Шин Ян-Сү: Монгол улс 2020 он гэхэд элэгний В,С вирусийг устгах бүрэн бололцоотой

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага / ДЭМБ/-ын 2017-2021 оны хамтын ажиллагааны баримт бичигт талууд өчигдөр гарын үсэг зурлаа. Монголчуудын эрүүл мэндийн төлөө хамтарч ажиллахаар боловсруулсан стратегийн баримт бичгийг Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ян- Сү нар танилцууллаа. Монгол Улс 2030 он гэхэд байгаль орчин, экологийн тэнцвэрийг хадгалж, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулах зорилгыг хөгжлийн бодлогодоо тусган ажиллаж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг “Энэ баримт бичигт гурван том зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, эрүүл мэндийн бодлого, санхүүжилт, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах, нянгийн тэсвэржилттэй тэмцэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг үргэлжлүүлэн бэхжүүлэх.

Хоёрдугаарт, хүн төвтэй тэргүүлэх чиглэлийн нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэх. Тухайлбал, халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, эх, нялхас, хүүхэд, өсвөр үеийнхэнд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх. Гуравдугаарт, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүл орчноор хангахын тулд олон салбарыг татан оролцуулах, эрүүл мэндийн асуудлыг төрийн бүх бодлогод тусгах, ингэхдээ түншлэл, салбар хоорондын хам­тын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулахад анхаарах. Эдийн засгаас болж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг асуудлыг шийдвэрлэхэд бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллана. Ялангуяа ДНБ-ий эзлэх хувь, мөн нэг иргэнд ногдох зардал, ДНБ-ий тав хүртэлх хувийг Монгол Улс эрүүл мэндийнхээ салбарт зарцуулна гэсэн Мянганы хөгжлийн зорилт буюу дунд хугацааны стратеги Төрөөс баримтлах бодлогод тусгасан. Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд өнөөдрийн үзэглэсэн баримт бичиг нэлээд хүч өгнө” гэв.

Эрүүл мэндийн даатгалын системийг хөгжүүлсэн нь иргэдэд олон боломж олгосон

Энэ үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ян-Сүтэй ярилцлаа. -Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын 2017-2021 оны хамтын ажиллагааны стратеги баримт бичгийг хэрхэн боловсруулсан бэ. Баримтлах бодлого чиглэлээс нь дурдвал?

-Энэ баримт бичгийг Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, ДЭМБ-ын бүх төвшний төлөөлөл болон НҮБ-ын бусад агентлагын төлөөлөлтэй хамтран боловсруулсан. Энэ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг ирэх таван жилд хэрхэн үр дүнтэй хөгжүүлэх талаар нарийвчлан гаргасан төлөвлөгөө. Тодруулбал, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монголын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд ямар алхам хийх үү, ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг нарийвчлан гаргасан гэсэн үг.

-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг бусад улс оронтой харьцуулахад ямар төвшинд байна вэ?

-Аливаа улс орон эрүүл мэндийн салбарынхаа хөгжлийг ямар төвшинд байгааг тодорхойлж, дүгнэж чаддаггүй. Учир нь, бусад улс орны эрүүл мэндийн салбартай харьцуулж үзэх нь ховор байдаг. Харин ДЭМБ олон улс оронтой хамтарч ажилладаг учраас аливаа улс орны эрүүл мэндийн салбарын төвшинг хооронд нь харьцуулж дүгнэх боломжтой. Ингэж харьцуулахад Монгол Улсын эрүүл мэндийн салбар сүүлийн хоёр жилд маш том ололт амжилт гаргасан. Үүгээр Монгол Улс бахархах хэрэгтэй. Гэхдээ аливаа улс оронд мөн Монгол Улсад ч ялгаагүй хүндрэл бэрхшээл бий. Тухайлбал, Монголын хувьд өнөөдрийн байдлаар эдийн засаг, санхүү тулгамдсан асуудал болоод байна. Энэ мэт хүндрэл бэрхшээл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх, салбарын хөгжил дэвшилд тодорхой сөрөг нөлөө үзүүлж байна.

-Монгол Улсын эрүүл мэндийн салбар маш том амжилт гаргасан гэлээ. Ямар үзүүлэлтээр ийм дүгнэлт хийсэн бэ. Тухайлбал?

-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ололт амжилтын талаар ярихдаа хүн бүрийн сайн мэдэх гурван зүйлийг жишээ болгон хэлье. Монгол Улс гурван сая хүн амтай, маш том газар нутагтай, орон нутгийнхан нь алслагдмал амьдардаг, эрс тэс уур амьсгалтай орон. Өвлийн улиралд зуд болох тохиолдол бий. Нөхцөл байдал ийм байхад хүн бүрт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж чадаж байна. Энэ бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэг дэвшил. Мөн орон нутагт амьдарч буй жирэмсэн эхчүүдэд анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж буй байдлыг онцлох ёстой. Мянганы хөгжлийн зорилт буюу эх нялхсын эндэгдэл багатай цөөн орны тоонд Монгол Улс багтаж чадсан. Энэ бол үнэхээр том үзүүлэлт. Дараагийн онцлох үзүүлэлт Эрүүл мэндийн даатгалын систем. Үүнийг Монгол Улс тогтмол хөгжүүлж байна. Даатгалын системийг хөгжүүлсэнээр хүний халааснаас гарах мөнгө багасч, эдийн засгийн дарамтгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч байна гэсэн үг. Энэ чиглэлд хөгжил дэвшил бий болгосон. Түүнчлэн Монгол Улс энэ оноос нэгэн зөв хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, В, С вирусийг илрүүлж, эмчлэх явдал. Эдгээр вирус нь элэгний өмөн үүгийн гол шалтгаан болдог. Элэгний B C вирусийг Азийн өвчин гэдэг. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 оронд дэлхийн хүн амын 25 хувь амьдардаг учир манай бүсийн тулгамдсан өвчлөл бол болоод байна. Элэгний өмөн үүгийн 45 хувь нь манай бүсэд бүртгэсэн байдаг. Монгол Улсын Засгийн газар 2020 он гэхэд элэгний В, С вирусийг устгах том зорилт дэвшүүлж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг зөвхөн манай бүсэд төдийгүй дэлхийд анх удаа Монгол Улс тунхагласан. Энэ том зорилтод хүрэх улс төрийн хүсэл эрмэлзлэл, эрүүл мэндийн салбарын манлайл байсан учраас хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хүмүүс ам сайтай байдаг. Гэтэл зарим нэг нь үүнийг шүүмжлэх юм. Манай улсын хувьд элэгний В, С вирусийг бүрэн устгах боломж бий юү?

-Гурван сая хүн амтай орны хувьд элэгний В, С вирусийг устгах бүрэн бололцоотой гэж ДЭМБ дүгнэж байна. Ялангуяа үндэсний хэмжээний том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нөхцөлд зорилт, зорилгодоо хүрэх бүрэн боломжтой. Суурийг нь аль хэдийнэ тавьчихсан. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ тодорхой шийдвэр гаргаж, С вирусийг эмчилдэг эмийн үнийг бууруулж чадсан байна. Би өмнөд Солонгосын иргэн. Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад улс оронд С вирусийн эсрэг уудаг эм 20-30 мянган ам.долларын үнэтэй байдаг. Гэтэл Монгол Улсад тухайн эмийн үнэ зах зээлийн ханшны нэг хувьд хүрч байна. Ийм хэмжээнд хүргэсэн нь Монгол Улсын Засгийн газар болон ЭМЯ-ны зөв бодлого, үйл ажиллагаа учир үнэхээр манлайлагч гэж дүгнэж байна.

-Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллахдаа юунд анхаарах ёстой бол. Ямар чиглэл өгөх вэ?

-Бид халдварт өвчнийг бууруулж чадсан. Харин халдварт бус өвчлөл нас баралтын гол шалтгаан болоод байна. Тухайлбал, Монгол Улсын хувьд, өмөн үү, даралт ихсэх, зүрх судасны өвчлөл нас баралтын гол шалтгаан боллоо. Энэ чиглэлд шинэ стратеги гаргаж, шинэ арга барилаар ажиллаж, ард иргэдийн амьдралын хэв маягийг өөрчлөх хэрэгтэй байна. Хоёр дахь асуудал нь хотжилт. Энэ нь агаар, хөрс, усны бохирдлыг бий болгож, олон эрсдэл дагуулдаг. Түрүүн би хэлсэн орон нутгийн иргэд аймаг, сумаасаа алслагдмал амьдардаг. Сүүлийн жилүүдэд ДЭМБ үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагатай хамтран нийслэлийн захын хороолол, хөдөөгийн алслагдсан хүн ам, болон нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчдад эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг үр ашигтай үзүүлэхэд анхаарч байна. Тодруулбал, ДЭМБ, ЭМЯ-тай хамтран мобайл буюу зөөврийн технологийн аргаар иргэдэд үзлэг оношлогоо хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлд ажиллаж байна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү чанартай, хүртээмжтэй болно. Монгол Улс бол маш их баялагтай. Тиймээс байгалийн баялгаа ашиглан ирээдүйд хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг. Өнөөдрийн тулгамдаж буй асуудал бол хэсэгхэн цаг үеийнх. Цаашид эдийн засаг сайжрахын хэрээр Монгол Улс хөгжинө. Хязгаарлагдмал эдийн засгийн нөөцөө хэрхэн ашиглах нь Засгийн газрын шийдвэрлэх асуудал. ДЭМБ Монгол Улсын эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллан, хөгжлийг нь дэмжсээр байх болно.

-Номхон далайн баруун бүсэд хэчнээн улс орон багтдаг вэ?

-Номхон далайн баруун бүсэд зүүн Ази болон Номхон далайн буюу арлын бүх орон багтдаг. Монгол Улсаас Австрали, Шинэ Зеландаас Малайз хүртэл нийт 37 улс орон манай бүсэд хамаарч, дэлхийн хүн амын 25 хувь нь амьдарч байна. Монгол Улс 1962 онд ДЭМБ-ын гишүүн орон болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ДЭМБ Монгол Улстай 55 жилийн турш хамтарч, эрүүл мэндийн салбарыг дэмжин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүний эрүүл мэндийг дэмжиж ажилладаг гэсэн үг.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)