БНСУ дахь Монголчууд эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн жагсчээ

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өчигдөр жагсаал зохион байгуулжээ. Иргэд БНСУ-ын Гадаад харилцааны яамны гадаа жагссан бөгөөд “Монгол Улсын Засгийн газар, УОК иргэдээ яаралтай ав”, “Монгол Улсын иргэддээ хилээ нээ” зэрэг самбар, лоозон барьж зогссон байна. Харин дээрх иргэдийн ар гэрийн төлөөлөл УОК-т хандаж хүсэлт гаргажээ. Учир нь тус улсад байгаа монголчууд богино хугацааны визтэй, таних мэдэх хүнгүй, ажилгүй, мөнгөгүй хүний нутагт хэцүү байна гэдгээ илэрхийлсэн байна.


“ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ӨГӨӨД ГУРВАН САР ХҮЛЭЭЛЭЭ”

Энэхүү жагсаалд оролцсон иргэн Д-тэй онлайнаар холбогдож тодрууллаа.


-Жагсаалын талаар мэдээлэл өгөхгүй юү. Хэчнээн хүнийг хамарсан жагсаал болов?

-Монгол буцах хүсэлтэй 50 гаруй иргэн оролцсон жагсаал боллоо.

-Эдгээр иргэдийн гол шаардлага юу байв. бнсу дахь монголын Элчин сайдын яаманд хандсан уу?

-БНСУ дахь Элчин сайдын яаманд бид хүсэлтээ өгөөд гурван сар боллоо. Жагсаалд оролцож байгаа энэ хүмүүс ихэнх нь хүсэлт өгсөн иргэд. Уг нь УОК-оос гадаадаас иргэдээ татах таван шалгуур буюу шаардлага тавьсан байдаг. Тэгвэл энэ шаардлагыг хангачихсан хэрнээ яагаад өдийг хүртэл тусгай үүргийн нислэгт нь багтаж чадахгүй байгаа юм бэ. Зөвхөн энэ иргэд ч гэлтгүй жагсаалд зайлшгүй нутаг буцах шаардлагатай, богино хугацаагаар ирсэн олон зуун хүн Монгол руу буцаж чадахгүй гацчихаад яахаа мэдэхгүй байна шүү дээ.

-Монгол руу буцах хүсэлтэй хэчнээн хүн байх шиг байна?

-Өнөөдөр жагсаал хийж байгаа хүмүүсээс сонсох нь ээ Монгол руу яаралтай буцах хүсэлтэй 1700 орчим хүн байна гэсэн. Бүгд л Элчин сайдын яаманд хүсэлтээ өгсөн гэж байна. Дийлэнх нь богино хугацаагаар Солонгост ирсэн иргэд байна. Богино хугацаагаар ирээд энд хэдэн сар болчихоор гэрт нь үлдсэн үр хүүхдүүд хэцүүдэж байна. Энд чинь таньдаг айлтай хүнгүй байхад таних хүн, ажил төрөлгүй болсон хүмүүс их байна. Таних наашаа гэх хүнгүй, мөнгө төгрөггүй хүний нутагт хэцүү шүү дээ.

-Жагсаал анх Монголын Элчин сайдын яамны гадаа болно гэж ярьж байсан гэсэн. яагаад бнсу-ын Гадаад харилцааны яамны гадаа жагсах болов?

-Элчин сайдын яамны гадаа жагсахаар бол зөвшөөрөл хэрэгтэй юм билээ. Ингэхдээ нэг хүнээс дээш цуглахаар бол зөвшөөрөл авах ёстой. Гэвч гадаадын иргэнд зөвшөөрөл олгодоггүй байна. Ер нь Монгол Улсаас энд суугаа Элчин сайдын яамныхан их хариуцлагагүй, хүнд сурталтай. Залгахаар утсаа авдаггүй. Нэг асуултад хариулт өгөх гэж бараг сар, хоёр сар болно. Иймэрхүү байдалтай их удаж байна. Ажиллаж чадахгүй бол ажлаа хийдэг хүнд нь халаагаа өгөх хэрэгтэй ш дээ. Гэтэл Солонгост монголчууд хамгийн олноор суудаг газар.

 

“ХАМААТНЫДАА ҮЛДЭЭСЭН ГУРВАН ХҮҮХЭД МААНЬ ААВ, ЭЭЖИЙГЭЭ САНААД ХЭЦҮҮДЭЖ БАЙНА”

Мөн тус улсад суугаа, жагсаалд оролцсон иргэн А-тай холбогдлоо.


-Та Солонгост очоод хэр удаж байна вэ?

-Би нөхөртэйгөө хамт ирсэн. Бид хоёр нэгдүгээр сарын эхээр ирсэн. Одоо түүнээс хойш таван сар болчихлоо.

-Хил хаахаас өмнө буцах боломж байгаагүй юм уу?

-Бид хоёр нэгдүгээр сарын эхээр ирээд хоёр сарын дундуур явах төлөвлөгөөтэй байсан. Яахав сар хагас ажил хийгээд Цагаан сарын баярын өмнө хэдэн төгрөгтэй буцчих л санаатай ирсэн юм. Тэгсэн бүр тэрнээсээ эсэн юм боллоо.

-Одоо тэгээд ямаршуухан байна вэ. Жагсаалд оролцсон гэж байсан?

-Яг үнэндээ хүнд байна. Өмнө нь бол өвчин зовлон туссан биш цаг наашилтал хүлээж байя л гэж боддог байлаа. Тэгэхээс ч өөр аргагүй хойно. 30 гарсан залуус бид чинь ямар эрүүл саруул, жирэмсэн биш бол УОК-оос тавиад байгаа шаардлагыг хангахгүй шүү дээ. Тэгээд л таньдаг хүн амьтныдаа хэсэг байлаа. Түрээсний байранд байлаа. Сүүлдээ ажил ч олдохгүй болж байна. Ажил байлаа гээд өвчин тусчих вий гэж айгаад гарч чадахаа байсан. Гурвын гурван бага насны хүүхдээ орхиод ирсэн хүмүүс чинь амьд мэнд гэртээ очих ёстой биз дээ. Ингээд л ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр болоод байна. Тэнд хамаатныдаа үлдээсэн гурван үр минь ч санаж, хатаж гүйцлээ. Хүүхэд харж байгаа айлаас маань “Хүүхэд чинь орондоо шээчихлээ”, “Шөнө уйлагнаад унтахгүй байна” гэж байнга хэлэх болсон. Хүүхдүүд маань сүүлдээ утсаар ярихаар царай алдчихсан, дуу нь гарахгүй, уурлаад ярихгүй байх боллоо. Тэгэхээр байж сууж чадахгүй ядаж юу болж байна, яахаар байна гэж холоос ирж оролцлоо.

-Монгол дахь ар гэрийнхэн тань УОК-т хандаж байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-УОК-ын Шуурхай штабт энд байгаа иргэдийн зүгээс хүсэлт хүргүүлсэн байгаа.

-Ямар хариу өгсөн бол?

-Энэ сарын 22-ны дотор хариу өгөөрэй гэж хүсэлт тавьсан гэсэн. Над шиг УОК-оос тавьсан шаардлагыг хангахгүй ч хүнд байдалд орсон олон хүн байгаа шүү дээ. Тиймээс ядаж хилээ нээгээч ээ л гэж хүсч байгаа юм. Солонгост байгаа монголчуудыг нутаг буцмаар байна гэхээр хүмүүс дурандаа явчихаад гээд муулж, доромжилж байна. Амьдрахын тулд л явж байна шүү дээ, энэ хүмүүс чинь. Өөрсдөө халуун дулаан гэр бүлтэйгээ байгаа бол бусдыг оронд нь тавиад ганц удаа ч болов бодож үзэж болохгүй гэж үү.

-Гэхдээ хилээ нээхээр халдварыг дотооддоо алдах эрсдэл маш их шүү дээ?

-Гадаадаас нийт 10 мянга гаруй иргэн Монгол руу явах хүсэлтэй байгаа мэдээ уншсан. Тэр тооны ихэнх хувийг Солонгост байгаа хүмүүс эзэлж байгаа гэж би бодож байна. Тэгэхээр ядаж Солонгос руу хилээ нээгээд нислэг үйлдэж болно шүү дээ. Солонгосоос очиж байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулж болно, дээр нь энд халдвар бусад улсыг бодвол харьцангуй гайгүй байгаа шүү дээ. Харин ч гайгүй байгаа дээр нь иргэдээ татаж авах нь зүйтэй байх. Яваандаа байдал яаж эргэхийг бид мэдэхгүй ш дээ. Мэдээж очоод тусгаарлалтын дэглэм барьж хууль журмын дагуу л явах хойно.

-Монголд ирэхэд ер нь нэг хүний зардал хэд болохоор байна вэ?

-Онгоцны тасалбар 1.4 сая орчим. Шинжилгээ 380 мянган төгрөг, дээр нь очоод тусгаарлах байрны зардал нэг сая 50 мянга болох юм билээ. Нийтдээ нэг хүнээс 2.8 сая төгрөг гарахаар байсан. Бас л чанга байх шиг байна. Ихэнх нь олон сар хүний нутагт байсан мөнгө төгрөг муутай байгаа. Монгол руу хамаатан садан руугаа зарим нь мөнгө захиж, энэ тэндээс цуглуулж байгаа яриа ч байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.55.191.130)

    2020-05-24

    absan deer ch dee.hurdan abaachee..

  • mnbv (88.116.92.142)

    2020-05-23

    mgl d ochij gai bolohgui baij

  • зочин (66.181.161.101)

    2020-05-23

    Ганц солонгост л хилээ нээнэ гэж юу байсан юм европид ч гэсэн хөгшин намтай хүмүүсээ авах хэрэгтэй ирж чадахгүй л бна шүү дээ