О.Санчирбал: Прокурор нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэсэн бол хэрэгсэхгүй болгож чаддаггүй

“Legal pro” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч О.Санчирбалтай ярилцлаа.


-Авлига, албан тушаалын хэргүүдийн шийдвэрлэлт удаашралтай. Эхнээсээ хэрэгсэхгүй болсоор байна гэх ойлголт нийгэмд бий болоод удлаа. Мөрдөн шалгах байгууллага хэргийг илрүүлдэг, шалгадаг, тогтоодог гэдгээ зарлаад байгаа. Харин тэр хэргүүд нь шүүх дээр шийдвэрлэгддэггүй, прокурор дээр гацсаар байгаа гэх санал, гомдлууд ч олон нийтийн дунд байсаар байна. Ер нь сүүлийн үед прокурорын байгууллага хэт хаалттай боллоо гэсэн шүүмжлэл ч байдаг. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралд төрийн нэрийн өмнөөс оролцдог. Яллах чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Нөгөө талаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэргийн процесс ажиллагаа үнэн зөв, хуульд нийцэж явагдаж байгаа эсэх, хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг шууд хяналт тавьж оролцдог субьект.

Өөрөөр хэлбэл, нэг талаас тухайн гэмт этгээд гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг бүхий этгээд шүү дээ, прокурор. Харин өмгөөлөгчийн хувьд тухайн хэрэгт холбогдсон, эсвэл эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаар хохирсон этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байгаа этгээд. Үүн дээрээс прокурор, өмгөөлөгч гэдэг субьект гарч ирж байгаа юм. Хууль зүйн хувьд эсрэг тэсрэг байр сууринаас оролцож байгаа субьектүүд. Энэ талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн прокурор хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах зарчимтай. Хэргийн оролцогч болох өмгөөлөгч болон бусад хохирсон хэрэгт холбогдсон яллагдагч, шүүгдэгч сэжигтэнтэй шууд харилцах боломжгүй. Хуулиар хориотой.

Прокурор хаалттай байна гэж байна. Прокурорын байгууллагын тухай хуульд прокурор нь хуульд хориглосноос бусад буюу төрийн нууц, хувь хүний нууцтай холбоотой асуудлаас бусад прокурорын шийдвэр ил тод байх хуулийн зарчимтай. Түүнээс гадна прокурор нь тухайн хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөх, дотоод итгэл үнэмшлээрээ тухайн хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Мэдээж түрүүн ярьсанчлан хүний эрхийг бас хамгаалдаг. Хэрэв цугласан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт хамааралгүй хүнийг холбогдсон гэж үзээгүй бол шууд яллах нь өөрөө хууль зөрчиж байгаа. Ийм учраас дотоод итгэл үнэмшлийнхээ хүрээнд хэргийг шийднэ гэсэн хуулийн заалттай.

Нөгөө талаас прокурорын байгууллага босоо тогтолцоотой гэж ярьдаг. Дээд шатны прокурор, зохих шатны прокурор, доод шатны прокурор гэж байна. Прокурорын байгууллагын тухай хуулинд дээд шатны прокурорын өгсөн үүрэг даалгавар чиглэлийг доод шатны прокурор шууд дагаж биелүүлэх үүрэгтэй гэсэн ойлголт байдаг. Улсын ерөнхий прокурорын орлогч зохих шатны доод шатны прокурор дүүргийн прокурорт ч юм уу “Чи энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэ” гэсэн чиг үүрэг өгөхөд тухайн прокурор мэдээж түүнийг дагах болдог. Хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулна гэдэг ойлголт үүн дээр алдагддаг. Уг нь бол бие даан үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй хэдий ч тогтолцооны хувьд дээд шатны прокурор доод шатны прокурорт үүрэг даалгавар чиглэл өгч болж байгаа юм. Тэгэхээр тухайн хүний өөр өнцгөөс харж байсан дотоод итгэл үнэмшилд нөлөөлөхүйц хуулийн зохицуулалт байна. Энэ хоёр хоорондоо зөрчилддөг.

-Хэрэг удааширдаг тухайд?

-Хэрэг прокурор дээр удааширдаг, алга болдог гэдэг асуудал яригддаг. Прокурорын байгууллага ачаалал их байдаг. Хуулийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зааснаар прокурор хэрэг бүртгэлтийг нээхээс татгалзах шийдвэрийг гаргаж байна, бас хэрэг бүртгэлтийн хэргийг нээдэг, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэргийг татаж хянадаг, яллах дүгнэлт үйлддэг, шүүх хуралдаанд оролцдог, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцдог, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хурал гэх мэт ажлын ачаалал нэг талаасаа их байдаг.

Гэхдээ прокурорын байгууллагын хүний эрх зөрчөөд байгаа нэг асуудал ажиглагддаг. Хүнийг хорихын тулд эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татчихдаг. Гэтэл дараа нь нөгөө хэрэг нь гэмт хэргийн шинжгүй болчихоод байхад хэрэгсэхгүй болгож чаддаггүй. Ингээд удаашруулаад байдаг. Нөгөө хэргээ шүүх рүү очиж шийдүүлэх гэхээр цагаатгах болчихдог. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан мөрдөн байцалтын хэргийг өөрсдөд дээрээ уяад байдаг асуудал байдаг. Мэдээж прокурор бүр ийм биш. Зоригтой залуус байдаг. Тэр залуус хэргээ хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэчихээр дээд шатны прокуророос үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, хэрэг хэрэгсэхгүй болголоо. Ажлын үзүүлэлт, тоон үзүүлэлт муудлаа гэж ярьдаг учир хэргийг хэрэгсэхгүй болгож чаддаггүй. Тэгээд мөрдөн байцаалтын хугацаа сунгадаг. Үндэслэлгүйгээр хүнийг яллагдагч гэдэг статустай бариад байдаг. Энэ асуудлыг ер нь эргэж харах цаг болсон.

-Прокурор дээрх үйл ажиллагаануудыг явуулахад хуулийн хугацаатай. Тийм үү?

-Мэдээж хуулиараа хэрэг хянах хугацаа гэж бий. Мөрдөгч санал гаргаад прокурор хүлээж аваад түүнийг 14 хоногийн дотор хянах үүрэгтэй. Цаашлаад хяналтын хугацааг сунгах боломж байдаг. Нэг прокурор наад зах нь 40-50 хавтаст хэрэг хариуцдаг. Түүнийг уншихын тулд тодорхой цаг хугацаа ордог. Улсын яллагч шүүх дээр тухайн хэрэгт холбогдуулсан хүнээ шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ. Тухайн хэрэгт авагдсан баримтууд хэрэгт хамааралтай, гэмт хэрэгт үйлдсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөд шүүх рүү шилжүүлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан болгон гэмт хэрэг биш. 2020 он гараад сонгуулийн жил эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад улс төрийн үйл ажиллагаа хүнийг харлуулах, гэмт хэрэг үйлдсэн талаар худал мэдээлэл тараадаг зүйлс маш их бий. Хүмүүс ялгаж салгаж ойлгох ёстой.

Авлига, албан тушаалын хэргүүдийн зарим жишээг та дээр дурдлаа. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хуульд өөрчлөлт орсон. 2020 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль байгаа. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан буюу авлигын гэмт хэргийг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг бүгдийг сэргээн шалгахаар хуульчилсан. 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хүртэл хугацаанд хэрэгсэхгүй болсон бүх хэргийг шүүхийн шатанд шүүх шийдвэрлэнэ. Прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон бол дахин сэргээж гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр тогтоолгоно гэсэн ойлголт байгаа. Түүнээс биш авлига албан тушаалын бүх хэрэг замхраад алга болж байгаа асуудал биш.

-Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс одоо өөрсдөө хэргээ хурдан шийдэхийг шаарддаг болж. Энэ нь хэргийн шийдвэрлэлт удааширч байгааг харуулж байгаа болов уу?

-Хуулинд олгогдсон яллагдагч дээрх этгээдүүдийн гэм буруутай эсэх асуудлаараа шүүхэд түргэн шуурхай шийдвэрлүүлэхээр гомдол хүсэлт гаргах эрхтэй. Тухайн хэргийн оролцогч өөрөө бие даан оролцох нь ховор байдаг. Тухайн этгээд нь хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч авдаг. Өмгөөлөгч оролцогчийн хувьд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тохиолдолд хэргийг яллах болон цагаатгах нотлох баримтуудыг цуглуулдаг. Цагаатгах талын нотлох баримтыг хэрэгт хавсарган мэтгэлцэхэд шаардлагатай баримтууд, мөн дээрээс хэрэгт дутуу хийгдсэн ажиллагаануудын тухайд хүсэлт, гомдол гаргадаг. Дээрх гомдол хүсэлт гаргах нь бас хуулийн хугацаатай. Мэдээж хоёр гурван жил үргэлжилнэ гэсэн үг биш. Бүх үе шатууд хуулийн хугацаатай байдаг. Ямархуу асуудал дээр яагаад уддаг нь мэдээж сонин. Хуульд заасан хугацааны дагуу нэгэнт нотлох баримт илэрхий бол дээрх хэргийг шийдвэрлэхээр шүүхэд хэргийг шилжүүлэх эрх нь прокурорт өөрт нь байгаа. Нэгэнт гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа бол удаашруулаад байх шаардлагагүй. Нэг ёсондоо хэргийг түргэн шуурхай шалгаж шүүхэд шилжүүлэх үүрэг нь прокурорт байгаа. Дээрээс нь зарим хэрэг дээр улс төрийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй.

-Хэргийг шийдвэрлэж байгаа зарчмыг харахад шүүгч, прокурор хоёр нэг талд, давуу эрхтэй. Өмгөөлөгч ялгаварлагдсан байдалтай хэрэг шийдэхэд оролцдог гэдгийг хуульчид шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Шүүгчийн аюулгүй байдлыг хангахаар шүүгч нарын ажлын байр руу нэвтрэх хаалт хяналттай, тусгай чипээр онгойдог. Шүүгч бол хуульд зааснаар тодорхой хэрэг маргаан дээр талуудын оролцогч шүүх хуралдаан дээр мэтгэлцээний үндсэн дээр гэм буруутай эсэхийг тогтоож шийтгэх тогтоол юм уу цагаатгах тогтоол гаргадаг субьект. Шүүгчийн өмнө прокурор өмгөөлөгч хэргийн оролцогч нар мэтгэлцэж байж гэм буруутай асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл прокурорын хувьд шүүгчийн өрөө рүү сул чөлөөтэй нэвтэрдэг, тухайн таслан сэргийлэх арга хэмжээ авах талаараа шүүгчтэй орж зөвшилцдөг, ярилцдаг. Тодорхой баяр ёслол болохоор прокурор, шүүхийн байгууллагууд нягт уялдаа холбоотой хамтардаг асуудал ажиглагддаг. Харин өмгөөлөгчийн хувьд шууд шүүх хуралдаанд оролцдог. Иймэрхүү л дүр зураг амьдралд байдгийн хувьд байдаг. Сүүлд больчихсон байна лээ, шүүх дээр прокурорын өрөө хүртэл тусдаа байсан. Өмгөөлөгчид бол байхгүй. Тэгэхээр прокурор гэдэг маань шүүн таслах ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцдог хэдий ч цагаатгах талын болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх чиглэлээр шүүх хуралд оролцож байгаа этгээд ямар нэгэн өрөөгөөр хангагдаагүй. Хэргийн оролцогч нартай үүдэнд сууж байдаг ийм л дүр зураг байсан.

-Уг нь бол эсрэгээрээ байх ёстой биз дээ?

-Прокурор маань шүүгчтэй шууд харилцаж байгаа нь шүүгч хэрэгт хараат бусаар шийдвэр гаргах шийдвэрт нэг талаас нөлөөлдөг, хэргийн талаар урьдчилж танилцуулдаг үйл явдал болдог. Хуулиараабол шүүгч бол төв байр суурьтай. Улсын яллагч яллах талын нотлох баримтаа танилцуулж, өмгөөлөгч цагаатгах, хөнгөрүүлэх байр сууринаас оролцдог. Энэ хоёрын хооронд мэтгэлцээний үндсэн дээр тухайн шүүгч гуравдагч этгээдийн хувьд шийдвэр гаргах эрх бүхий субьект байх ёстой шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)