээ хураах хэрэгтэй. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд аль болох нягт хамтран ажиллахыг зорих шаардлагатай. Эдийн засгийн харилцаа, чөлөөт худалдааны салбарт Европын холбоотой хамтран ажиллахыг санал болгосон Оросын талын санаачлагыг дэмжих хэрэгтэй.

 

-Танай улс олон асуудлаар өвөрмөц байр суурь баримталдгаас Брюсселиэс хэр их дарамт үзүүлдэг вэ?

 

-Бидэнд нэлээд их дарамт үзүүлдэг, энэ их урт түүхтэй. Дарамт нь биднийг жигших үзэлтэй нийлж, нэрмээс болдог. Харин бид бүхнийг өөрөөр хийдэг хэрнээ амжилт олдог. Өгсөн зааврынх нь дагуу бүхнийг гүйцэтгэж байсан хэрнээ амжилт олоогүй улс орон олон. Европт олон улс орон их бардам зантайгаасаа бусдын зөв болохыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Гэтэл улс төрд та биш харин эсрэг талынх нь зөв байх тохиолдол олонтаа. Алдаагаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй, үүний тулд өгөөмөр сэтгэлтэй байх ёстой. Гэтэл Европт энэ их ховор үзэгдэл. Биднийг шинэ Үндсэн хуулиа Европын орнуудад тогтсон хэв маягаас гажиж, Христийн шашин, үндэсний хэв маягт тохируулан боловсруулсны төлөө улаан даавуу харсан бух мэт дайрч довтолсон. Дараа нь бид ОУВС-г нутгаасаа хөөсөн. Бид “Та нарын жор бидэнд тохирохгүй. Бэрхшээлээ өөрсдөө шийдвэрлэнэ” хэмээн тэдэнд хэлсэн. Тэгээд шийдэж чадсан. Одоо Унгар Европ тивд эдийн засаг нь хамгийн амжилттай хөгжиж буй орны нэг. Оростой тогтоосон харилцааны хувьд бид байр сууриа нээлттэй илэрхийлдэг. Оросыг хассан тохиолдолд Европ тив дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай байж чадахгүй гэж боддог. Олон хүчин зүйлтэй холбоотойгоор бидэнд ихээхэн дарамт үзүүлдэг. Гэхдээ мажар ардын мэргэн үг бий. “Үхсэн загас л урсгал даган хөвдөг” гэж. Харин бид амьд хэвээрээ байна.

 

-Та өмнө нь ОХУ болон В.Путинийг шүүмжилдэг байсан. Харин2010 оноос “Дорно зүгт үүдээ нээх” бодлогоо тунхаглаж, Оросыг Унгарын хамгийн чухал түншийн нэг хэмээн зарласан. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв?

 

-Улс төр гэж ийм байдаг. Заримдаа бид нэгнээ шүүмжилдэг. Гэхдээ улс төр их аюултай. Их амархан төөрөлдөх эрсдэлтэй. Богино хугацааны эрх ашиг, алс хэтийн эрх ашигтай сүлэлдэж, улс төрийн асуудал хувийн эрх ашигтай зөрчилддөг. Гэхдээ улстөрч, удирдагчид нэгнээ харилцан хүндэтгэсэн хэвээр байх нь чухал гэж боддог. Хүндэтгэлийн хажуугаар өргөн цараатай байх хэрэгтэй. Бүгд л алддаг. Бид нэгнийхээ алдааг байнга хэлж, чичлээд байвал хэрхэн зэрэгцэн орших болж байна. Энэ бол гэр бүл, улс төрд нэгэн зэрэг хамааралтай хүмүүний оршихуйн мөн чанар. Хүндэтгэл, өргөн цар хүрээтэй байх. Бид Оростой харьцуулахад жижиг боловч Ерөнхийлөгч В.Путин бидэнд хүндэтгэлтэй хандаж байгааг хараад нэр төртэй байхыг хичээдэг. Бидний уулзалтын хувьд олон улсын хэмжээнд ямар маргаан өрнөснийг үл харгалзан бид Оросын Ерөнхийлөгчийг Оросын ард түмний удирдагчийнх нь хувьд зохих хэмжээнд хүлээн авсан.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • ХӨХ (103.229.123.22)

    2015-02-27

    ЕХ-ЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ШҮҮ ДЭЭ.ЗӨВ Л ХЭЛЖ, ДЭНДҮҮ ДЭЭРЭНГҮЙ ПУТИН ГАДАРЛАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

  • (112.72.13.118)

    2015-02-27

    агуу, ийм удирдагчтай улс орон урагшлан хөгжих нь тодорхой.

  • Zocnin (112.72.13.240)

    2015-02-27

    MONGOLd iim yxaalag erunxuulugcn xeregtei.Ard tvmnee dollaraar xydalddag gazar nytgaa xariinxand beleglej xosngirdog arcnaagvi Mongolin turujs zailax yeostoi !!!

  • zochin (202.170.68.19)

    2015-02-27

    mundag uuriin uzel bodoltoi uls turch bna daa manaid neg iim khun ulsiig udirdval uls oron munch uurchlugdunu du

  • зочин (103.10.22.148)

    2015-02-27

    МАНАЙ ТӨРИЙН ТЭНЭГҮҮДЭД ИЙМ УХААНЫ ГЯЛААН Ч АЛГА ДАА

  • (150.129.140.23)

    2015-02-27

    Ухсэн загас л урсгал даган хувдэг .... Сайхан уг бна ... Тэгэхээр бид ухсэн д нь орох уу амьд д нь орохуу ?????? Ер нь ДЭЛХИЙН БАНК , ОУВС - гийн заавар , ДАВОС- ын чуулганы заавар зувломжийг дагаад хогжсон улс орон байдаг юм уу ,,,,

  • (49.0.160.187)

    2015-02-27

    Виктор Орбан бол маш ухаалаг улс төрч байна аа. Хамгийн гол нь алдаагаа хүлээн зөвшөөрч чадаж байна.

  • Ойн савдаг (202.131.228.20)

    2015-02-27

    Унгарын ерөнхий сайд зөв парагматик үзэлтэй байна. Аливаа жижиг улс том улсуудын зөрчилдөөний дундаас эдийн засгийн ашиг хонжоо олж чаддаг байх хэрэгтэй. үүний тулд тархиа сайн ажиллуулах ёстой.