Эцэг, эхийн хариуцлагагүйгээс жилд 2500 хүүхэд түлэгддэг байна

 

        Эцэг, эхийн хариуцлагагүй байдлаас болж жилд 2500 хүүхэд түлэгдэж улмаар 25-26 нь нас бардаг байна. Байгаль цаг уурын онцлог, зан үйл, амьдарч буй нөхцөл байдлаас хамаарч нийт өрх айлын дийлэнх нь зууханд гал түлэх, цахилгаан тогоонд хоол, цайгаа чанах, мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээх, гэрт нь цоожлох зэрэг нь түлэгдлийн гол шалтгаан болдог байна. Тиймээс түлэгдэж нас барсан хүмүүсийн 70.3 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж байгаа юм. Түлэнхийн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 нь халуун усанд түлэгдсэн байна. Түүнчлэн үүний цаана маш олон хүүхэд насан туршдаа шарх сорвитой болон үлдэх нь эмгэнэлтэй. Тийм учраас энэхүү асуудалд төр засаг болон холбогдох байгууллага, эцэг эхчүүд анхаарал хандуулах цаг нь болсныг дээрх тоо сануулж байна.

 

СЭХЭЭН АМЬДРУУЛАХ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТ АППАРАТ ГАРДУУЛАВ

 

        Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ГССҮТ хамтран “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлагаас” сарын аянг зохион байгуулж буй. Аяны хүрээнд түлэгдэн ирэх хүүхдийн тоо багасч, эцэг эхчүүд гэрийн нөхцөлд анхны тусламжийг зөв үзүүлэх явдал нэмэгджээ. Үүний хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад хүмүүс ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Түлэнхийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Цаашид ийм төрлийн аппарат хэд хэдийг, мөн шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттай нийлүүлэхээ Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдлээ. Тэрбээр “Манайх дайн байлдаангүй тайван орны нэг. Гэтэл жилд 2225 хүүхэд зөвхөн халуун хоол, цайнд түлэгдэн 25-26 нь амь насаа алдаж байгаа нь анхаарал татахуйц нөхцөл байдал үүсч буйг илтгэж байна. Гол шалтгаан нь эцэг, эхчүүдийн санамсар, хариуцлагагүй байдал учир үүнийг эрх зүйн хүрээнд нь зохицуулалт хийж хуулийн хариуцлага тооцдог болгохоор бэлтгэж байна. Мөн цахилгаан тогоог хил гаалиар оруулж ирж буй хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй. Аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан тогоо оруулж ирэхэд төрийн холбогдох байгууллагууд хяналт тавих ёстой” гэв.

 

ЖИЛД 800-960 ХҮНД МЭС ЗАСАЛ ХИЙДЭГ

 

         Энэ үеэр Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Галбадрах үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм. Тухайн тасгийнхан жилд 4000-4500 хүнд яаралтай тусламж үзүүлдэг бол сард 70-80, жилд 800-960 хүнд мэс засал хийдэг байна. Яаралтай тусламж үзүүлж байгаа хүмүүсийн 2500- 3000 нь 0-5 насны хүүхэд байдаг аж. Түлэнхийн тасгийнхан сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл үрс гэрэлт ирээдүй” төрийн бус байгууллагатай хамтран 100 мянган ам.доллар, “25 дугаар суваг” телевизтэй хамтран 1000 төгрөг төслийг хэрэгжүүлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авчээ.

 

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ 61 ХҮНИЙ 40 ОРЧИМ ХУВЬ НЬ 0-5 НАСНЫ ХҮҮХЭД БАЙДАГ

 

         Аппарат хүлээлгэн өгсний дараа албаныхан тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа. ГССҮТийн ерөнхий захирал Т.Мөнхсайханы хэлснээр Түлэнхийн тасагт өнөөдрийн байдлаар 61 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 40 орчим хувь нь 0-5 насны хүүхэд юм байна. Түүнчлэн олонх хүүхэд шингэн халуун зүйлд түлэгдэж байгаа тул эцэг, эхчүүдийг хариуцлагатай байхыг санууллаа. Цахилгаан тогооны түлэгдэл нь нэлээд гүн буюу хүнд зэрэгт ордог аж. Өнөөдрийн байдлаар сэхээний дараах эмчилгээний тасагт гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Охин нь ахуйн нөхцөлд түлэгдэн энэ сарын 10-нд ГССҮТ-д ирэн сэхээнд хоёр хоног байсны дараа эмчилгээний тасаг руу шилжсэн талаар Чингэлтэй дүүргийн иргэн Б.Жаргалмаа ярилаа. Тэрбээр “Зуухны ойр байсан сандал дээр зогсч байгаад охин маань гал руу уначихсан. 10 хувийн түлэгдэлтэй учир харзнаж байгаад хэрэв шаардлагатай бол нөхөн сэргээлт хийнэ гэж эмч хэлсэн” гэв. Харин Түлэнхийн эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байсны хамгийн бага нь ой арван сартай байв. Баянзүрх дүүргийн XI хорооны оршин суугч Д.Дэлгэржаргалын гэр шатан дөрвөн хүүхэд нь түлэгдэн энэ сарын 1-нд ГССҮТ-нд иржээ. Тэдний нэг нь 45-50 хувийн түлэгдэл авсан тул арьс шилжүүлэн суулгах болон донор арьс нөхөх хагалгаанд гурван удаа орсон байна. Тухайн үед эцэг, эх нь байхгүй үеэр гал гарч хүүхдүүд нь унтаж байгаад галд өртсөн аж. Тэрбээр насанд хүрээгүй хүүхдүүдээ гэртээ хараа хяналтгүй үлдээж болохгүйг эцэг, эхчүүдэд захив. Эрчимт эмчилгээг өмнө нь мэс заслын эмч нар хийдэг байсан бол энэ жил хүүхдийн сэхээний нарийн мэргэжлийн эмчтэй болсноороо давуу талтай болсныг Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч Ц.Нарантунгалаг хэллээ. Тэрбээр “Эрчимт эмчилгээг түлэгдлийн зэргээс хамаарч хийдэггүй. Бага буюу таван хувийн түлэгдэлтэй хүүхэд ч нас барах тохиолдол байдаг. Янз бүрийн суурь өвчтэй тохиолдолд түүнтэй нь хавсарч хүндэрдэг. Тухайлбал, арав гаруй хоногийн өмнө хатгалгаа тусч эмчилгээ хийлгэсэн боловч бүрэн эдгэрээгүй байхдаа түлэгдсэнээр хавсарсан эмгэгтэй болж, хүүхдийн биеийн байдал хүндэрч байна. Өдөрт ойролцоогоор 4-5 хүн хэвтэн эмчлүүлдэг. Орон гэр нь шатсан тохиолдолд олон хүн нэгэн зэрэг сэхээнд орох тохиолдол ч бий” гэлээ.

 

ТҮЛЭНХИЙН ТӨВИЙГ 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

 

        Түлэнхийн төвийг ашиглалтад оруулахыг хүлээсэн хүн олон бий. Одоогоос зургаан жилийн өмнө барилгын ажлыг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулж чадалгүй царцсан. Барилгын ажлыг “Цаст констракшн” компани өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн ч санхүүжилтийг нь тухайн үеийн Засгийн газраас олгоогүйн улмаас зогсонги байдалд оржээ. Барилгын ажлын явц ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас тодруулахад “Түлэнхийн төвийг ашиглалтад оруулах шийдвэр Засгийн газраас гаргасан. Кувейтийн сангаас санхүүжүүлэхээр болж байна. Одоогоор 4.6 тэрбум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажил 28 хувьтай байгаа. 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэв.

 

Түлэгдлийн ихэнх тохиолдол ахуйн нөхцөлд буюу монгол гэрт 11.00- 12.00, 19.00-20.00 цагт гардаг байна. Иймд түлэгдсэн тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар эмч зөвлөлөө. Эхлээд түлэгдсэн хэсгийн хувцас, эд зүйлийг болгоомжтой тайлах эсвэл хайчилсны дараа түлэгдсэн хэсгийг 10-15 минут тасалгааны хэмтэй урсгал усаар хөргөх юм байна. Үүний дараа боолт хийж халдвараас сэргийлэхийн зэрэгцээ өвчин намдаах эм өгч болох аж. Хэрэв цэврүү үүссэн бол хагалж болохгүйг сануулав. Учир нь, халдвар орох эрсдэлтэй аж. Хамгийн гол нь түлэгдлийн талбай, зэргээс үл хамаарч эмчид хандах учиртай бөгөөд үүнээс өмнө дур мэдэн барааны саван, элсэн чихэр, амьтны цус, уушгины улаан зэргийг огт хэрэглэж болохгүйг анхааруулав.

 

С.Юмсүрэн

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.183.31)

    2017-02-16

    ЭЦЭГ ЭХ ЭМЭЭ ӨВӨӨ АХ ЭГЧ-ИЙН 100 ХУВЬ БУУРУТАЙ ШҮҮ