Угаар мэдрэгч "дугуй цагаан" үүргээ гүйцэтгэж эхэллээ
- 2020-01-22
- Эрүүл мэнд
- 0

АГААРЫН БОХИРДОЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО
Цагийн сэрүүлэг шиг чанга чимээ хажуу айлд дуулдав. Учрыг тодруулахад, үүнээс хоёр цагийн өмнө холбогдох хүмүүс угаарын хий мэдрэгч суурилуулж өгсөн нь тэр байж. Тэднийх төхөөрөмж суурилуулахын өмнөхөн галдаа түлш нэмжээ. Ингээд ойролцоогоор хоёр цаг гаруйн дараа төхөөрөмж дуугарч, 50 гэсэн тоо заасан байна. Иймд угаарын хий мэдрэгчийг хэрхэн ашиглах тухай хэрэглэгчийн гарын авлагад бичсэний дагуу цонхоо онгойлгож, агаар оруулснаар дээрх тоо бага багаар буурч, 20 руу ороход мэдрэгч унтарсан талаар гэрийн эзэн Ж.Ганбаатар ярилаа. Тэрбээр “Төхөөрөмж суурилуулах үед би байгаагүй. Гэртээ орж ирээд харахад үе үе ногоон гэрэл асч байсан. Тэгээд удаагүй гэнэт дуугарсан. Агаар оруулахад тоо нь аажмаар буурч, ойролцоогоор арав гаруй минутын дараа төхөөрөмж унтарсан. Хэрэв энэ төхөөрөмж байгаагүй бол агаарт угаарын хий удаан хадгалагдаж, аажмаар нэмэгдэн ямар нэгэн эрсдэл үүсч болзошгүй байлаа” хэмээн санаа нь амарсан байдалтай өгүүлэхийн зэрэгцээ зуух, пийшингийн аль хэсгээр утаа гарч буйг олж, засч янзлах хэрэгтэй юм байна гэсээр үлдэв. Нээрээ л тийм.
Энэ айлын тухайд өмнө нь зуух, пийшингийнх нь аль нэг хэсгээр утаа ялгарч байсан ч тэр нь аюултай хэмжээнд хүрч байгаагүй эсвэл буруу галласан ч байж болох юм. Харин төхөөрөмж угаарын хийг мэдэрч, дохио өгснөөр Ж.Ганбаатарынх зуух, пийшингээ засварлах, сайжруулсан шахмал түлшээ зааварчилгааных нь дагуу түлж буй эсэхдээ анхаарахаар болов. Угаарын хий мэдрэгч буюу дугуй цагаан төхөөрөмж үүргээ сайн гүйцэтгэж буйн жишээ энэ юм. Энэхүү төхөөрөмж Ж.Ганбаатарынх шиг олон мянган айл өрхөд сануулга, анхааруулга өгч, хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг аварна гэдэгт итгэж, ийн суурилуулж эхлээд байгаа билээ. Тиймээс угаарын хий мэдрэгчийг хэрхэн, хаана суурилуулах ёстой, өрхийн гишүүд юунд анхаарах хэрэгтэй талаарх мэдээллийг уншигчдад хүргэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийг зорилоо.
24796 айл өрх угаар мэдрэгчтэй боллоо
Биднийг очиход тус дүүргийнхэн хоёр дахь ээлжийн угаар мэдрэгчийг хүлээн авч, есөн хорооны холбогдох хүмүүсийг сургалтад хамруулж байлаа. Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын 35 хороонд яндантай 58324 айл өрх байдаг. Нийслэл, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон холбогдох албаныхны өгсөн үүрэг чиглэлийн дагуу эдгээр айл өрхийг угаарын хий мэдрэгчээр хангах ажлыг эхлүүлсэн нь энэ юм. Иймд тухайн төхөөрөмжийг хороодод үе шаттайгаар нийлүүлж эхэлжээ. Эхний ээлжийн 6933 төхөөрөмжийг XX, XXIV, XXV, XXVII, XXXII, XXXVII хороонд энэ сарын 12-нд хүлээлгэн өгч, тэдгээрийг холбогдох хүмүүс нь 72 цагийн дотор айл өрхүүдэд суурилуулсан байна. Харин энэ удаад буюу хоёр дахь ээлжид I-VIII болон XXVI дугаар хорооны 17863 айл өрхөд тухайн төхөөрөмжийг суурилуулахаар сургалт зохион байгуулж байсан нь тэр байв. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны 24796 айл өрх угаарын хий мэдрэгчтэй болно. Хоёр дахь ээлжид багтсан есөн хорооны нэг нь VI дугаар хороо юм. Иймд бид тус хорооныхон угаар мэдрэгчийг айлуудад суурилуулж буй явцыг сурвалжиллаа.
С.Очир: Эхний ээлжид үндсэн хаягтай айлуудад суурилуулахаар шийдсэн
Тус дүүргийн VI хороо 2500-2600 айл өрхтэй бөгөөд үүнээс 1400 гаруй нь гал түлдэг буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг аж. Эдгээр айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах ёстой ч дүүргээс 1306 ширхэг төхөөрөмж олгожээ. Иймд эхний ээлжид айлын хашаа байшин, гэр түрээслэх зэргээр түр оршин сууж буй өрхүүдийг хасч, олгохоор болсныг тус хорооны Засаг дарга С.Очир хэллээ. Тэрбээр “Өнөөдөр /энэ сарын 20/ 1306 төхөөрөмж хүлээн авлаа. Мөн холбогдох хүмүүсийг сургалтад хамруулсан. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон орон тооны бус байцаагч, хэсгийн ахлагч нараас бүрдсэн 24 хүн зургаан хэсэгт хуваагдан явж, төхөөрөмжийг суурилуулж эхэллээ. Хэрэв тухайн төхөөрөмжийг дахин хуваарилж өгвөл үлдсэн 100 орчим айл өрхөд суурилуулна” гэв.
Байшингийн тааз, гэрийн багана эсвэл унинд суурилуулах нь тохиромжтой
Холбогдох албаныхнаас бүрдсэн багийнхан угаарын хий мэдрэгчийг 72 цаг буюу гурав хоногийн дотор айл өрхүүдэд суурилуулах үүрэгтэй. Үүний дагуу VI хорооны тавдугаар хэсгийн ахлагч Ц.Мягмардуламын багийнхан өдөрт 80 орчим өрхөд суурилуулахаар төлөвлөн зургаа дахь айлынхаа хашааг цохиж зогсох үед нь бид таарсан юм. Тэд гэртэй хоёр, байшинтай гурван айлд төхөөрөмжийг суурилуулж, заавар, зөвлөгөө өгчээ. Угаарын хий мэдрэгчийг унтлагын болон том өрөө, коридор, шатны төгсгөл, подвал зэрэг газарт байршуулах боломжтой ч айл өрхүүдэд зөвхөн нэг төхөөрөмж суурилуулж байгаа тул хамгийн тохиромжтой нь унтлагын өрөө гэдгийг тавдугаар хэсгийн ахлагч хэллээ. Үүний дагуу угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг дөрвөн өрөө байшинд тавуулаа амьдардаг айлын унтлагын өрөөний таазанд суурилуулав. Үүнээс өмнө сав баглаа боодлыг задласны дараа зайг нь хийж, мэдрэгч өөрөө өөрийгөө шалгаж дуусах хүртэл ойролцоогоор гурван минут хүлээсний дараа асаахад жингэнэн дуугарч, улаан гэрэл нэг удаа анивчиж байлаа. Энэ нь төхөөрөмж ямар нэгэн асуудалгүй, хэвийн ажиллаж буйг илтгэж байгаа аж. Үүний дараа зориулалтынх нь наалтаар наахын зэрэгцээ ямар нэгэн байдлаар унаж эвдрэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, хоёр боолтоор бэхэлсэн юм. Нялх хүүхэдтэй учраас аюулаас сэргийлж, хоёр цаг тутамд цонхоо онгойлгож, агаар оруулдаг байсан бол одоо мэдрэгч төхөөрөмжтэй болсон учраас дуугарсан үед нь ийм арга хэмжээ авна гэдгээ гэрийн эзэгтэй С.Сумъяасүрэн хэлэхийн зэрэгцээ сайжруулсан шахмал түлшийг сайн шатдаг, илчлэгтэй ч кг дутуу, үйрмэг ихтэй байдаг гэж шүүмжлэв. Мөн байшинд амьдардаг, өдөрт байнга хүнтэй байдаг айлд долоо хоногт хэрэглэх норм буюу 25 кг-аар савласан зургаан шуудай сайжруулсан шахмал түлш хүрэлцдэггүйг хэлж, тоог нь нэмэхийг хүсч байлаа.
“Дугуй цагаан” угаарыг мэдрэх болохоос бууруулахгүй
Сонгинохайрхан дүүргийн VI хорооны тавдугаар хэсэг 274 өрхтэйгөөс цахилгаанаар дулаанаа шийдсэн болон түр оршин сууж буй өрхүүдийг хасч, 238 айлд тухайн төхөөрөмжийг суурилуулах юм. Эдгээрийн хоёр нь нэг хашаанд, гэрт амьдардаг Б.Батмагнай, Б.Батмандах гэсэн ах дүү нарынх байлаа. Гэрт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулахдаа тоононоос доош 30 см зайд багана эсвэл унинд дээр дурдсанаар бэхэлж байрлуулах ёстой. Энэ дагуу тухайн хоёр айлд төхөөрөмжийг суурилуулж, заавар зөвлөгөө өгсөн юм. Төхөөрөмж дээрх хот гэсэн үгийн доод хэсэгт ногоон гэрэл 30 секунд тутамд анивчвал хэвийн ажиллаж буйг шар гэрэл асвал төхөөрөмжид алдаа эсвэл гэмтэл гарсныг илтгэх юм. Харин угаарын хийн ялгарал аюултай хэмжээнд илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж, дохио дуугарна. Энэ тухай тэдэнд танилцуулж, дохиолол дуугарч, төхөөрөмж дээрх тоо 30-70 байвал хаалга, цонхоо нээж, цэвэр агаар оруулах ёстойг санууллаа. Хэрэв төхөөрөмж удаан дуугарч, агаар дахь угаарын хийн хэмжээ өндөр заасан тохиолдолд дээрх арга хэмжээг авахаас гадна түргэн дуудахын зэрэгцээ бүх гишүүдийг гадаа гарахыг зөвлөж, хариуцсан байгууллагын хүмүүс ирж, тухайн нөхцөл байдалд арга хэмжээ авах хүртэл байшин болон гэр рүү буцаж орж болохгүйг анхаарууллаа.
Тэд орсон айл бүртээ эдгээр болон бусад шаардлагатай мэдээллийг өгөхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар баталгаатай аюулгүй хэмжээнд очихгүйг ойлгож, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, галлагааны зааварчилгааг дагаж мөрдөхийг онцгойлон анхааруулж байлаа. Дугуй цагаан төхөөрөмж гэрийн агаарт угаарын хий байгааг мэдэрч, шаардлагатай арга хэмжээг авахыг сануулж дуугарах болохоос огт угаартуулахгүй, утаанаас хамгаална гэсэн үг биш гэдгийг үүгээр дамжуулан анхааруулж байна.

Ж.Нямхүү: Төхөөрөмж дуугарсан үед цонхоо онгойлгож, агаар оруулах хэрэгтэй
Нийслэлийн ИТХ-ын шийдвэрийн дагуу угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын 220 мянган айл өрхөд нэг удаа үнэ төлбөргүй олгохоор болсон. Үүний хүрээнд хоёр ээлжээр 70 гаруй мянган мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж, суурилуулах ажил үргэлжилж байгаа юм. Энэхүү ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөж буй. Угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулж эхэлсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хороодод олгох ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Манай дүүрэгт өнөөдрийн байдлаар нийслэлээс 24 мянга гаруй угаар мэдрэгч, хүлээлгэн өгсөн. Үүний эхний ээлжийн 7000 орчим угаар мэдрэгчийг өнгөрсөн долоо хоногт хороодод тарааж, суурилуулсан. Харин өнөөдөр /энэ сарын 20/ 17 мянга гаруй угаар мэдрэгч ирж, эдгээрийг дүүргийн төр захиргааны байгууллагын албан хаагчид тарааж эхлээд байна. Үүнээс өмнө нийслэл болон дүүрэг, хорооны холбогдох албаныхан хамтран сургалт зохион байгуулж, угаарын хий мэдрэгчийг хэрхэн ашиглах тухай мэдээллийг төхөөрөмж суурьлуулах багийнханд өгч байна. Үүний дараа хорооны хэсгийн ахлагч нар иргэдийг мөн сургалтад хамруулж, энэ талын мэдээллийг өгөх ёстой.
-Үлдсэн хороодын айл өрхүүдэд төхөөрөмжийг хэзээ суурилуулах вэ?
-Гал түлж буй бүх айл өрхөд тухайн төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй олгож байгаа. Тиймээс нийслэлээс дараагийн ээлжийн төхөөрөмжийг ирүүлсэн даруйд үлдсэн 20 хорооны айл өрхүүдэд суурилуулна.
-Төхөөрөмж агаар дахь угаарын хийг хэр хугацаанд мэдэрч, дуугарах вэ?
-Нүүрстөрөгчийн дутуу исэл буюу CO-г гурван минутын дотор мэдэрч, хариу үйлдэл үзүүлнэ. Агаарт нүүрстөрөгчийн дутуу исэл 30 ppm-тэй байгаа тохиолдолд төхөөрөмж хоёр цагийн дараа, 100-300 ppm байвал 3-10 минутын дотор дуугарна. Төхөөрөмж дуугарсан үед цонхоо онгойлгож, агаар оруулах хэрэгтэй. Хэрэв, удаан хугацаанд үргэлжлэн дуугарвал мэргэжлийн байгууллагад хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй.
-Угаарын хий мэдрэгчийг суурилуулсан хороодын айл өрхүүдээс дуудлага өгсөн тохиолдол бий юү?
-Шуурхай штабт өнөөдрийн байдлаар дуудлага ирээгүй. Айл өрхүүд сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглэж, төхөөрөмж дуугарсан үед анхны арга хэмжээг авч сурч байна. Тухайн айлын зуухнаас угаарын хий их, бага хэмжээгээр гарч л байвал төхөөрөмж дуугарна.
-Иргэд сайжруулсан шахмал түлш худалдаалж буй цэг хангалтгүйгээс гадна зарим нь үйрмэг, хог ихтэй, дутуу савласан байдаг гэж шүүмжилж байна. Танай дүүргийн хувьд эдгээр асуудалд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
-400 айл өрхийн дунд нэг цэг байгуулах ёстой. Үүний дагуу дүүргийн хэмжээнд 133 цэг ажиллаж байна. Цэгүүдэд түлшийг цаг тухай бүрт нь нийлүүлдэггүй асуудал оноос өмнө гарч байсан. Харин энэ сараас эхлэн ийм асуудал гараагүй. Түлшийг нэлээд хангалттай хэмжээнд нийлүүлж, хүртээмжтэй болсон. Дүүргийн хэмжээнд явуулын есөн цэг ажиллаж, сайжруулсан шахмал түлшийг алслагдсан хороодын айл өрхүүдэд хүргэж байна.
Хэмжээ нь бага нунтаг ихтэй байх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Үүнийг “Тавантолгой түлш” компанийн борлуулалт хариуцсан хүмүүст уламжилж, дутууг нь нөхөж олгох байдлаар шийдвэрлэсэн. Иргэд картаараа худалдан авалт хийдэг учраас аль борлуулагчаас хэдэн ширхгийг авсан бэ гэдэг нь тодорхой байдаг. Тиймээс долоо хоногт хэрэглэж буй зургаан уут түлшнээс гарч буй нунтаг хогийг цуглуулаад авсан газартаа буцааж өгч, оронд нь түлш авах зохицуулалтыг хийсэн.
-Агаарын бохирдлыг бууруулахад дүүргийн зүгээс ямар ажлыг санаачлан зохион байгуулж байна вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд энэ онд жишиг байдлаар хоёр шинэлэг ажлыг хийсан. Нэгдүгээрт, XI хорооны арван айлын дулааныг хийн халаагуураар шийдсэн. Тухайн айл өрхүүд утаа гаргахгүйгээс гадна цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой болсон. Хоёрдугаарт, XX хорооны нэг гудамжны бүх айл өрхийг дулаалж, үүдний тамбар барьж өгсөн. Ингэснээр тухайн айлуудын дулаан алдагдал багасч, түлшнийх нь хэрэглээ багассан. Эдгээр ажилд иргэд ам сайтай байгаа.
С.Юмсүрэн
“Монголын Үнэн” сонин
2020.01.22

Сэтгэгдэл (0)