Говь-Алтай аймгийн төв, бүх сумдуудал чичирхийлэл мэдрэгдсэн байна

Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлт Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт өнөөдөр боллоо. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 20-нд орон нутгийн цагаар 10 цаг 03 минутад хойд өргөргийн 46,06N, зүүн уртрагийн 94,07E-д, Рихтерийн шаталбараар магнитуд нь 5.8-тэй тэнцэх хэмжээний хүчтэй газар хөдлөлт Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урагшаа 30 км зайд боллоо. Энэхүү хөдлөлтийн голомт нь Ховд аймгийн төвөөс 275 км, Мөст сумаас 115 км, Цэцэг сумаас 85 км, Дарви сумаас 100км, Булган сумаас 200км зайд болсон байна.

Одоогийн байдлаар энэ хүчтэй газар хөдлөлтийн давтан хөдлөлт нь магнитуд нь 4.5-тай, 3.6-тай, 4,1-тэй зэрэг нийт 3 удаа болоод байна. Энэхүү хөдлөлт нь баруун бүсэд сүүлийн 30 жилийн хугацаанд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт болсноороо онцлог байна. Хамгийн сүүлийн хүчтэй газар хөдлөлт нь 1988 онд Цамбагарав уулын орчимд магнитуд нь 5,9-тэй газар хөдлөлт болж байсан.

2020 он гарснаас хойш баруун бүс нутагт болж байгаа 7 дахь удаагийн хүчтэй газар хөдлөлт бөгөөд 2 дугаар сарын 12-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун тийш 31 км-ийн зайд магнитуд 4.8-тай газар хөдлөлтөөс хойш болж байгаа хамгийн хүчтэй газар хөдлөлт нь болоод байна.

Энэ газар хөдлөлт нь Тонхил, Бижийн хагарлын ойролцоо болсон бөгөөд 2020 оны эхний 3 сарын байдлаар нийт 128 газар хөдлөлт бүртгэгдсэн байсан. Энэ бүс нутагт 1988 онд М=5,0-той хүчтэй газар хөдлөлт болж 20км урт хагарал үүссэн байдаг.

Энэхүү газар хөдлөлт нь голомтон дээрээ маш хүчтэй болсон учраас Ховд аймгийн баруун талын бүх сумдууд, аймгийн төвийн оршин суугчид мэдрээд байна. Мөн Говь-Алтай аймгийн төв, бүх сумдууд чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Ховд аймгийн Мөст, Дарви, Булган, Үенч, Алтай, Мөнхайрхан, аймгийн төв Жаргалант сумдын иргэд маш ихээр мэдэрсэн байна. Ховд сум, Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн сумын иргэдээс мэдэрсэн гэсэн мэдээлэл ирээгүй байна.

Мэдэрсэн хүмүүсийн мэдээллээр маш хүчтэй доргилт мэдэрсэн, толгой эргэсэн, дотор муухайрсан, 2 удаагийн чичирхийлэл дараалал орж ирсэн, тавилга эд хогшил хөдөлсөн, дүүжлээстэй зүйлс савалсан, орон дээр хэвтэж байтал хүнгэнэсэн дуу гарсан, машин ирээд мөргөхтэй адил дуу гарсан зэрэг мэдээллийг өгөөд байна.

Эдгээрээс дүгнэж үзэхэд газар хөдлөлтийн голомтод ойрхон сумдад IV-V балл, аймгийн төвд III-IV баллаар тус тус мэдрэгдсэн гэсэн урьдчилсан үнэлгээг гаргаад байна. Цаашид нарийвчилсан Баллын үнэлгээг гаргахаар макро мэдээнүүдийг ард иргэдээс яаралтай авч байна гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)