Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу
- 2019-07-29
- Эрүүл мэнд
- 3

Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэх нь урагт туйлын хортой. Согтууруулах ундаа хэрэглэх үед алкоголь эхийн цусаар дамжин ихэст очиж, улмаар хүйн судсаар урагт хүрч яг л таны хүүхэд өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн мэт нөлөө үзүүлдэг. Жирэмсэн байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн бүх эмэгтэйчүүдийн хүүхэд ургийн согтуурлын хам шинж болон гажигтай төрөх албагүй. Гэхдээ өөрийн хүүхдийг согтууруулах ундаатай холбоотой гажиг болох түүнтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй төрөхөөс хамгаалах арга зам бол согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах юм.
Жирэмсний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх зохистой хэмжээ, хэрэглэж болох аюулгүй цаг үе гэж байдаггүй. Алкоголь нь жирэмсний аль ч гурван сарын хугацаанд урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Таны уусан бүх л зүйлийг хүүхэд бас ууж байна гэж ойлгох хэрэгтэй.
Дараах хүмүүс согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаарай. Үүнд:
• Та жирэмсэн болохоор оролдож байгаа бол
• Та жирэмсэн болсон байх магадлалтай бол
• Та жирэмсэн бол
Хэрэв жирэмсэн байхдаа согтууруулах ундаа хэрэглэвэл таны хүүхэд ургийн согтуурлын хам шинж болон согтууралтай холбоотой ургийн гаж хөгжил үүсэх эрсдэл нэмэгддэг.
СОГТУУРУУЛАХ УНДАА УРАГТ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ
Алкоголь эхийн цусаар дамжин ихэсээр чөлөөтэй нэвтэрч, хүйн судсаар урагт очдог. Согтууруулах ундаа нь жирэмсний эхний гурван сард ургийн гажиг үүсгэх шалтгаан болдог. Тухайлбал, нүүрний өөрчлөлт (уруул, тагнайн сэтэрхий), оюун ухааны хомсдол гэх мэт. Мөн ургийн өсөлтийн саатал болон мэдрэлийн эрхтэн системийн өөрчлөлтийг жирэмсний ямар ч хугацаанд үүсгэх аюултай. Хүүхдийн тархи жирэмсний бүхий л хугацаанд хөгжиж байдаг тул хэдийд ч гэмтэж болох эрсдэлтэй. Ургийн согтуурлын хам шинжтэй хүүхдүүдийн тархи хэвийн хэлбэрээ олж хөгждөггүй. Учир нь тархины зарим хэсгийн мэдрэлийн эсүүд үхэжсэний улмаас хэвийн бүтэц үүсч чаддаггүй байна.
ЖИРЭМСЭН БОЛСНОО МЭДЭХЭЭСЭЭ ӨМНӨ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН БАЙВАЛ ЯАХ ВЭ
Зарим эмэгтэй жирэмсний эхний хугацаанд жирэмсэн болсноо мэдэлгүй согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Харамсалтай нь энэ үед хөврөлд ямар хор нөлөө учруулсан болон хэвийн хөгжиж байгаа эсэхийг тогтоох боломжгүй юм. Ургийн олон эрхтэн систем, биеийн хэсгүүд хөврөлийн үед үүсч хөгждөг /жирэмсний эхний гурван сарын хугацаанд/. Энэ хугацаанд ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсноо мэдээгүй байдаг.
Хамгийн чухал зарчим бол жирэмсэн болсон гэдгээ мэдсэн даруйдаа согтууруулах ундаа хэрэглэхээ бүрэн зогсоох явдал юм. Үүнийг мартаж хэрхэвч болохгүй. Согтууруулах ундаа хэрэглэхээ больсон даруйд таны хүүхдийн эрүүл өсөх боломж нэмэгдэхийг санах хэрэгтэй. Хэрэв жирэмсэн болсноо мэдэхээс өмнө согтууруулах ундаа хэрэглэж байсан бол энэ тухайгаа эмчид хэлж, хяналтад ороорой.
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЭРХЭН ЗОГСООХ ВЭ
Жирэмсний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоох олон арга байдаг. Архи ууж байгаа хүмүүсийн хажууд байхаас зайлсхий. Хэрэв танд хэн нэгэн согтууруулах ундаа өгвөл шууд “Үгүй” гэж хэл. Гэртээ согтууруулах ундаа битгий байлга.
Хэрэв согтууруулах ундаанаас татгалзаж чадахгүй байвал тусламж хэрэгтэй гэсэн үг. Магадгүй согтууралтай холбоотой өвчин үүссэн байж болно. Хэрэв архинд донтох өвчин үүссэн байвал архины эмчилгээний цогц программ хэрэгтэй. Эмч болон сувилагч энэ программыг олоход тань тусална. Хэрэв өмнө нь энэ эмчилгээг хийлгэж байсан бол дахин оролдоод үзээрэй.
Эх сурвалж: "Хүрээ" амаржих газар

Сэтгэгдэл (3)
(202.55.188.44)
Өө энэ бол тухайн жирэмсэн эмэгтэйн ухамсар, төлөвшлөөс хамаарах зүйл. Манайд тийм тогтсон зарчим, стандарт хэрэгжих гэвэл үлгэр. Зарим нь бүр спиртийн дутагдалд орчихдог юм гэнэлээ гээл угаад байдаг.
Zochin (202.131.243.190)
Jiremsen uedee arhi dars hereglesen bol busgui ta neg hogjliin berhsheeltei huuhed toruuleh magadlaltai shuu. Yahav busdad hamaagui bi toruulsen uree nasan turshid ni halamjlaad baij chadna gej bodoj bgaa bol arhi dars uu, narig. Yalanguya Solongos serial uzeed tegj boldog gej bodoj bgaa bol bur enduurel. Ted bidnii hajuud bol yag shorgoolj shig l hodolmorch ulsuud shuu. Manaihan bol nogoo sots niigmiin ueiin ajliin 8 tsag gedeg oilgolt tor bitgii hel huviin hevshliinhnii tarhind ni bat suuchihsan humuus sh dee. UB-t ogloo bol buh uilchilgee tag shuu dee. Argagui manai orchin ni tegj nolooldog baih. Shono ni zarim ni eldev shou, bar hesseer, zarim ni tv, kino, facebook, gar utsaa maajsaar oglooguur untaad l ud hurgedeg ulsuud daa. Eronhiidoo zalhuu ulsuud
(43.228.131.113)
монгол охидууд,бүсгүйчүүд ээ...киноноосоо гарч амьдар амьдрал шал өөр шүү...солонгос киног дуурайж архи,пиво уухаа боль...тэд нар чинь өглөөний нарнаас үдшийн бүрий болтол морь нохой мэт сурч,ажиллаж,амьдардаг хүмүүс хааяа стрессээ тэгж тайлж байгаа юм бүгд ч биш манайхаар бол гэр хорооллынхон нь ядуучууд нь...боловсрол мэдлэгтэй бүүр тэгэхгүй гонж...та бид юу ч хийхгүй байж дээр нь архи уухыг нь дууриагаад юу гэхэв...