Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв

АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр АНУ-ын Хөдөлмөрийн яамны орлогч Төрийн нарийн бичгийн даргын туслах хатагтай Патриса Силви, Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан захиргааны орлогч дарга Крис Виллиамсон болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, тэр дундаа уул уурхай дахь осол эндэгдлийг бууруулах асуудлаар харилцан мэдээлэл өгч, санал солилцлоо.

Манай улс АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсан.

Энэ хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, нас эрүүл мэндийг хамгаалахад талууд хамтран ажиллах юм.

АНУ-д 2023 онд уул уурхайн ослоор 40 хүн амь насаа алдаж, 63 хүн гэмтсэн. Ослын шалтгааныг судлаад уурхайчид болон хяналтын албан хаагчдыг чадавхжуулах сургалт чухал гэсэн дүгнэлтэд хүрч, зохих арга хэмжээг авч ажилласан. Үр дүнд нь өнгөрсөн оны мөн үед 17 тохиолдол бүртгэгдэж байсан ослын тоо энэ онд 4 болж буурсан байна. Мөн уул уурхайн тоосжилтоос үүдэлтэй эрсдэлийг бууруулах зорилгоор шинэ журам баталснаа танилцуулсан юм.

Уулзалтын үеэр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэх, энэ салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, Хөдөлмөрийн болон уул уурхайн салбарын байцаагчдыг ОУХБ-ын 81, 129 конвенцын хэрэгжилттэй уялдуулж чадавхжуулах зэрэг тодорхой саналуудаа Дэд сайд танилцуулж АНУ-ын тал бүрэн дэмжихээ илэрхийллээ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)